Монголын төр Алтан дорнод Монгол-д 611 саяын өртэй хоцорчээ

Юм гэж сонин. Зуд болдоггүй тосон Заамар хэмээн нутгийхны шүтэн дээдэлж ирсэн Заамарын хөндийг харахад ч нүд хальтрам там болгож хувиргасан оросуудаас Монголын төр татвар авах нь бүү хэл өрөнд орчихоод толгой гудайн зогсох болжээ. УИХ-аас өнгөрсөн онд Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль баталсан. Энэ хуулийг хүмүүс 68 хувийн татварын хууль ч гэж нэрлэдэг. Төрийн эрх барих дээд байгууллагаас баталсан хуулийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр нийтээр дагаж мөрдөх учиртай. Хэдийгээр уул уурхайн компаниуд уг хуульд дурамжхан хандсан ч төрийн хуулийг хүндэтгэж татвараа зохих журмын дагуу төлсөөр байгаа. Гэтэл Алтан дорнод Монгол компанийн том толгойтой дарга нарын өмнө төрийн хууль хүчгүйдсэн гунигт түүхийг энд өгүүлье.

Гэнэтийн ашгийн татварын хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс хойш Алтан дорнод Монгол компани алтны борлуулалтын орлогоосоо 611 сая 927 мянган төгрөгийг татварт төлжээ. Энэ нь 2006 оны аравдугаар сарын 2-ноос мөн сарын 17-ны хооронд төлсөн татвар юм байна. Гэтэл Yндсэн хуулийн цэц мөн оны арванхоёрдугаар сарын 13-нд Зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн зарим заалт Yндсэн хуультай харшилж байна гэсэн дүгнэлт гаргаад орхиж. Yндсэн хуультай харшилсан гэдэг нь Лондонгийн металлын бирж дээр алт арилждаггүйг манай хууль тогтоогчид эндүүрсэн хэрэг л дээ. Энэ алдаагаа ч тэр дор нь залруулсан байдаг. Алтан дорнод Монгол компанийнхан үүгээр шалтаглаж төлсөн татвараа буцааж авахаар Yндэсний татварын ерөнхий газрыг Чингэлтэй дүүргийн шүүхэд өгчээ. Цэц 68 хувийн гэнэтийн ашгийн татварын хуулийг Yндсэн хууль зөрчсөн гэж үзээгүй, зөвхөн алдаагаа залруулахыг УИХ-д үүрэг болгосон юм. Байдал ийм атал Алтан дорнод Монгол- ынхон Заамар нутгийн 100 гаруй гол горхи, булаг шандыг хатаан байж авдар авдраар нь олборлосон арвин их алтныхаа өчүүхэн хувь болох 611 сая төгрөгийн татвараа ямар ч үнээр хамаагүй олж авахаар улайрчээ. Баялгийг нь онгичиж авсан хэрнээ байсхийгээд л татвараас бултах гэдэг нь гэм биш зан. Тус компанийнхан шүүхэд гомдол гаргахдаа алдаатай хууль баталсан УИХ-ыг биш хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн Yндэсний татварын газарт хаягласан нь татвар төлөхөөс зайлсхийдэг зантай нь холбоотой гэлтэй.

Хамгийн сонирхолтой нь гагцхүү үнэний талд зогсох ариун үүрэг хүлээсэн Чингэлтэй дүүргийн шүүгчид гадаадын компанийн эрх ашигт үйлчилж, тэдний талд гар өргөсөнд олон хүн эгдүүцэж байна. Шүүхээс шийдсэнээр бол Монголын төр Алтан дорнод Монгол компанид 611 сая төгрөгийн өртэй юм гэнэ.

Yзэсгэлэнт байгалиа хүн харахын аргагүй болтол сийчүүлж, нутаглах газаргүй болтлоо доромжлуулсныхаа хариуд Монголын төр, татвар төлөгчид Алтан дорнод Монгол-ын ташаандаа буутай явдаг захиралд мөнгө төлөх ёстой юм гэнэ ээ. Гэнэтийн ашгийн татвараас олсон мөнгийг Монгол Улсын хөгжлийн санд төвлөрүүлж, хүүхдийн тэтгэмжийн мөнгө, залуу гэр бүлийн 500 мянга гэх мэт нийгмийн халамжийн арга хэмжээг санхүүжүүлдэг. Хэрэв нэхэмжлэгчийн 611 сая төгрөгийг төлбөл дээрх сангийн мөнгөнөөс хагас тэрбум илүүтэй мөнгө сох дутна гэсэн үг. Тэгээд ч УИХ Гэнэтийн ашгийн татварын хуульд яльгүй засвар хийсэн ч өөрчлөлт оруулснаас өмнө, хойно төлсөн татварыг хэрхэх талаар хуулиар зохицуулаагүй байгаа. Ингэж бодохоор Алтан дорнод Монгол-ын арсалдах гээд байгаа газар нь татварынхан биш УИХ баймаар. Хуучин цагт алдсан хүн арван тамтай байсан бол одоо цагт авсан хүн хорин тамтай болсон бололтой юм. Нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж шүүгчид гадаадын компанийн талд шийдвэр гаргасныхаа төлөө нэхэмжилсэн мөнгөний 10 хувьтай тэнцэх хэмжээний шан авсан тухай мэдээлсэн. Тэд өмнө нь Өгөөмөр тосгоны Засаг даргын Тамгын газрыг шүүх дээр ялаад гарч байсан болохоор дахин урт гар-аа сунгасан байж болзошгүй гэж хүмүүс хардаж байгаа бололтой. Энэ бүхнийг шүүхээс эцэслэн шийдээгүй байгаа ч өнөөдрийн байдлаар Монголын төр 611 сая төгрөгийн өрөнд уначихаад байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button