Ч. Улааны хийсэн гэрээгээр жилд 27 тэрбумыг хятадуудад бэлэглэдэг

Эрс шинэчлэл хөдөлгөөний удирдах зөвлөлөөс Цайрт минерал ХХК-иас Монгол Улсын Засгийн газартай хийсэн Тогтвортой байдлын гэрээг хүчингүй болсон гэж үзэж буйгаа мэдэгдэв. Энэ бүхэн нь УИХ-ын эрхэм гишүүн Ч. Улааны эрх ашгийн төлөө хийгдсэн гэрээ бөгөөд энэхүү гэрээний улмаас Монгол Улс жилд 27 тэрбум төгрөгийг Хятад ах дүү нартаа бэлэглэдэг байна. Уг нь ямарваа нэгэн улсын Засгийн газар гадаадаас зээл авахдаа дотоодынхоо компанийг дэмжих, ард түмнийхээ нийгмийн асуудлыг шийдэх гэж авдаг. Харин тухайн үеийн Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам Хятадын компанийг дэмжих зорилгоор тус улсаас 200 сая юанийн хөнгөлөлттэй зээл авсан гэж үзэхээр байдал өдгөө бий болоод байна.

Энэхүү Хятад улсаас Монголын ард түмэнд хаяглагдан олгосон хөнгөлөлттэй зээлээр ивээн тэтгэсэн Цайрт минерал ХХК-иа Гадаадын хөрөнгө оруулагч хэмээн тодорхойлж тогтвортой байдлын гэрээ байгуулсан нь 15 жил Монгол Улс Төмөртийн овооны Цайрын ордоо Хятад улсад үнэ төлбөргүй ашиглуулна гэсэн үг.

Гэтэл гадаадын хөрөнгө оруулагч хэмээн эрхлүүлсэн Цайрт минерал ХХК нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Тогтвортой байдлын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаагүй бөгөөд энэхүү гэрээг хүчингүй болгох асуудлыг УИХ-ын гишүүн Ч.Улаан хойшлуулсаар ирсэн гэж тус хөдөлгөөнийхөн үзэж буй аж.

Мөн УМБГ-т тус хөдөлгөөний зүгээс УИХ-ын гишүүн Ч.Улаанд дээрх хэргүүдэд нь холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хүсэлт гаргажээ.

Ч.Улаантай холбогдол бүхий материалтай хагас сар гаруй танилцсан УМБГ-ынхан эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй хэмээн Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Гэвч Нийслэлийн прокурорын газраас энэхүү хэрэгт хэт шуурхай хандаж 24 цагийн дотор яаравчлан УИХ-ын гишүүн Ч.Улаанд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ.

Нийслэлийн прокурорын газрын үзэж буйгаар Ч.Улаан нь гадаад улсаас Монголын ард түмэнд өгсөн зээлийг гадаадын компанид бус Өөрийн хятад улсын компанид олгосон нь хууль зөрчөөгүй юм байх.

Мөн Япон улсын Иточу корпорацын өрийг төлөхдөө төлбөрийг нь хуулийн дагуу шийдвэрлэсэн бөгөөд энэ хэрэгт эрүү үүсгэвэл Монгол, Япон улсын харилцаад сэв суух юм байх. Энэхүү хэрэгтэй нь холбогдуулан Ч.Улааныг авлига авсан эсэхийг шалгаж өгөх талаар Авлигатай тэмцэх газарт хүсэлт гаргажээ. Гэвч Авлигатай тэмцэх газар нь авлига авсныг нь бус авах гэж буйг нь шалгадаг юм аа гэж орчуулж болох хариултыг өгсөн талаар ч яригдаж байв. Yүнээс гадна Цайрт минерал ХХК нь гэрээнд хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, тогтвортой байдлын гэрээгээ сахин хамгаалж ирсэн гэнэ. Харин Эрс шинэчлэл хөдөлгөөнөөс мэдэгдэж буйгаар Энэ хавар УИХ-ын гишүүн Ч.Улаан Сүхбаатар аймагт буюу Цайрт минерал ХХК-д ажиллаж санхүүгийн болон тогтвортой байдлын гэрээний талаархи бүхий л бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн аж. Yүгээр зогсохгүй. Сангийн яамнаас томилогдсон ажлын хэсэг нь хятад ажилчид нь ажлын хувцсаа алдаг оног өмсдөг байсан гэсэн дүгнэлт гаргасан тухай ч ярилцаж байлаа.

Тус хөдөлгөөнийхөн Ч.Улаантай холбогдол бүхий хэргийн талаар бүх шатны прокурор, шүүхэд хандах бөгөөд Ч.Улаанд ял өгөх бус харин Монгол Улсад учруулсан хохиролтой гэрээ, зээлийг нь хүчингүй болгохыг шаардаж буй аж.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан Зууны мэдээ сонины сэтгүүлчийг шүүхэд өгсөн нь өөрийн булхайтай үйл ажиллагааг сөхсөн сэтгүүлчдийг дарамтлах гэсэн оролдлого гэж үзэж буйгаа ч тус хөдөлгөөнийхөн илэрхийлсэн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button