И Гүй Сон Бид ашгийн бус болохоор татвар төлдөггүй

Ингээд хэлний шалгалтад тэнцсэн хүмүүс эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэнээр тус улсын Хөдөлмөрийн бирж дээр нэрээ байршуулан ажил эрхлэх эрхтэй болж байгаа юм. Нэлээд хэл ам дагуулан байж бүртгүүлсэн иргэд удахгүй хэлний шалгалтаа өгөх гэж байна. Энэ удаагийн хэлний шалгалтыг ямар чиглэлээр авах. Монгол Улсын НХХЯ-ны оролцоо байх эсэх талаар БНСУ-ын Хөдөлмөрийн яалны Хүний нөөцийн газрын суурин төлөөлөгч И Гүй Сонтой уулзаж ярилцлаа.
–Саяхан болж өнгөрсөн бүртгэлийн ажил нэлээд хэл ам дагуулж байна. Одоо шалгалт нь бас дахин будлиан тарихгүй гэж найдаж болох уу?
-Хэлний шалгалт зургадугаар сарын 3-нд үдээс өмнө, үдээс хойш гэсэн хоёр ээлжээр явна. Бүртгэл дууссаны дараа бид шалгалтын бэлтгэл ажилдаа орж өнөөдрийн байдлаар хуваариа гаргаад байна. Зургадугаар сарын 3-ны өдөр найман сургууль дээр шалгалт нэг цаг хугацаанд эхэлнэ. Шалгалт өгөхөөр ирж байгаа хүмүүс цагаа сайтар барих хэрэгтэй.
–Төв цэнгэлдэх хүрээлэнд явуулсан бүртгэлийн ажилд НХХЯ, Гадаадад ажиллах хүч илгээх төвийнхөн оролцоогүй. Яагаад ингэсэн юм бэ?
-Зайлшгүй ингэж бүртгэх шалтгаан байна. Өнгөрсөн жил явагдсан бүртгэлийн үеэр Зуучлах товчоо-ноос хууль бус үйлдэл гаргаж гэрээгээ зөрчсөн. Манай улсаас өгсөн квотоос 4000 хүнийг илүү бүртгэсэн. Тэгээд шалгалтын материалыг хууль бусаар бүртгэсэн хүмүүстээ хүргэхээр хувилж олшруулсан байсан. Тиймээс дахин ийм явдал гаргуулахгүйн тулд өөрсдөө бүртгэлийг явуулсан юм. Гэхдээ бид бүртгэл хийж байгаа хүмүүсдээ аль болох найрсаг харьцахыг анхааруулж ажилласан.
–Бүртгэлийн үеэр зөвхөн бүртгүүлэх гэж ирж байгаа бус хэвлэл мэдээллийнхэнд ч дээрэнгүй хандаж байсан шүү дээ?
-Бид дээрэнгүй хандаагүй аль болохооор найрсаг байхыг хичээсэн. Бид Монголын ард түмний тэсвэр, тэвчээр, цөхрөлтэй хамт байсан. Бүртгүүлэхээр ирсэн хүмүүстэй хамт тэнд хонож ажилласан.
–Шалгалт авахад Монголын талаас оролцоо байх уу. Эсвэл дахиад л дангаараа ажиллах уу?
-Шалгалтын танхимд Монголын их дээд сургуулийн багш нар хяналт тавина. Шалгалт өгөөд тэнцсэн хүмүүсийн нэрсийг НХХЯ болон дүүргүүдийн Нийгмийн халамжийн тавийн гаднах самбар дээр байршуулна. Тэндээс хүмүүс тэнцсэн эсэхээ мэдэж болно. Шалгалтын дүнг зургадугаар сарын 25-нд зарлана.
–Шалгалтын хуваарийг харахад 14905 хүн шалгалт өгөхөөр болж байна. Уг нь 15 мянган хүн бүртгэх байсан биш билүү?
-БНСУ-аас яг 15 мянган бүртгэлийн хуудас ирсэн. Харин нас хэтэрсэн, бичиг баримтын зөрчилтэй гэсэн шалтгаанаар 95 хүн хасагдсан. Тиймээс хэлний шалгалтад 14905 хүн орох болж байгаа.
–Шалгалтын тестийг ямар маягаар боловсруулсан бол. Өмнөх шалгалтын материалуудтай харьцуулахад хүнд байх болов уу?
-Тийм хүнд тест ирэхгүй байх. Ер нь анхан шатны мэдлэг боллох болж байгаа. Мөн шалгалтад тэнцэх босго оноог 30-аар тогтоосон. Хөдөө аж ахуй, мал аж ахуй дээр ажиллах хүмүүсийг бага оноо болох 30 онооноос авна.
–Шалгалтын дүнг яагаад ийм олон хоногийн дараа зарлаж байгаа юм бэ?
-Шалгалтын материалыг зургадугаар сарын 4-нд БНСУ руу явуулна. Энэ материалыг хүн шалгаж засахгүй. Тусгай код танигчаар компьютерээр засна.
–Бүртгэл, шалгалтад Гадаадад ажиллах хүч илгээх төвийг яагаад оролцуулахгүй байгаа юм бэ?
-Хоёр улсын хөдөлмөрийн яамны зөвшилцлийн эцсийн хариу хараахан гараагүй байна. Одоо болж байгаа албан ёсны айлчлалын үеэр энэ гэрээ бүрэн хүчин төгөлдөр болно. Тэгэхлээр нь бид одоо солонгосын Хөдөлмөрийн бирж дээр байгаа иргэд болон хэлний шалгалт, эрүүл мэндийн үзлэгт ороод тэнцэж бирж дээр нэр нь очиж буй хүмүүсийн нэрсийг энэ газрын толгой компьютерт суулгаж өгнө. Тэр цагаас Гадаадад ажиллах хүч илгээх төвийн ажиллагаа хэвийн явж эхэлнэ.
–Бүртгэл явуулахдаа 15 мянган хүн тус бүрээс 30 ам доллар авсан. Ингэсэн атлаа яагаад татвар төлөхгүй байгаа юм бэ. Та бүхэн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа биз дээ?
-Манай байгууллага өөрийн орондоо ажиллах хүч авч байгаа ч гэлээ бусад орны иргэдэд боломж олгож байгаа. Тиймдээ манайх ашгийн бус байгууллага. Тэгэхлээр бид бусад оронд ч татвар төлдөггүй. Шалгалтын хураамж болох 30 доллар чинь тийм их мөнгө биш шүү дээ. Энэ мөнгө чинь зөвхөн шалгалтын зардалд л таардаг. Ажиллах хүчээр ирэх гэж байгаа иргэдээс авах шалгалтын материалыг зохиоход 85 хүн ажилласан. Бас шалгалт авах байр түрээслэх, хянагч нар ажиллуулах гээд их зардал гардаг.
–Татварын газраас танай байгууллагад хандаж албан бичиг илгээсэн гэж байсан. Ямар хариу өгөх гэж байна?
-Тийм бичиг ирсэн. Бид ч албан хариугаа бэлдэж байгаа. Шалгалт дууссаны дараа энэ мөнгийг юунд зарцуулснаа тайлагнах болно.
KLPT хэлний шалгалт авах газрын хуваарь
БНСУ-д хөдөлмөрлөх эрхлэхээр бүртгүүлсэн иргэд зургадугаар сарын 3-нд KLPT хэлний шалгалт өгнө.
Шалгалт авах газар Шалгалтанд орох дугаар
Хүмүүнлэгийн их сургууль үдээс өмнө 1511230001-1511230660 үдээс хойно 1513230001-1513230660
МУИС-2 үдээс өмнө 1511230661-1511231440 үдээс хойно 1513230661-1513231440
МУБИС үдээс өмнө 1511231441-1511232340 үдээс хойно 1513231441-1513232340
ШУТИС үдээс өмнө 1511232341-1511233900 үдээс хойно 1513232341-1513233900
84-р дунд сургууль үдээс өмнө 1511233901-1511234760 үдээс хойно 1513233901-1513234760
Эрэл дунд сургууль үдээс өмнө 1511234761-1511235360 үдээс хойно 1513234761-1513235360
2-р дунд сургууль үдээс өмнө 1511235361-1511236100 үдээс хойно 1513235361-1513236100
Улаанбаатар дээд сургууль үдээс өмнө 1511236101-1511237500 үдээс хойно 1513236101-1513237500
Өнөөдрийн Монгол
Ц.Будал