Дуурь балет хоёрыг хоршуулсан нь үнэхээр сүртэй

Тийм болоод ч тэр үү манайд буудаллаад арваад хонож буй Буриадын эрдмийн театрынхан энэ сарын 26-наас эхлэн сонгодгийн сор болсон бүтээлүүдээрээ манай үзэгчдийг дайлж буй. Тоглолт эхэлсэн өдрөөс л Дуурь бүжгийн эрдмийн театрын үзвэрийн танхим сул суудалгүй байгаа.
Хэзээ ч үзээд уйдахааргүй Хунт нуур, Ромео Жульета, Хаан вальс-аар манай сонгодог урлагийн шүтэн бишрэгчдэд оюуны таашаал өгч буй Буриадын театрын бүжгэн жүжгийн сүүлчийн тоглолт уржигдар Франческа да римини, Кармина бурана-гаар өндөрлөсөн.
Тас хар тайзыг час улаан сар гэрэлтүүлжээ.
Yзэгчид амьсгаа даран тоглолт эхлэхийг хүлээнэ. Хэдий Франческа да римини П.Чайковскийн хөгжим ч гэлээ түүнийх гэх өнгө аяс, үнэр бараг байдаггүй гэх уг бүжгэн жүжгийн огцом ширүүн хэмнэл, дайчин өнгө аяс минут тутамд үзэгчдийг эзэмдэнэ. Yхээрийн газарт өөр өөрийн гунигт түүхийг агуулах сүнснүүд гуниглан эргэлдэнэ.
Тэдэн дундаас Жотто гэх нэгэн сүнс бусдаас илүү гунигтай. Гэтэл тамд унасан хэрнээ бусдаасаа илүү аз жаргалтай хоёр сүнс мөн байх юм. Тэднээс Данте гэх нэгэн сүнс яагаад тамд унасныг нь асуухад Жотто гунигт түүхээ ийн дурсана. Тэрээр хүний ертөнцөд байхдаа хэдий сурвалжит гаралтай ч намхан, бөгтгөр, царай муутай нэгэн байжээ. Жотто доороо нэг дүүтэй. Хуулиар бол ах нь эхлээд эхнэр авах ёстой.
Гэтэл түүний дүү нь Франческа хэмээх нэгэн үзэсгэлэнт бүсгүйд сэтгэл алдран ахаасаа урьтаж түүнтэй гэрлэх болдог. Хэн ч тоохооргүй царай муутай, бас муу санаатай ах нь үүнд нь хорсон эхнэрийг нь өөрийн болгохыг хичээнэ. Гэвч түүний оролдлого хайр сэтгэлт хосыг үл салгах учир үүнд нь хорссон Жотто сэтгэлт хосыг хөнөөнө.
Муу үйл бүхний уршиг хэд дахин нэмэгдэн өнөөх хүндээ буцаж ирдэг болохоор Жотто болон түүний гэр бүл болох Франческа Паоло хоёр ч мөн хараагдан тамд унадаг тухай гунигт түүхээ өгүүлнэ.
Манайд 1960-аад оны дундуур бүжиг дэглээч Б.Жамъяндагва гуайн дэглэлтээр анх удаа тавьж байсан энэхүү бүжгэн жүжгийг өнөөдрийг хүртэл дахин тоглож байгаагүй юм билээ.
Yзэгчдийн алга нижгэнэсэн ташилтаар танхимыг доргиож байсан Франческа да римини ийн өндөрлөсөн юм. Завсарлагын үеэр манай сонгодгийн ахмад үеийнхэн хүндэтгэлийн хувцастай хөрш андынхаа бүтээлийг сонирхохоор ирсэн байсан.
Төд удалгүй хоёрдугаар үзэгдэл эхлэв.
Тайз засал бараг тэр хэвээрээ ч бүжгэн жүжгийн хувьд өөр байлаа. Кармина Бурана нэртэй энэхүү бүжгэн жүжиг өмнөхтэйгээ адил дайчин, хэрнээ илүү золбоолог бас цоглог.
Ялангуяа бүжгэн жүжгийн эхлэл нь хүмүүст маш их эрч хүч өгөхүйц. Энэ хөгжмийг А.Гитлер сонсох дуртай байсан гэдэг юм билээ. Зохиомж нь ч зөвхөн нэг сэдвийг хөндөөгүй хүн төрөлхтний амьдрал дахь хэт хавтгайрсан зугаа цэнгэл, атаа хорсол, хүсэл, шунал, тачаал, нинжин сэтгэл гээд сайн ба муу бүхнийг бүжгийн хэлээр өгүүлнэ. Ялангуяа гол дүрийн улаан даашинзтай бүсгүйн эрс шийдмэг, хурц хэрнээ огцом хөдөлгөөнүүд үзэгчдийг огт уйдаахааргүй юм билээ.
Гэхдээ зөвхөн бүжгийн хэмнэл ч бус тайзан дээр бүжигчдийн ард дуулах найрал дуучид бүр ч сүртэй. Ямартаа үзвэр дууссаны дараа мэргэжлийн хүмүүс дуурь, балет хоёрыг тайзан дээр зэрэг тавина гэдэг нүсэр ажиллагаа, маш сайн зохион байгуулалттайн шинж.
Манайхан ингэж тавина гэвэл тийм ч амар бүтэхгүй байх гэлцэнэ билээ. Ямартаа ч дөрвөн өдрийн турш Монголын үзэгчдийг бүжгэн жүжгээрээ байлдан дагуулсан Буриадын театр өчигдрөөс манай үзэгчдийг үргэлжлүүлэн дуурийн урлагаараа уургалах нь гарцаагүй биз ээ.
