Д.СОДНОМ Төр Оюутолгойд хаясан мөнгөө 1-3 жилд нөхөх бололцоотой

Хэлэлцүүлгийн салхийг Ерөнхий сайд асан Д.Содном Ашигт малтмалын ордыг үр ашигтай ашиглах асуудалд сэдвээр хагалсан юм. Илтгэлийн эхэнд Д.Содном ашигт малтмалд түшиглэсэн эдийн засагтай улс орон ирээдүйгүй гэж ярих хүн байдаг ч бид XXI зууны эхэн үед түүнийгээ ашиглахаас өөр нөөц боломж харагдахгүй байна гээд Оюутолгойн судалгаанд түшиглэсэн тооцоогоо танилцуулсан юм.Тэрээр Yндэсний аюулгүй байдал, улс орны хөгжилд шийдвэрлэх нөлөөтэй үйл ажиллагааг стратегийн ач холбогдолтой гэж тодорхойлдог байвал, зөвхөн ашигт малтмалын ордын хүрээнд биш өргөн хүрээнд авч үзвэл зөв болно гэж үзэж байна.
Стратегийн ач холбогдолтой гэж үзсэн ашигт малтмалын ордыг ашиглахад төрийн оролцоо заавал байх, оролцооныхоо хувиар хөрөнгө оруулалтын зардлыг хариуцаж байхаар Ашигт малтмалын тухай хуульд заасан бөгөөд оролцооны хэмжээг хайгуулын ажлыг төр хийсэн бол 50 хүртэл, хийгээгүй бол 34 хүртэл хувь байхыг хуульчилсан. Ордын ашиглалтаас олж болох татварын дараах чөлөөт ашгийн хуваарилалтад Монголын тал ахиу хэмжээгээр оролцож байх зорилгоор төрийн оролцооны дээрх хэмжээг тогтоосныг зөв гэж сайшааж байлаа. Түүний тооцоогоор Оюутолгойн ордын ашиглалтад төрийн оролцоо 34 хувь, Тавантолгойн ордын ашиглалтад төрийн оролцоо 49 хувь байх нөхцөлд эдгээр ордын ашиглалтаас гарч болох ашиг хуримтлалын 54-70 орчим хувь нь Монголын төрд оногдон хуваарилагдах боломжийг бүрдүүлж болохоор байна. Одоогийн үнийн түвшинд дээрх харьцаагаар ашиг хуваарилагдаж байвал төрөөс эдгээр ордод оруулсан хөрөнгө оруулалтын зардлыг 1-3 жилд нөхөх, харин ордод 51-66 хувийн хөрөнгө оруулсан хувийн компаниуд хөрөнгө оруулалтын зардлаа өөрт оногдох чөлөөт ашгаар 2,5-5 жилийн хугацаанд нөхөж болох юм байна.
Ордын ашиглалтад төрөөс хөрөнгө оруулж оролцох хувийг хуулиар нэгэнт 34, 50 хүртэл хувь гэж тогтоосныг нэмэгдүүлэх хэрэггүй юм. Энэ бол хувийн компанид 51-66 хувийн оролцоо өгч, менежментийг хариуцуулах нь зүйтэй гэсэн санаа. Монголын төр хөрөнгө оруулалтад дээд тал нь 34, 49 хувиар оролцоно гэдэг бол орд эзэмшихтэй холбогдсон эрсдлийн ихээхэн хэсгийг өөртөө хүлээж байгаа хэрэг нь.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлэх гэдэгтэй санал нэг байсан юм. орлого ашгаас Монголд үлдээх хэмжээг найдвартай нэмэгдүүлэх бөгөөд ордын олборлолтод төрийн оролцоог илүү байлгах эрсдэл ихтэй алхмаас ухрапт хийх бололцоо өгнө гэж тэр үзэж байна. Ашигт малтмалын тухай хуульд Дотоодод борлуулж байгаа нүүрс болон түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр түүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү байх-аар заасныг 5 хувьтай тэнцүү байх гэж өөрчлөх,
Дээр зааснаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5 хувьтай тэнцүү байна гэснийг 7-7,5 хувьтай тэнцүү байна гэж өөрчлөхөд их эсэргүүцэлтэй тулахгүй бөгөөд ингэж өөрчилсөн нөхцөлд бусад улсад байдаг татварын дундажаас их гарахгүй юм байна.
Унци алтны суурь үнийг 500 ам доллар, тонн зэсийн суурь үнийг 2600 ам доллараар тогтоон түүнээс давсан үнийн дүнгээс 68 хувийн татвар оногдуулдаг болсныг өөрчлөхгүй дагаж мөрдөхийг тэр дэмжиж байлаа. Мөн Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийг 2006 оны зургадугаар сард өөрчилж, гадаадын хөрөнгө оруулагчдад олон жилээр татвар төлөхгүй байх буюу их хэмжээний хөнгөлөлт авч байсныг хүчингүй болгосныг сайшаасан юм.
Ашигт малтмалыг түүхий эд хэлбэрээр экспортлохыг аль болохоор хязгаарлаж зэс олборлох гурван үйлдвэртэй болох ирээдүй байна. Эрдэнэт, Оюутолгой, Цагаансуваргын зэсийн ордыг ашиглах уулын баяжуулах үйлдвэрүүдээс жилд 500-600 орчим мянган тонн цэвэр зэс агуулсан баяжмал үйлдвэрлэгдэх бөгөөд тэдгээрийг тал талаас тээвэрлэн хүргэх төмөр замын тээврийг бий болгох замаар Чойр орчимд зэс хайлуулах үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй, тэр нь үндэсний хөгжлийн хөтөлбөрт цогцоор тусч хэрэгжих ёстой. Түүний хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн, П.Жасрай нар болон УИХ-ын гишүүд, уул уурхайн салбарт ажиллаж байгаа эрдэмтэн мэргэд, компанийн захирал, судлаачид оролцсон нь хэлэлцүүлгийг сонирхолтой болгож байлаа. Тэд Д.Содномоос сонирхсон асуултдаа хариулт авч, өөрсдийн санал бодлоо уралдуулсан юм. Түүнтэй санал нэгтэй нэг хэсэг байхад эсрэг тэсрэг байр суурьтай нэгэн ч байлаа.
Дараагийн удаа Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн Монгол Улсын төрийн тогтолцооны одоогийн байдал, түүнийг хөгжүүлэх гол чиглэлүүд сэдвээр хэлэлцүүлгийг явуулна.
