Ц.АЛТАНЦЭЦЭГ Хүүгээ зүгээр харж суугаад үхүүлмээргүй байна

Уг нь би эх орондоо эрүүл саруул хүүгээ өгсөн юм. Гэтэл одоо тэр маань харах нүд, сонсох чих, ярих хэлгүй болж байна. Бас хүүг маань хүлээж авах эмнэлэг ч алга. Арай ядаж олсон мөнгөөрөө хувийн эмнэлэгт эмчлүүлье гэхээр тэд хүртэл хүлээж авдаггүй. Их хүнд өвчтэй болохоор нь үхчихнэ гэж айдаг бололтой.Нулимсаа барьж чадалгүй ийн ярих бүсгүйг Ц.Алтанцэцэг гэдэг. Цэргийн алба хаахаар ээждээ үнсүүлээд явсан, газар дээрх ганц хүү нь ердөө 24 цагийн дараа эрэмдэг болтлоо зодуулчихсан эргээд ирнэ гэж хэн санах билээ. Одоо тэрээр, эхийнхээ хамт 22-хон настай, зэрэмдэг болсон хүүгээ асрах, бас хүүг нь ийм болтол зодсон гэмт хэрэгтэнд ямар ч хариуцлага хүлээлгэхгүй байгаа хуулийн байгууллагуудыг дамжин, хэргийг шийдэж өгөхийг хүссэн өргөдөл барьж явдаг ажилтай болжээ. Хууль зөвхөн мөнгөтэй, танил талтайд нь үйлчилдэг юм гэж боддог болж байгаагаа нуусангүй. Ц.Алтанцэцэгтэй цөөн хором ярилцлаа.
-Хэрэг явдал хэзээ, хэрхэн эхэлсэн юм бэ?
-2003 оны арваннэгдүгээр сарын 2-нд Сүхбаатар дүүргийн Цэрэг, иргэний хамгаалалтаас миний хүүг Төв аймгийн Сэргэлэнт сумын 016 дугаар анги руу цэргийн алба хаалгахаар авч явсан юм. Гэтэл ердөө маргааш нь хүү маань Зодуулчихлаа гэсээр буцаж ирсэн.
-Хэнд зодуулсан гэж?
-Миний хүү арваннэгдүгээр сарын 3-ны өглөө 10.00 цагт тус цэргийн ангид очсон юм билээ. Гэтэл бага дарга Б.Бат-Оргил гурван халагдах цэргийн хамт миний хүүг Бие засуулъя гэж авч гарсан байгаа юм. Тэгээд хүүд минь байсан 7500 төгрөг болон өмдний тэлээг нь аваад, Дахиад 10 мянган төгрөг өг гэж. Өөр мөнгө байхгүй гэхэд нь зодсон гэсэн. Тэлээнийх нь төмөр арлаар толгой руу нь цохиод, дөрвөн талаас нь дэвсчихсэн гэсэн. Тэгээд хүү маань ухаан алдаж, нэг сэрэхэд Цэргийн ангийн эмнэлэгт хэвтэж байсан гэсэн. Сэрснийх нь дараа, оройн 18.00 цагт анх цэрэгт явахад хариуцан авч явсан, Зэвсэгт хүчний жанжин штабын хурандаа Лхагвасүрэн миний хүүг Гэртээ харь гээд явуулсан юм билээ. Автобусны буудал ч үгүй газар буулгаад орхиход нь миний хүү арай гэж гэрээ олж ирсэн байсан.
-Одоо хүүгийн чинь бие ямар байдалтай байгаа вэ?
-Нүдний холын хараа гэж байхгүй болсон. Ойрын хараа, сонсгол их муутай. Сүүлийн үед хэл нь татчих гээд байх болсон. Бас харвалт өгснөөс болоод биеийнх баруун хэсэг мэдээгүй, тархиндаа хавдартай, унаж тусдаг өвчтэй болсон доо.
-Хүүг чинь зодсон Б.Бат-Оргилд яагаад ямар ч хариуцлага хүлээлгэдэггүй юм бэ. Энэ хэрэгт эрүү үүсгээгүй юм уу?
-Таван ч удаа эрүүгийн хэрэг үүсгэсэн ч бүгдийг хэрэгсэхгүй болгочихсон шүү дээ. Хамгийн анх би хүүгийнхээ хэргийг шийдүүлэхээр хөөцөлдөж байхад цэргийн хэрэг бүртгэлийн байцаагч Ганбаатар миний хүүг Цэрэгт зодуулсан гэж битгий хэлээрэй. Ханиад хүрсэн гэж хэл гэхэд нь би уурлаж, Та юу яриад байгаа юм. Yнэнээр нь хэлнэ гэсэн юм. Гэтэл тэрээр уурлаж, Цэргийн нэр хүнд бодсонгүй хэмээн намайг шат руу түлхчихсэн. Тэрээр хүүг маань Хувийн эмнэлэгт үзүүлье гэсээр байгаад, Улсын клиникийн нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт байрладаг нэгэн хувийн эмнэлгээр дүгнэлт гаргуулсан юм. Энэ дүгнэлтээр хүү маань хөнгөн гэмтэлтэй гэж гараад, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Энэ мэтээр би нийтдээ таван удаа гомдол гаргаж хэргийг сэргээлгэсэн ч бүгдийг нь хэрэгсэхгүй болгож, хаалаа. Хамгийн сүүлд, энэ сарын 22-нд бас л хэрэгсэхгүй болгочихлоо. Бүр шүүх эмнэлгийн дүгнэлт нь хүнд гэмтэлтэй гэж гарчихаад байхад хэрэгсэхгүй болгочихож байгаа юм. Би хүүдээ таван ч удаа шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулсны эцэст үнэн зөвөөр нь гаргаж байна шүү дээ.
-Нэгэнт шүүх эмнэлгийн дүгнэлт ингэж гарчихаад байхад хэргийг чухам ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгоод байна вэ?
-Ерөөсөө тийм зодоон гараагүй гэдэг. Бас миний хүүг угийн унаж, тусдаг өвчтэй байсан гэдэг юм. Хэрвээ унаж,тусдаг байсан бол миний хүү цэрэгт тэнцэхгүй байсан нь ойлгомжтой шүү дээ. Хүчний байгууллагын нэр хүндийг цэвэрхэн авч үлдэхийн тулд хохирсныг нь золиослож байгаа нь тодорхой байгаа биз дээ. Yүнийг нь хэлэхээр тэд намайг элий балай, солиотойгоор нь дууддаг. Бас Б.Бат-Оргилыг Хөөрхий тэр чинь их ядарсан залуу юм байна лээ. Эхнэр хүүхэдтэйгээ их ядуу амьдардаг юм билээ гэдэг. Б.Бат-Оргил урьд нь армид очихоосоо өмнө Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст ажилладаг байсан юм билээ.
-Б.Бат-Оргил одоо хаана, юу хийдэг юм бэ? Хэрэг гарснаас хойш тэр хүүтэй чинь уулзсан уу?
-Уулзсаан. Өнгөрсөн арваннэгдүгээр сард, нэг өглөө ээж бид хоёр өмгөөлөгчтэйгөө уулзахаар гадагшаа гарсан юм. Тэгэхэд хүү маань гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд бие засахаар гадагшаа гартал Б.Бат-Оргил хоёр залуутай хамт ирчихсэн, хашааны хаалга цохиод зогсч байсан гэсэн. Тэгээд Хоёулаа тохиролцъё. Би чамд мөнгө өгнө гээд, дээр нь бичсэн зүйлийг нь халхалсан цаасан дээр гарын үсэг зуруулах гэхэд миний хүү зөвшөөрөөгүй гэсэн. Тэр манай гэрийг яаж олсныг би ерөөсөө мэддэггүй. Хүү дээр минь ирэхдээ дугааргүй машин унасан байсан гэж байгаа. Б.Бат-Оргил заримдаа надруу утасдаж Чамайг юу олж долоохийг чинь харна аа гэх зэргээр басамжилж, бас дарамталдаг. Одоо ч гэсэн хүү бид хоёр айдас дунд амьдарч байна.
-Хүүгийн чинь бие өмнөхөөсөө илүү муудаж байгаа гэж сонссон. Аль эмнэлэгт эмчлүүлж байгаа вэ?
-Yнэнийг хэлэхэд хүү маань өдийг хүртэл эмчилгээгүй явж байгаа. Улсынх нь байтугай хувийн эмнэлэгт мөнгийг нь төлөөд эмчлүүлье гэхэд хүлээж авдаггүй юм. Ийм хүнд өвчтэй болохоор хүүг маань үхнэ гэж айдаг юм шиг байгаа юм. Улсын эмнэлгүүд нь болохоор Хүү чинь цэрэгт ийм болсон болохоор тэд хариуцаж, эмчлэх ёстой. Эмчилгээний зардлыг ч тэд төлөх ёстой гэдэг. Ингэхийн тулд шүүхийн шийдвэр гарсан байх ёстой. Гэтэл ингээд хэрэгсэхгүй болгочихоод байна шүү дээ.
-Хэрвээ шүүхийн шийдвэр үнэн зөв гарчихвал хүүгээ эмчлүүлж болох нь ээ?
-Хүүг маань үзсэн эмч ойрын хараагүй болоход ойрхон байна гэсэн. Бас гэмтлээс үүссэн эмгэгүүдийг Монголд эмчлэх боломжгүй гэж байгаа. Ер нь бол өвчин нь эдгэхгүй гэсэн үг. Гэхдээ би хүүгээ зүгээр харж байгаад үхүүлмээргүй байна. Ядаж эмнэлгийн бараа харуулчих юмсан гэсэндээ өдийг хүртэл ядууст үйлчилдэггүй хуулийн байгууллагын үүдийг сахиж сууна.
