Борнуурт циант натри хэрэглэж байгаль орчныг ноцтой бохирдуулжээ

Төв аймгийн Борнуур сумын төвийн хойд хэсгийн оршуулгын газрын ойролцоо циант натригаар алт угаах зөвшөөрлийг Засаг дарга нь олгож байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учруулсан төдийгүй хажуугаар нь явахад хүн амьсгалахын аргагүй хүнд байдалтай болжээ. Нутгийн иргэдийн мэдээлж буйгаар энэ газарт хоёр ч үхэр үхсэн аж. Харин үүнийг орон нутгийн удирдлагууд нь нуун дарагдуулсан гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өмнө нь оросууд ашиглаж байсан Сужигтын уурхайгаас авсан алтны шороог хятад болон монгол иргэд энэ газарт авчран циант натригаар угаажээ. Циант натри ашиглан алт угааж байсан монгол иргэдийг сумын цагдаагийнхан барьсан ч хэсэг хугацааны дараа сулласан гэнэ. Харин хятадуудад ямар нэгэн арга хэмжээ огтхон ч аваагүй аж. Орон нутгийн иргэд нь байгаль орчноо хамгаалахаар циант натригаар алт угааж байсан хятадуудыг энэ үйлдлээ зогсоохыг шаардахад Том даргад чинь мөнгө өгч зөвшөөрөл авсан гэсээр өнгөрсөн намрыг хүртэл циант натригаар алт угаасаар байсан гэнэ. Зарим иргэдийн мэдээлснээр бол Борнуур сумын Засаг дарга н.Энхбат нь хятадуудад зөвшөөрөл олгосныхоо хөлсөнд зургаан сая төгрөг авсан гэнэ.
Орон нутгаа хамгаалахын оронд хор хөнөөл учруулах үйл ажиллагаанд зөвшөөрөл өгсөн Засаг даргаа огцруулах саналыг гаргаж сумын ИТХ-д тавьжээ. Гэвч уржигдар болсон иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Засаг дарга нь ахиж алдаатай гаргахгүй гэж ам өчиг өгч байгаад арай гэж суудалдаа үлдсэн гэнэ.
Хачирхалтай нь хариуцлага алдаж, бодлогогүй алхам хийсэн Засаг дарга ИТХ нь огцруулалгүй үлдээж, өмнө нь хятадуудаас хурааж авсан циант натри хэн нь әвсан нь мэдэгдэхгүй ор сураггүй алга болжээ. Харин өчигдөр энэ байдлыг шалгахаар таван ч газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг очсон гэнэ.
Үйлдвэр худалдааны яам, Улсын мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Геологийн төв лаборатори зэрэг таван газрын оролцоотой ажлын хэсэг дан ганц Борнуур гэлтгүй алт олборлож буй бүхий л газраар явж циант натри, амунит, мөнгөн ус зэргийг хэрхэн хэрэглэж байгааг шалгаж тогтоосон тоо хэмжээнээс хэтрүүлэн ашиглаж байсан тохиолдолд зөвшөөрлийг нь цуцлах гэнэ.
Харин циант натри ашиглах зөвшөөрөл олгосон Засаг даргад хариуцлага тооцох ёстой хүмүүс нь суудалд нь эргүүлэн үлдээсэн нь нутгийн иргэдийн бухимдлыг багагүй хүргэжээ. Сум орон нутгийнхаа байгалийг нүдэн дээр нь сүйдэж байхыг харсан иргэд хэнд хандәхаа ч мэдэхээ болжээ.
(Ардын эрх 108/640)
л.төгс