Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив

Монгол Улсын Засгийн газар, Италийн Засгийн газар хооронд харилцан тохиролцсон Эх нялхсын эрүүл мэндийг сайжруулах төсөл-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөх, Байнгын хороод дэмжсэн тохиолдолд уг хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайд Н.Баяртсайханд олгох Ерөнхий сайдын захирамж гаргах нь зүйтэй гэж хуралдаанаар үзэв.
Энэхүү төсөл Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн тоног төхөөрөмжийг сайжруулахад зориулагдах бөгөөд энэ талаар 2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийг Итали улсад айлчлах үеэр тохиролцсон байна. Зээлийн нийт дүн 5.6 сая евро, хүүгүй, зээлийг эргэн төлөх хугацаа 39 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 24 жил аж.
Товчхон
Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Испанийн вант улсын Засгийн газар хоорондын 2007-2009 онд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах анхдугаар Хөтөлбөрийн төслийг хэлэлцээд зүйтэй гэж үзэж, Хөтөлбөрт гарын үсэг зурах бүрэн эрхийг БСШУ-ны дэд сайд С.Төмөр-Очирт олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.
Гар аргаар алт олборлох үйл явцад хууль зөрчин химийн хорт бодис хэрэглэж байгаа байдалд шалгалт хийж буй ажлын явц, Төв аймгийн Борнуур суманд Ананд интернэшнл ХХК зөвшөөрөлгүй алт олборлож, нөхөн сэргээлт хийлгүйгээр байгаль орчин бохирдуулж байгаа нөхцөл байдлын талаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаярын мэдээллийг сонсов.
2007-2008 оны Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт Засгийн газраас баримтлах чиглэлийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжив.
/Оллоо.МН/