Асашёорюү Аваргадаа бөмбөгөө дамжуулаач ээ
Тэрбээр өчигдөр Монголын хөлбөмбөгийн ордонд зочилж, өсвөрийн тамирчидтай нөхөрсөг тоглолт хийв. Италийн Перүжи, Флорентина, Парма багт тоглож, Парма-гийн ахлагч явсан Х.Наката өдгөө Английн Болтон багт хүчин зүтгэж байгаа юм.
Манай тивийн алдарт хөлбөмбөгчин Х.Наката, Монголын хөвгүүдийн нөхөрсөг тоглолтыг үзэж, сонирхох хөгжөөн дэмжигчид хөлбөмбөгийн талбайд хэдийнэ суудлаа эзэлжээ. Фанатуудын олонх нь япон иргэд байв. Бүр нялх үрээ тэвэрсэн ээж ч хэд хэд харагдсан. Х.Накатаг бүчих хөгжөөн дэмжигчид байсан ч энэ удаагийн нөхөрсөг тоглолтын гол баатар их аварга Асашёорюү Д.Дагвадорж байсан гэж хэлж болно.
9 хувийн дугаартайгаар талбайд гарах аварга Асашёорюү Английн хөлбөмбөгчин В.Ронейгийн нэр бүхий улаан подволк өмсчээ. Тоглолт ч эхлэв. 15 хүртэлх насны шигшээ багийн тамирчид ийн хоёр баг болж, арлын төдийгүй спортын ертөнцийн одод-оор ахлуулан өрсөлдсөн юм. Асашёорюү, Наката нар нэг багт зүтгэснийг нэмж хэлье.
Аваргаас бөмбөгөө харамлалаа гэж бяцхан тамирчдыг зэмлэх хөгжөөн дэмжигчидтэй ёкозүна Асашёорюү дохёиригээр мэндчилнэ лээ. Хөлбөмбөгийн фанатуудын хүссэн мөч ирэв. Бөмбөг аваргын зүг айсуй. Бөмбөгөө бус хий өшиглөх ёкозүна газар тэрийн унах нь тэр. Зүгээр ч нэг унаад зогссонгүй. Зүүн хөлийнх нь шипи хол шидэгдэв. Өрөөсөн гутлаа барин тэнтэр тунтар алхахаварга үзэгчдийг багагүй хөгжөөгөөд авсан. Хөгжөөн дэмжигчдийн алга ташилт, инээд үүгээр дууссангүй.
Багийн анд Накатагийнхаа дамжуулсан бөмбөгийг толгойгоороо цохиж хаалгандаа оруулах гэсэн аваргын оролдлого бүтэлгүй болсоор. Бүр сүүлдээ баруун гараараа цохиж үзэв. Энэ ч хөгжилтэй дүр зураг нь. Аваргыг 20 орчим хөвгүүн элдэн гүйж байна гээд бод доо. Бөмбөгөө харамласан аварга байн байн хойш эргэн харах нь бас л сонин мөн ховор агшин. Мэргэжлийн сүмогийн аваргыг өсвөрийн тамирчид хэд хэдэн удаа тэриилгэн унагасан юм. Ёстой л үзээгүйгээ үзэв гэгчээр аварга толгойгоо сэгсэрч харагдлаа. Мэдээж, үүнд аваргын зүгээс багахан шоу байсан нь дамжиггүй.
Гэхдээ эцсийн мөчид энэ удаагийн нөхөрсөг тоглолт 10 оноогоор өндөрлөв. Мэргэжлийн хөлбөмбөгчний оновчтой дамжуулалтыг өрсөлдөгчийнхөө хаалга руу шилжүүлснээр Асашёорюүгийн баг ялалтыг авлаа.
Д.ДАГВАДОРЖ БИ ЗАЯАНЫ БӨХ ЮМ БАЙНА
Тоглолтын дарешгаар их аварга Асашёорюүтэй цөөн хором хөөрөлдөв.
-Та нэлээд амьегааджээ. Японы алдарт хөлбөмбөгчин Х.Накатаг манай оронд хүрэлцэн ирснийг тохиолдуулан хийсэн энэхүү нөхөрсөг тоглолтын талаар?
-Гүйх нь бүү хэл явахад ч хэцүү байгаа биз, энэ халуунд. Тоглолт сайхан боллоо. Х.Наката бид хоёр нэлээд дотно үерхдэг. Ийн манай оронд ирж, Монголын залуустай хөлбөмбөг тоглосон найздаа талархаж байгаагаа юуны өмнө хэлмээр байна. Накататай тоглоно гэдэг бас ховорхон тохиох азын нэг шүү.
Манай хүүхдүүдийг сайн тоглодог юм байна гэж Наката хэлж байна. Харин тоглолтын үед хэн нь хаана байгаагаа илэрхийлж, дуугарахгүй байна гэж шүүмжиллээ.
Миний хувьд бол хөлбөмбөгийг барахгүй нь. Тэгээд ч миний хөлбөмбөг тоглоно гэж юу байхав. Би заяаны бөх л хүн юм байна.
-Нагояд түрүүллээ. Сэтгэгдлийг тань сонсолгүй өнгөрч бас боломгүй юм шиг?
-Сайхан тэмцээн болсныг манай ард түмэн цэнхэр дэлгэцээрээ харсан биз ээ. Миний хувьд 21 дэх түрүүгээ авлаа. Хөгжөөн дэмжигчдийн минь заяа түшсэн хэрэг гэж бодож байгаа. Башёдоо түрүүлчихээд эх орондоо найз Наката, мөн өсвөрийн хөлбөмбөгчид, бас хөгжөөн дэмжигчидтэйгээ цагийг сайхан өнгөрөөсөндөө баяртай байна.
-Хэзээ буцах вэ?
-Нэлээд хэд хонох төлөвлөгөө бий. Сайхан амарч аваад дараагийн башёд бэлтгэнэ дээ. Нутагтаа болох даншиг наадмыг ч үзэж сонирхох бодолтой байна.
Б.Мягмар
Өнөөдрийн монгол 144/565/