Арван жилийн 1-2 жилд нь ган болох эрэмбэтэй
Нийтлэг утгаар нь авч үзвэл урт хугацааны туршид агаар мандлын хур тунадас хомсдож, хөрс хуурайшин ургамлын бүрхүүлд нөлөөлөх байдлыг ган гэдэг байна. Тэгвэл урьдчилсан судалгаанаас харахад XXI дүгээр зуунд дэлхийн дулаарлын нөлөөгөөр агаарын нэмэх температур жилээс жилд нэмэгдэх, олон хоног дараалан хэт халуун байх зэргээр ургамал, хөрсний ууршилт их болж гантай, гандуу байх давтамж нэмэгдэх магадлал өндөр байгаа аж.
Монголын түүхийн баримт бичигт байгаль цаг уурын үзэгдэл ган, үер зэргийн мэдээлэл тэмдэглэгдэн үлдсэн нь бий. Тухайлбал 1740-өөд оноос хойших 200-гаад жилийн цагийн гачаал гэгдэх ган, зудын байдлыг эрдэмтэд түүвэрлэн авсан юм билээ. Ингээд уур амьсгалын өөрчлөлтийн эцсийн судалгааг 1936 оноос хойш монголын цаг уурчид, эрдэмтэд хамгийн эрчимтэй хийж иржээ. Энд цаг уурын гавьяат ажилтан Л.Нацагдоржийн бичсэн өгүүллээс нийтлэв.
Ган бол байгаль, нийгэм, эдийн засгийн тогтолцоонд ихээхэн хохирол учруулдаг гамшгийн нэг хэлбэр юм.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц-д ган гэж усны дутагдал, гидрогеологийн тэнцвэрийг их хэмжээгээр алдагдуулахаар удаан хугацаагаар үргэлжилсэн гаж хуурай цаг агаартай үе тогтоход хүргэх бүсийн хэмжээний хур тунадасны тогтвортой дутагдлыг хэлнэ гэсэн байдаг. Энэ бол ургамал ургалтын хугацаанд хөрсний гадаргын болон ургамлын транспирацийн замаар явагдах ууршилтаас хөрсөн дэх чийгийн нөөц шавхагдаж хөдөө аж ахуйн таримлын ургалтад тохиромжгүй нөлөө үзүүлэхээр удаан хугацаагаар хур тунадас орохгүй, агаарын температур өндөр байх цаг уур, биологийн иж бүрэн үзэгдлийг ган гэнэ гэсэнтэй нэг талаар дүйж байгаа юм.
Гэхдээ гангийн тухай ойлголт нэг төрлийн бусаас болж янз бүрийн бүс нутагт ган болж байсан тухай мэдээлэл хоорондоо зөрүүтэй явж ирлээ. Ганг агаар мандлын, хөрсний, агаар хөрсний гэж гурван төрөлд хуваахын дээр хамрах нутаг дэвсгэрийн хэмжээгээр нь орон нутгийн, (авч үзэж буй газар нутгийн 10 хувиас бага хэсгийг хамрах), нэлээд их нутаг хамарсан (11-20 хувь )ихээхэн нутаг хамарсан (21-30 хувь), онцгой их (31-50 хувь) гэж ангилах бөгөөд нутгийн 50 хувиас илүүг хамарсан нөхцөлд гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үздэг.
Цаг хугацааны эцэст хаврын, зуны, намрын, өвлийн, хэрэв нэг улирлаас урт үргэлжилбэл хавар, зуны гэх мэт нэрлэнэ. Ганг эрч хүчнийх нь хувьд гамшигт, эрчимтэй, дунд зэргийн, сулхан гэж хуваах бөгөөд мон¬гол хэлэнд улаан ган, ган, гандуу гэж ялгадаг уламжлал бий.
Гангийн давтагдал манай оронд ямар байна гэдгийг энд тодруулж хэлье.
Монгол орон нэлдээ нэн хуурай, чийг дутмаг бүс нутагт орших тул гангийн эрсдэл ихтэй нутагт хамаарагддаг. Улсын үндэсний ус, цаг уурын албаны хяналт шинжилгээний (хуучнаар) орон нутаг дахь өртөө харуулууд дээр 20 дугаар зууны далаад оноос эхлэн ган, зуншлагын байдалд дулаан улирлын 10 хоног бүрт чанарын үнэлгээ хийж зураглал боловсруулах болсон нь гантай тэмцэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх нэг үндэс болж байгаа юм.
Тухайн нутагт гантай, гандуу гэдэг нь тодорхой хэмжээгээр хийсвэр ойлголт тул гантай, гандуу гэсэн үнэлгээг тогтоож үзэх нь зөв. Түүнчлэн хаврын сүүлч, зуны эхээр цөл, цөлөрхөг хээрийн бүсэд гантай байх тохиолдол элбэг, хур бороо оройтвол долоон cap гаргаж зуншлага сайжирдаг. Хангайн бүсэд наймдугаар cap гарснаас хойш бороо орсон ч бэлчээрийн ургац төдийлөн нэмэгдээгүй зэргийг тооцоход гангийн давтагдлыг долдугаар сарын сүүлчийн арав хоногийн байдлаар авч үзэх нь тохиромжтой байдаг.
Манай орны өндөр уул, ойт хээр, хээрийн бүсийн ихэнх нутагт 10 жилийн 1-2 жилд нь ган болох эрэмбэтэй байдаг бол цөлөрхөг хээрийн бүс, цөлөрхөг хээрийн бүсийн зааг нутгаар гурван жилд нэг удаа ган болдог аж. Гангийн давтагдал хойноос урагшлах, зүүнээс баруун тийшлэх тутам нэмэгдэж байгаа нь манай орны газар нутгийн чийгшлийн ерөнхий горимтой зохицож байна.
Сүүлийн 62 жилийн мэдээ, судалгаагаар ган буюу улаан гангийн давтагдал нийт нутгаар жилд 10-15 хувьтай гардаг.
Энэ нь гангийн эсрэг зуншлага сайн үетэй нийлээд 20-30 хувь орчим нь хэвийн бус жил болж гэсэн үг. Манай орны нэлээд чийглэгдүү гэж тооцогдох Хэнтийн уулс, Дорнодын талын хойд хэсэг, Хангайн гол нуруу орчим болоод хур бороо угаас бага, байнга шахам гандуу байдаг цөлийн бүсэд гангийн давтагдал 20 хувиас бага, Хангайн нурууны өвөр хэсэг, их нууруудын хотгороор 30 хувь орчмын давтагдалтай байдгийг харж болно.
Өөрөөр хэлбэл Монгол нутагт гурван жил тутмын нэг нь гангын эрсдэлтэй гэж үзэж болох юм. Сүүлийн 52 жилийн (1950-2001 он) мэдээгээр Монголын нутгийн аль нэг хэсэгт гандуу байдал үүсээгүй жил тун ховор.
Орон нутгийн өртөө, харуулуудын мэдээнд судалгаа хийж үзэхэд дээрх хугацаанд гангийн байдал үүсээгүй жишээ ердөө хоёр удаа тохиолдсон байдаг юм. Бидний үзэж байгаагаар ган бол cap, улирлаар үргэлжлэх үйл явц бө¬гөөд олон судлаач хамгийн бага хугацааны нэгж нь арав хоног гэсэн байдаг.
Монгол орны бэлчээрийн ургамлын хувьд хэд хоногоор хуурай үе үргэлжилж бэлчээр гандсан ч бороо орвол бэлчээр сэргэж хэвийн болдог. Үүнийг ган тайлагдах гэж хэлж заншсан. Гэхдээ ургамлын ургалт жигдрэх, ургамлын биомасс хамгийн их хэмжээндээ хүрэх нь харьцангуй удаан үргэлжилдэг үйл явц. Дээр хэлснээс үзэхэд ган бол тухайн орон нутагт ургамал ургалтын хугацаанд cap, улирал гэх мэт мөчлөгт хур бороо нэн хово.рдож, их халуун болох уур амьсгалын аномали явц гэж ойлгох нь зүйтэй юм.
Зууны мэдээ 177 (2625)