Суурь хүмүүжлийн дутмагшил буюу домрогуудын тавьсан түймэр

МАХН-ын бүлгийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх …муу сайн чацга. Муу сайн л…нууд, бүгдийг нь ална…тэр муу хулгайчийг алаад өгье…муу сайн янхнууд та нарыг ална шүү гэхчлэн түмний итгэл хүлээсэн төрийн түшээ бүү хэл төрөлх заяандаа гоморхсон хулгайч дээрэмчин ч нэг дор төдийлөн хэлэхээргүй үгсийг бөөнд нь цувуулжээ. Саяхан л спикер байж, монгол хүний мөс жудгийн тухай өгүүлэн сэтгэлийн минь утсыг хөндөж нэг, хөглөж нэг явсан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж абугай У.Хүрэлсүхийн хэлсэн бүхнийг би дэмжиж байна. Би үүний төлөө албан тушаалаасаа буусан гэснийг уншаад бүр ч нүд орой дээрээ гарлаа.

Монгол улсын хууль тогтоох дээд байгууллагын дарга нь өөрийн намынхаа үзэл бодол нийлээгүй хэсэг нөхдийг алахын төлөө албан тушаалаасаа буусан гэдгээ хүлээн зөвшөөрлөө гэдэг мэдээг соёлт ертөнцийнхөн яажшуухан хүлээж авахыг нэг муу юм төсөөлж л байна.

За тэр гадныхан ч яамай, дуртайгаа л бодог гэхэд монгол төрийн уламжлал, хэв ёс, төрийн хүний ноён нуруу, жудаг гээд олон зүйлийн талаар үглэхгүй, өгүүлэхгүй байх аргагүй. Монгол бол төрт ёсны нэн эртний уламжлалтай орон. Энэ уламжлал ганцхан Чингэс хаан, Их Монгол улсаар хязгаарлагдахгүй, Нирун, Сүмбэ, Хүн гүрэн гэхчлэн улирч одсон цаг хугацааны жимээр алслан алсалсаар Христийн тооллоос өмнөх хэдэн мянганы түүхтэй сүлэлдэн бүдгэрдэг билээ.

Цаг хугацааны энэ их орчил дунд язгуур дээдэс маань ойворгон харалган, омтгой хийрхүү ихсийн хөлд чирэгдэн туйлдаж явсан тохиолууд цөөн боловч байдгийг буурал түүхийн шарласан хуудсууд өгүүлсээр билээ. Ийм төрийн хутгууруудын балаг, балчгаас сургамж авсан ухаант дээдэс минь улс орон, хүн зоныхоо хувь тавилангийн жолоо цулбуурыг атгах хүний эзэмшвэл зохих эрдэм, сурвал зохих жаяг тэргүүтнийг нэн тодорхой болгож, дагаж мөрдсөөр ирсэн түүхтэй ч Манж, Хятадын чимээгүй хорлол, улаан Оросын коммунист түрэмгийлэл, шилжилтийн үеийн халгиа цалгианы улмаас энэ бүхнээ алдаж гээсээр буйн нотолгоо нь дээрх хоёр эрхмийн ичгүүргүй заналхийллээс тодорхой байна.

Төрийн хүний ноён нуруу гэдэг суурь хүмүүжлээс юутай хамааралтайг монгол төрийн өнөөгиин дүр төрхөөс бэлхнээ харж болно. Сумаа тавиад нумаа нуух, хөөргөж магтсаар жингүйдүүлэх, шуналын сэтгэлийг нь олзоор даллах, адгуусны тачаалыг нь эмсээр бадруулах, хөлчүүрхэх донг сархдаар тэтгэх зэрэг түмэн зүйлийн муу арга аль ч төрийн үед ордны ихсийг хоргодсон сүнс мэт дагаж зовоодог байсан ч түүнд үл автахын ухааныг хар нялхаасаа ойлгож өвлөсөн суурь хүмүүжил сайтай жинхэнэ төрийн хүний зангараг л Монгол Монголоороо үлдэхийн баталгаа болсоор ирсэн билээ.

Гэтэл өнөө цагт төрт ёсны суурь хүмүүжилгүй домрогууд олноор бий болж ичгүүрийн тухай ойлголтын соронзон туйл-ыг хазайлгасныг тэдний тавьсан түймэр харууллаа. Ингэхэд домрого гэдэг үгээ тайлбарлахгүй бол болохгүй нь. Хаврын сүйтгэл хорлол ихтэй хар салхийг домрого гэдэг бөгөөд өнгөрсөн зууны тэргүүн хагаст Монгол орныг нэгтээ нөмрөөд өнгөрсөн Зүүний нугалаа завхрал, зургаан зүй¬лийн кампанит ажлын үеэр хэт хувьсгалчдыг ард зон домрого гэж хочлон нэрлэдэг байсан билээ.

Энэ тухай хөгжмийн алдарт зохиолч Г.Бирваа агсны Ерэн жилийн дурсамж хэмээх онц сонирхолтой номонд тодорхой өгүүлсэн нь бий. У.Хүрэлсүхийн дээрх үйлдэл ч, Ц.Нямдоржийн мэдэгдэл ч тэднийг улстөрч биш, харин улстөрийн шуурганд зүрх нь хөөрсөн домрого төдий гэдгийг харуулж байна.

МАХН-аас монгол түмний хувь заяа хамаарсаар 76 жил боллоо. Цаашид ч олон жил ямар нэг хэмжээгээр хамаарна. Тийм болохоор энэ нам эрүүл саруул, дотоод ардчилалтай, нээлттэй байх эсэхээс Монгол улсын ирээдүй ихээх и иалтгаална. Энэ бол асар том хариуцлага, асар хүнд ачаа.

Энэ хүнд ачааг өргөлцөх ёстой хүмүүс нь домроготож, түймэр тавиад байвал энэ улс орон, энэ ард түмэн, улстөрч та нарын цээжээ дэлдэн ярих дуртай Монгол төрийн хувь заяа яах болж байна. Монгол улс, монгол түмний эрх ашиг уг нь аль нэг намын нэр хүнд, эрх ашгаас хавьгүй чухал юмсан.

Зууны мэдээ 4177 (2625)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button