Хөөсөнцөр сав гэдэсний халдварт өвчин үүсгэж байна

Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсролын хяналтын улсын байцаагч Д.Рэгзэдсүрэнгээс тодрууллаа.

-Нарантуул, Хархорин худалдааны төвүүдэд худалдаж байгаа нэг удаагийн хөөсөнцөр савуудад шалгалт хийсэн. Ямар зөрчил илрэв?

-НМХГ-ын дэд даргын баталсан удирдамжийн дагуу хоёр худалдааны төвд борлуулж буй нэг удаагийн хөөсөнцөр саванд шалгалт хийлээ. Энэ хөөсөнцөр савыг иргэд хүнсний бүтээгдэхүүн савлах зорилгоор ашиглаж байна. Шалгалт хийхэд Нарантуул худалдааны төв таван цэгт худалдаж байсан. Энэ сав нь мэргэжлийн байгууллагын шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулаагүй, хууль бусаар оруулж ирсэн зэрэг зөрчил илэрлээ. Харин Хархорин зах зөрчилгүй байсан.

-Хөөсөнцөр савыг импортоор оруулахыг хориглосон байгаа. Хэрэв худалдах тохиолдолд танай байгууллагаас дүгнэлт гаргах ёстой биз дээ?

-Тиймээ. Импортоор оруулж ирэхийг хориглосон боловч наймаачид жижиглэнгээр нууцаар оруулж ирж байна. Хөөсөнцөр савыг Эрээний захаас авчирдаг. Энэ нь хаана, хэзээ, үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, гарал үүслийн чанар, эрүүл мэндийн ямар ч бичиг байхгүй. Үүнийг нь хурааж, зарим хүнд торгуулийн арга хэмжээ авсан юм. Эрээнээс авчирсан хөөсөнцөр савыг хэрэглэхгүй эх орны үйлдвэрийн хуванцар савыг хэрэглэхийг санал болгож байна. Үүнийг нь шинжилж үзээд хүнсний бүтээгдэхүүн савлаж, хэрэглэхийг зөвшөөрсөн байгаа.

-Хэчнээн хэмжээний хөөсөнцөр сав устгав?

-Шинжилгээний дүнгээс үндэслэн 10350 ширхэг буюу 227700 төгрөгийн хөөсөнцөр савыг устгалаа. Хоёр иргэнд тус бүрт нь 100 мянган төгрөгийн торгууль ногдуулсан.

-Хөөсөнцөр саванд шин¬жилгээ хийхэд хүний биед хортой нян илэрсэн бэ?

-Зөвшөөрөлгүй худалдаж байсан хөөсөнцөр савнаас авч шинжилгээ хийсэн байгаа. Тэгэхэд хүний эрүүл мэндэд хортой гэдэсний төрлийн халдварт эмгэг төрөгч нян илэрлээ. Энэхүү нян нь зөвшөөрсөн хэмжээнээс хоёр дахин их байсан юм. Ямар ч төрлийн халдварт өвчин үүсгэх чадвартай. Иймээс иргэд хөөсөнцөр саванд хоол хадгахгүй, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Ардчилал 095, 096 (207, 208)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button