Цөлдөг байсан МАХН алдаг болох нь ээ
УИХ-ын гишүүн, хатагтай Т,Ганди оргүй хоосноос овоо босгож ийм үг унагаагүй бололтой. МАХН-ын хотын намын хорооны дарга Ё.Отгонбаярыг зодсон тухай шуугиан дэгдээд буй. МАХН-аас үүнийг үгүйсгэж байгаа ч ална тална хэмээн чичилж байсан хүмүүсийнх нь талаархи яриа Тарийн ордон, МАХН-ын цагэан байр хоёроос хальжээ. Үүнээс өмнө шинэчлэл хийх гэж шаардлага хүргүүлсэн гишүүдийн зургийг тавьчихаад бөөлүүлж байсан талаархи мэдээллийг ч бид уншигчдадаа хүргэж байсан.
Намаа шинэчлэх гэсэн, болохгүй бүтэхгүй байгаа юмыг нь хэлсэн хүмүүсээ хуучин цагт бол нутаг заан цөлчихдөг байсан МАХН сүүлийн жилүүдэд албан тушаалын авилага өгдөг аргад сүрхий гаршсан. Ө.Энхтүвшин тэргүүтэй хүмүүс жигүүр байгуулаад гараад ирэхэд яалаа. Манай нам тэгж өд жигүүр ургуулаад байх шаардлагагүй гэж ил хэсэг үзээд болохгүй болохоор нь тэдний шаардлагыг хүлээж авсан дүр эсгэсэн.
Жигүүрийнхний шаардлагаар хуралдсан бага хурлаар шинэчлэл өөрчлөлтийн талаар яриад ёстой бужигнуулаад өгөх байх гэсэн хүлээлт нам дотор нь ч, нийгэмд ч байсан билээ. Харамсалтай нь тэр хүлээлтийн хариу хоосон байсан. Тун удалгүй жигүүрийн толгойлогч Ө.Энхтүвшин сайдын суудалд сууж, М.Далайхүү, Б.Содхүү гээд хэд хэдэн хүн дэвсэн жигүүрийнхээ хүчээр албан тушаалтай болсон. Тэтгэвэртээ гарчихсан, тэгсэн атлаа намынхаа эсрэг юм ярьж буруу өтлөөд байсан А.Базархүү нарын хэсэг өвгөчүүдийг гадагш нь консулаар томилж чимээгүй болгож авсан.
Ингэснээр жигүүрийн тэмцэл хааяа мэдэгдэл гаргахаас цааш нэг их яваагүйг бүгд мэднэ. Өдлөдөггүй жигүүрийн араас опон хөдөлгөөн гарч иржээ. Тздгээрийн дунд үнэхээр намаа шинэчилье, өөрчилье гэсэн хэсэг байхад тэмцэнэ, жаг сана гэж айлгаж байгаад албан тушаалын булан олоод суучих хүсэлтэй хэсэг байсан гэдгийг ч үгүйс гэж болохгүй. Зарим нэг хүний тодорхойлсноор мафижсан МАХН албан тушаалын авилгаар ам барьдаг байснаа одоо болиод алдаг болох бололтой.
Сүүлийн үед энэ намынхан ална тална хэмээн бие биеэ занасан айлгасан тохиолдол нэг бус удаа гарав. МАХН гаднаас нь харахад эв нэгдэлтэй бат цул мэт харагддаг. Манай намын давуу тал гэж ирээд үүнийгээ их ярьдаг, сурталчилдаг. Гэтэл үүнийх нь цаана боловсон хүчнээр дамжуулан эрх мэдлийг төвлөрүүлсэн арилжааны эв нэгдэл байдаг. Өөрөөр хэлбэл, ямар албан тушаалд хэнийг томилохыг гартаа атгасан удирдлагынхаа өмнөөс баргийн хүн сөрөөд байхгүй нь мэдээж шүү дээ.
Сөрсөн нэгийг нь наад зах нь ажилгүй болох хүлээж байгаа. МАХН-ын удирдлагын хийсэн албан тушаалын арилжаа нь мөнгө, улс төр хоёр гүнзгий зузаан нөхөрлөх эхлэл болжээ. Төрийн өндөр албан тушаалтны амь насыг хөнөөсөн Ц.Түмэнгэрэл МАХН-ын томоохон хандивлагчдын нэг байлаа. Намынхаа болон зарим лидерийнхээ сан хөмрөгийг зузаалах гэж зүтгэсэн Х.Баатар улаан авилгачаараа цоллуулаад өнөөдөр ганцаараа шоронд сууж байна.
Хадгаламж банкинд ажиллаж байсан Ц.Чимидцэрэн гэдэг залууг 14 тэрбумын хэрэгт орооцолдонгуут Ардчилсан социалист залуучуудын холбооны удирдлагууд хэвлэлийн бага хурал хийлгэж, бид тэр мөнгөнөөс нь ерөөсөө идээгүй, уугаагүй, хамаагүй хэмээн мэдэгдэж байсан.
Ёстой нөгөө юун гуя гэдэг шиг. Х.Баатарын авилгад авсан, Ц.Чимидцэрэнгийн луйвардсан мөнгөнөөс МАХН-ын санхүүд, лидерүүдийн халаасанд ороогүй гэдэгт итгэх тэнэг хүн олдохгүй биз ээ. Мөнгөтэй нь наашаа, мөнгөгүй нь цаашаа гэдэг энэ бодлого доод шатандаа жирийн гишүүдийг нь хэн нэгэн мөнгөтэй, эсвэл эрх мэдэлтэй хүнийг зусардан бялдуучлахад хүргэж байгаа юм. Ингэхгүй бол намын харьяалалтай хүн төрийн албанд ажиллах ч арга алга. Бүхнийг мөнгөөр хэмжих болсноороо аажмаар олигархиудын нам болж, намын удирдлага, удирдах зөвлөл нь улс төр бизнесийн бүлэглэлүүдийн эрх мэдлийн төлөөх тэмцлийн талбар болж хувирсан гаргаж байгаа шийдвэрүүд нь улс орны төлөө гэхээсээ илүү бүлэглэлүүдийн эрх ашгийг харгалзсан мая¬гаар явж байгаа билээ.
Бүлэглэлүүдийнх нь эрх ашиг хөндөгдөж, эрх мэдэл, суудлаа булаацалдахаар нь төр, засгийн үйл ажиллагаа зогсдог, хямардаг болов.
Сонгогдсон төрийн түшээд маань иргэнийхээ биш на¬мын эрх ашгийн төлөө бүр цаашилбал мөнгөн дээр тогтсон бүлэглэлүүдийн төлөө ажилладаг болж төрийн дээр нам гарсны тор энэ. 70 жил нэг намын захиргаанд байсан монголчуудын толгойд нам гэхээр МАХН-аар төлөөлүүлэн жишдэг ойлголт гүнзгий суусан байдаг. Хуучнаас үлдсэн энэ ор мөр МАХН-ыг улс төрийн тавцангаас арчигдалгүй өдий хүртэл амь голтой байлгаад байгаа гэхэд нэг их буруудахгүй биз ээ.
Мөнгөтэй хүмүүс, улс төр рүү зүтгэж, аливаа нэгэн сонгуулиар МАХН-д томоохон хандив өргөж, шатсан хүмүүс эргээд ямар нэгэн албан тушаалд очиж шархаа нөхдөг жишгийг АН-аас эхлээд Л.Гүндапай, М.Энхсайхан нарын нам хүртэл бүгд хэрэгжүүлж байгааг бид бэлхнээ мэднэ. МАХН ингэж нийгэмд сөргөөр нөлөөлсөөр байна. Үүнийг сөрөг нөлөө гэхээсээ илүү нийгмийн хөгжлийн чөдөр тушаа гэж үзэх нь бодит үнэнд илүү ойртоно.
Одоо МАХН дахиад бас нэгэн бага хурлын босгон дээр иржээ. Өнгөцхөн харвал, жигүүр хөдөлгөөн, элсний 13-ын санал санаачилгыг дэмжин шинэчлэл өөрчлөлт хийх хурал болох мэт. Гэвч хонгилын үзүүрт гэрэл байгаа эсэхэд олон хүн эргэлзэж байна. Уг нь П.Жасрайг хонгилын үзүүрийн гэрлийн тухай ярьж байх тэр үад буюу 1990-ээд оны эхээр МАХН-ыг татан буулгасан бол өнөөдөр байдал өөр байх байсан гэж зарим судлаач хэлдэг юм билээ.
Ардчилсан хувьсгал гарахад МАХН-д улс орныг шинэ нийгэм рүү хөтлөх, хөгжүүлэх тухай байтугай өөрийнхөө намыг яах вэ гэдэг бодлого байгаагуй. Залуусын хэлдгээр Паник-т орчихоод Нагаржунайн сургаалийг үзэл баримтлалаа болгон авлаа хэмээж байсан. Ер нь аливаа нам ямар үзэл баримтлалтай байх, хэний сургааль номлолыг дагах нь чухал биш. Харин юунд хүрэх гээд байгаа нь буюу эцсийн дүндээ улс орон урагшлан хөгжиж, хүмүүсийн сайн сайхан амьдрах нөхцөл бололцоо бүрдсэн байх ёстой.
МАХН юунд хүрэх гээд байгаа, улс орныг шинэ нөхцөлд, хөгжилд урагш чиглүүлэгч байж чадав уу, үгүй юү гэдгийн нэг хариулт иргэний хөдөлгөөнүүдийн жагсаал цуглаан. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үеэр хийж чадаагүйг өнөөдөр ажил хэрэг болгож, МАХН-ыг тараана гэвэл худлаа. Шинэ юмыг хуучин аргаар хийх гэсээр зугуухан мөхөж байгаа МАХН-ыг харж, эсвэл өөр шинэ улс төрийн хүчин гарч ирэхийг хүлээнэ гэвэл ирээдүй хойч үе маань хайран.
Тэгэхээр хамгийн ойрын бөгөөд оновчтой сонголт нь МАХН болон бусад нам даган далдагнаж гүйсэн нөхдийг биш, иргэдээсээ сонгогддог иргэний төлөөллийг парламентад оруулах явдал. Үүнийг энгийнээр тайлбарлавал парламент хоёр танхимтай болно гэсэн үг. Хууль тогтоох болон Төлөөлөгчдийн танхим гэж. Хууль тогтоох танхимд хэнийг сонгох нь намуудад, харин Төлөөлөгчдийн гишүүдийг сонгох эрх иргэдийн мэдэлд очно.
Тодорхой тооны иргэд сонгогчдын сонгосон бүрэн эрхт төлөөлөгчдийн танхим байгуулж, хууль тогтоох үйл ажиллагаанд оролцуулахын зэрэгцээ боловсон хүчний бодлого, улсын төсвийн хөрөнгийг зарцуулах эрхийг баталгаажуулах, зарим эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд дагаж мөрдөх хуулиудыг батлан хэрэгжүүлэхэд нь хяналт тавих зэрэг бүрэн эрхийн баталгааг бий болгодог нь олон улсын жишиг.
Иргэд намын биш өөрсдийнхөө төлөөллийг парламентад бий болгож, Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна хэмээн Үндсэн хуулиар тунхагласан эрхээ эдлэх нь МАХН-ын мөхөхийг эсвэл, шинэчлэгдэхийг хүлээснээс илүү ойрхон байна. Төргүй улс гэж үгүй, харин намгүй улс бол бий хэмээн нэрт хуульч Б.Чимид бичсэн байдаг. Ард түмэн МАХН-гүйгээр төр барих эрхээ эдэлж болно.
Зууны мэдэ 177 (2625)