Отгоо, Амраа хоёртой хог ухсан минь

Жаахан юм аа, зайлуул жаахан юм. Хоёр, гуравдугаар ангийн л банди нар болов уу гэмээр харагдав. Бас өмссөн зүүснийг нь ажиглавал бидний арчаа муутайгаасаа болоод тэнэмэл хэмээн нэр өгсөн хүүхдүүд яах аргагүй мөн аж. Танилцлаа. Өөрсдийгөө Отгоо, Амраа гэв.

Дарь-Эхэд амьдардаг гэлээ. Тэндхийн 58 дугаар дунд сургуульд сурдаг гэнэ. Гэхдээ мань хоёр залж байна даа гэх бодол төрөв. Хаа байсан Дарь-Эхээс өглөөний зургаан цагт 120 мянгатад ирчихэж байна гэнэ. Нэг л үнэмшил төрөхгүй байлаа. Та хоёр худлаа ярьж байх шиг гэхүйд инээлдэж байна. Тийм ээ, бид энд эгчийндээ хоноод өглөө гарч ирсэн юм гэв. Бас л итгэсэнгүй. Ийм хувцас хүнартай багачуудыг үнэхээр эгч нь хонуулсан бол ядахдаа усанд оруулаад гаргах байлгүй дээ хэмээн бодогдсон юм. Гурвуулаа хамт хог ухая гэлээ.

Бас л инээлдэж байна. Нөгөө хоёр ч гэрт идэх юм байхгүй байгаа, алив Отгоо наадхаа хурдан ухаарай, Бооёогийнхон хүрээд ирж магадгүй шүү гэлээ. Бооёо гэж хэн болохыг асуулаа. Эндхийн атаман гэнэ. Бас л хог ухдаг хэсэг нөхдүүд байдаг бололтой юм. Мөн нөгөө хоёр маань энэ зуур зун болж, зуслан гарсан тул томчууд үүгээр эргэлдэхгүй амар байна, түүнээс биш тэд яагаа ч үгүй эрт хэрэгтэй зүйлүүдийг нь түүчихдэг хэмээлээ. Нөгөө хоёр маань шаламгайлан хогоо ухаж эхлэв.

Би ч нарийхан урт мод олж, өөрийнхөө хэр хэмжээгээр нааш, цааш нь сэндийчиж эхэллээ. Отгоо хоёр ширхэг ундааны сав олоод уутандаа хийв. Ундааны сав ширхэг нь таван төгрөг байдаг гэнэ. Ихээр олбол жигнээд өгдөг хэмээлээ. Хуванцар савыг ч бас авдаг юм байна. Энэ завсар Амраа хөөрхөн уутан хайрцаг бүхий ном олов. Үзье гэлээ.

Япон хоолны ном бололтой, баахан будаа энэ тэр агшаасан гоё зураг хөрөг бүхий ном байна. Амраа түүнийгээ хаях уу, байх уу гэсэн маягтай хэсэг харж зогсов. Би түүнд наад ном чинь цоо шинэ юм байна. Тэгэхээр хүмүүст зар гэлээ. Хэдээр авах бол, зуугаар авах болов уу ах аа гэж байна. 1000 төгрөгөөр өг, авна гэлээ. Гэтэл тэндээс Отгоо, тэгвэл та 1000-аар авчихаач дээ гэв. Би та хоёрт мянган төгрөг өгье, гэхдээ наад номоо 1000 төгрөгөөр зараарай гээд амласан зүйлээ өглөө.

Баярлаж байгаа ч гэж жигтэйхэн. Бид гурвын богино хугацааны нөхөрлөл ч нэлээд зузаарав бололтой. Отгоо бас ном оллоо. Хавтсан дээр минь МАХН хэмээн англиар бичсэн харагдав. Эргүүлж хараад, Пөөх Ерөнхийлөгчийн зураг байна хэмээн Отгоо надад нээрээ л Н.Энхбаярын зургийг харууллаа. Харвал ах нам социнтернд элсэх гээд л танилцуулга маягийн ийм ном хийсэн бололтой юм.

Амараа энэ номыг 1000-аар авах болов уу гэв. 100-аар ч авахгүй хэмээн намайг хэлэхээр нэлээд гайхсан маягтай над руу харснаа чимээгүйхэн газарт тавилаа. Отгоо энэ зуур гялгар уутанд эвтэйхэн боогоод хаясан хоёр еэвэн олов. Би ч яаж ийж байгаад бас л нэг гялгар тортой зүйлийн амыг нээж дөнгөсөн бөгөөд дотроос нь баахан эмний бололтой жижиг шил гарлаа. Бас дуусгаагүй хаясан сахлын хөөс гарч ирэв.

Амараа түүнийг шүүрч аван шахаж, гараараа дүүрэн хөөс болгосноо энэ юу вэ ах аа хэмээн надаас асуув. Би ч сахлаа хусахын өмнө түрхдэг хөөс л юм шиг байна, нүд амандаа битгий ойртуулаарай гэв. Харин Амараа нөгөөхийгөө Отгоогийн нүүрэнд нялж орхилоо. Бөөн л инээдэм болов. Отгоо гэв гэнэт хогийн цэгийн нөгөө булан руу Амарааг дуудлаа. Тэрбээр эндээс гоё загасны үнэр ханхлаад байна аа гэв. Нөгөөх нь очсоноо нээрээ тийм байна хэмээгээд гавшгайлан эндхийн хогийг нааш цааш болгож эхлэв. Гэвч нөгөө сайхан үнэртэй загас нь олдохгүй л байлаа. Нөгөө хоёр маань ухаж ухаж байгаад л тонгойн үнэртэх аж.

Тэгээд яах аргагүй л эндээс үнэртээд байна дээ гэх ажээ. Тэр хоёрт ямар нэгэн загас олдсонгүй. Надад ч бас үнэртсэнгүй. Ингээд дараачийн хогийн цэг рүү явлаа. Телевизорын томоос том хайрцаг байхаар нь онгойлготол баахан ундааны сав, хоёр хар Чингисийн шил, доширакны саванд хийсэн тав зургаан ширхэг бууз тэргүүтэн гарав. Нөгөө хоёрыгоо дуудлаа. Буузыг шууд л хуваагаад хусчихлаа. Шил, савнуудыг ч уутандаа хийв. Мөн ах хүү ч азтай байна шүү гэж байна. Би ч тэр хоёрт ийм хайрцаг савнуудыг заавал онгойлгож үзэх хэрэгтэй гэсэн зөвлөгөө өгөв. Бас энэ шинэ хайрцагнуудыг дэлгүүрийн гадаа зогсоод зарвал хүн авна даа гэлээ.

Нөгөө хоёр маань, Өө, лай лай гэж байна. Гэхдээ тэнд байсан хайрцагнуудыг бүгдийг нь онгойлгож үзэв. Отгоо бараг шинэ шахам футболк оллоо. Өмсөв. Жаахан томдсон ч тун цэвэрхэн харагдаж байлаа. Хуучнаа шууд хаяв. Уг нь айлууд хог хаягдлаа гялгар уутанд хийгээд амыг нь зангидан хаясан байх аж. Даанч түүнийг нь миний шинэхэн найзууд хайр найргүй зад татан хаяж байлаа. Би ч найз байж ямар тэднийг битгий тэг, наадуул чинь салхинд хийсээд хаа сайгүй тарчихдаг гэлтэй биш. Дуугүйхэн шиг л харж зогслоо. Нөгөө хоёр маань ч задлах урахдаа үзэгдэж харагдахын аргагүй шаламгай юм.

Мөн эндээс муугүй олзтой гарцгаалаа. Дараагийн хогийн цэг рүү очлоо. Отгоо халуун савны гэр олов. Авдаг юм билүү, байдаг юм бил үү гэсэн маягтай эргүүлж тойруулан хэсэг харсанаа шидэж орхилоо. Мөн бид хоероос өмнө энд хүмүүс ирсэн л байна даа гэж Амараа хэлэв. Нохой ирээд ухчихсан золбин нохойнуудыг баярын өмнө бүгдийг нь буудаад алчихсан хэмээлээ. Гурвуулааусуугаад олсон зүйлээ тооцлоо. Тэдний ярьснаар ямартай ч 750 төгрөг болно гэнэ.

Миний өгсөнтэй нийлээд 1750 төгрөг. Хангалттай гэж байна. Одоо хоол хийх юм аваад харина гэлээ. Тэр хоёроос би маргааш өглөө ирэх үү гэв. Үгүй гэж байна. Тэд долоо хоногт нэг л удаа үүгээр ирдэг гэсэн юм. Ингээд саллаа. Саарин гартай хоёр найз маань баяртай гээд гар барив. Би ч баяртай гэлээ. Гэхдээ хог битгий ухаарай гэж хэлмээр санагдсан ч хэл ам маань нэг л эвлэж өгсөнгүй.

Монголын мэдээ 142 (2174)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button