Гал түймрийн аюулаас сэргийлцгээе!!!
Гэтэл хэлж ирдэггүй хэмээн гэдсээ илж хэвтсээр байтал энд тэндгүй түймэр асаж, өчигдөр бүр Богд ууланд томоохон түймэр асаж нийслэчүүдийг багагүй сандаргаад авсан. Нийт нутгаар гандуу, хуурайшилтын түвшин өндөр байхад ард иргэд ч гэсэн анхаармаар юм. Гал түймрийн 90 гаруй хувь нь хүнээс үүдэлтэй байдаг гэнэ . Сүүлийн 5 жилийн байдлаар жишээ авахад Говьсүмбэр аймагт л гэхэд 49 удаа гал түймэр гарсаны ихэнх нь хувь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй байж , 119 сая 564 мянган тeгрeгийн хохирол учирсан байх юм. Гал түймрийн тоо сүүлийн жилүүдэд буурсан ч , орчин үеийн хүмүүсийн хэрэглээнээс шалтгаалан хохирлын хэмжээ нэмэгдсэн гэсэн мэдээллийг хийгээд гал түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд галын аюулгүй байдлын тухай хуулийг сайн судлах , хуулийн хэрэгжүүлэлтийг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй гэдгийг хэн хүнгүй анхаарах хэрэгтэй. Та бидний унтраалгүй хаясан тамхины иш ямар их хохирол учруулдагийг бид өөрсдөө мэдэрч байж л мэдэх улс.
Улаан гараараа түймэр унтраах нь холгүй байдаг гал сөнөөгч болон, онцгой байдлын аврагчидаа бодсон ч тэр анхааралтай байцгаая. Сая хэрхэн эмгэнэлтэйгээр 15 хөвгүүдээ эцсийн замд нь үдсэн эмгэнэл арилж дуусаагүй байгаа энэ үед гал түймрийн аюул хаа сайгүй заналхийлж байгаа гэдгийн санаарай.
Онцгой байдлын ерөнхий газрын мэдээгээр оны эхний таван сард аюулт үзэгдэл, осол гамшиг 1249 удаа гарсан гэнэ.
Энэ аюул гамшгийн улмаас 50 хүн амь насаа алдаж, 556 гэр, орон сууц шатаж, 6,2 мянган мал хорогдсон байна. Мал амьтны халдварт галзуу өвчин 17, малын гоц халдварт шүлхий өвчин 1, малын халдварт боомын 4 тохиолдол гарсан байна. Мөн хугацаанд 4 удаа газар хөдөлж, хүчтэй салхи шуурга 5 удаа тохиолджээ. Осол гамшгийн улмаас 1047,9 сая төгрөгний хохирол учирчээ.
Түймрийн гашуун утаа цээж хорсгосон зуны халуун өдрүүд үргэлжилсээр байна. Он гарснаас хойш улсын хэмжээнд ой хээрийн 100 гаруй түймэр дэгдсэн гэх тоо баримт байгаа.
Одоо ч Сэлэнгэ, Булган аймгийн нутагт машин, техник хүрэхийн аргагүй уулын тагтад түймэр асч байгаа. Заримыг нь цурманд оруулсан хэдий ч цаашид дахин дэгдэхгүй гэх баталгаа алга.
1996 онд 422 ой хээрийн түймэр гарч байсан, тэр үед гэртээ ч орох завгүй явдаг байлаа. Түймэртэй өдөр шөнөгүй нүдэлдээд л байдаг, арай гэж цурманд оруултал дахиад л өөр газар руу дуудагдана. Бас 2002 онд улс даяар түймэрт автсан юмдаг. Хаа сайгүй түймэр, нийслэлийн ногоон бүсүүд хүртэл шатаж, битүү утаа байсныг хүмүүс санаж байгаа байх. Энэ жил дөнгөж гарч байхад ийм их түймэр дэгдэж байгаа юм чинь 1996, 2002 оны явдал давтагдахад ойрхон байна гэж гал сөнөөгчид нэгэн сонинд ярилцлага өгсөн байдаг.
Тэр дундаа өнөөдөр улсын хэмжээнд гарч буй гамшиг ослын 95 хувь нь ойн болон обьектын түймэр байгаа. Дарга нар байсхийгээд л түймрийг багасга, бууруул гэсэн захирамж гаргадаг. Yүгээрээ ой хээрийн түймэртэй тэмцэж байна хэмээн эндүүрээд суудаггүй байлтай. Түймэртэй тэмцэж байгаа гал сөнөөгчдөө ганд нь хаячихсан, дээр нь баруун, солгойгүй тушаал, захирамж гаргаж, цаас шидэлснээр түймрийг тоо хэмжээг бууруулж, аюулаас сэргийлнэ гэдэг үлгэр юм. Гахай явган, нохой нүцгэн гэдэгчлэн гэрээсээ түймэр балбах шуудай сав мэтхэн авч, бэлэн гоймон хүнсэндээ базаасан гал сөнөөгчид ой хээрийн түймэртэй улаан гараараа тулалдаад ч хүчрэхгүй байна. Өнгөрсөн өдрүүдэд Тэрэлжид гарсан түймэр гэхэд 18 км талбайг эзэлсэн байсан бөгөөд гал сөнөөгчид долоо хоног зогсоо зайгүй тэмцэж байж унтраажээ. Түймрийг тойруулан зурвас татахаар явахад л бүхэл бүтэн зургаан цаг зарцуулсан гэж байгаа. Тэгэхэд сая 14 хүний амийг авч одсон түймэр 5035 км талбайг хамарсан байж. Ой шатаж л байдаг, тэгсгээд гал сөнөөгчид унтраачихдаг, эс бөгөөс азаар бороо орж түймрийг дардаг. Гал тавьсан нөхрийг олж тогтоох, хариуцлага тооцохоос залхуурдаг юм уу, ой сүйдлээ гэх хэл ам, дуу шуугиан түймрийн утаатай хамт замхардаг. Энэ оны анхны ой хээрийн түймэр хоёрдугаар сард гарч, үүнээс хойш хуурайшилтын зэрэглэл аюултай байдалд хүрсэн. Ийн түймэр гэгч барьцгүй аюул хэзээ ч нүүрлэж мэдэхээр байхад гал сөнөөгчдөө багаж хэрэгслээр хангахад бус суух ширээ сандал, барих гар утас, унах унаандаа санаа зовж, төсвийн мөнгийг хайр найргүй зарцуулж суужээ, дарга нар нь. Мэргэжлийн биш удирдлагууд нь түймэр унтраахыг лаа үлээхтэй арай адилтгадаг юм биш байгаа. Усаар шүршээд л унтраачихдаг биз дээ хэмээн гал сөнөөгчдөө даапаалдаг гэх. Ой хээрийн түймэр гарвал гал сөнөөгчид унтраах үүрэгтэй, харин урьдчилан сэргийлэх энэ тэр гэсэн ойлголт байхгүй. Тэгчихээд өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч гүйлдэнэ. Ийм л байдлаар бид ой хээрийн түймэртэй тэмцэж, байгалийн баялгаа хамгаалж иржээ. Харин өнөө жил ой хээрийн түймрийн аюул гамшгийн хэмжээнд хүрэх харанга дэлдэж байгаад энэ удаагийн харуусалт хэргээс сургамж авч, хаана хаанаа анхаараасай.
Жилдээ 1500-1600 галын дуудлага бүртгэгдэж, 40-50 хүн гал түймрийн аюулын улмаас эрсдэж байдаг байна. Аймаар тоо байгаа биз. Хэн нэгний анхааралгүй орхисоны улмаас гаргасан түймэрт хүний алтан амь эрсдэж байна шүү дээ. БНХАУ ямарваа нэгэн байгалийн гамшигаар олон сая хүн үхэхэд баярладаг гэсэн явган яриа байдаг. Гэтэл Монголчууд бид 3 сая хүрэхтэй үгүйтэй гэдгээ санамаар юм.
Хиншүү ханхалсан энэ зун манай оронд том гамшиг дагууласан жил боллоо. Гал гахай жил томоохон хэмжээний олон түймэр асч, асар их хор хохирол учирна гэсэн таамаглалын олон үзмэрч нар хэлж байсан санагдана. Гэтэл төр засаг илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг болоод ямар ч анхаарал хандуулаагүй.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 28.1.3-д Иргэд ахуй амьдрал, өдөр тутмын хөдөлмөрийн үйл ажиллагаандаа аюулгүй ажиллагааг сахин биелүүлэх, үйлдвэрлэл, технологийн сахилга, экологийн аюулгүй байдлын шаардлагыг зөрчихгүй байх үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл энэ зөвхөн цаасан дээрх тунхаглалын шинжтэй хэвээр байсаар байна.
2006 онд ой, хээрийн түймэр 74 удаа гарчээ. Харин хуанли хагас жилийн хуудсаа хараахан нээгээгүй байхад энэ тоо хэдийнэ 100 хол давчихаж. Түймрийг унтраах гэж гал сөнөөгчид бүтэн долоо хоног нүцгэн гараараа улаан галтай үзэлцэж байгаа. Өмссөн хувцсаа түймэрт алдаж, халуун галд төнүүлсээр минчийж улайгаад, ядарч туйлдсан тэдэнд ахуй хангамж гэхээр зүйл бараг үгүй. Байгууллагаас нь жилдээ ганц удаа өгдөг нормын гутал нь Горхийн аманд гарсан шиг түймэрт явахад л дахиад өмсөх аргагүй болно.
Улаанбаатарчууд өвөл болохоор утаандаа дарагдчихдаг бол гал сөнөөгчид байнга л гашуун утаа тортгоор амьсгалсаар уушигнаас нь хиншүү ханхалж мэдэхээр болсон улс. Багаж хэрэгсэл гэх юмгүй, улаан гараараа нүдэхээ мэдсээр байж түймэрт явж л байдаг. Модны мөчир, өмссөн хувцсаа галд алдчихаад элдэв нэмэгдэл, хангамж нэхэж ажил цалгардуулдаггүй. Бэлэн гоймонгоор голоо зогоож, онгоцноос хор шүршин түймэр унтраадаг цаг ирнэ гэсэн гэгээн бодлоор сэтгэлээ тэжээсээр явахыг нь харахад гайхмаар. Бас ер зүрх эмтэрмээр.
Горхийн аманд гарсан түймрийг унтраахад Нийслэлийн онцгой байдлын газар, хэлтэс, анги салбар, иргэд нийлсэн 300-гаад хүн ажилласан. Иргэд ядарлаа, зүдэрлээ гээд яваад өгөхөд гал сөнөөгчид л түймрээ нүдсээр үлддэг юм билээ. Уг түймэрт Аврах тусгай ангийн 20 гал сөнөөгч ажиллажээ. л эвдэрчихдэг. ОХУ-д үйлдвэрлэсэн нь үнэтэй тул авч хүчирдэггүй. Гал сенеегч бүр шүхэртэй байх ёстой ч тус ангид ердөө 15 байдаг гэсэн.
Уг нь 2003 онд батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуульд Гамшгийн үед ажиллах, сургалт, дадлагад оролцох, жижүүрийн үүрэг гүйцэтгэх үедээ хоол хүнс, тусгай зориулалтын хувцас, аврах ажлын багаж, техник, материал, өөрийгөө хамгаалах хэрэгслээр хангагдах эрхтэй гэж заажээ. Гэсэн ч энэ эрхээ аврагчид бүрэн гүйцэд эдэлж чадахгүй байгаа нь 15 хүний амьтай дүйцэж байж төрийн түшээд, ард түмний нүдийг нээсэн.
Гамшгийн голомтод ажилласан онцгой байдлын байгууллагын албан хаагч болон иргэнд томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин өсгөж олгох хуультай. Онцгой байдлын албан хаагчийг үүргээ биелүүлэх үед учирсан эд хөрөнгийн хохирлыг төр хариуцна. Хэрвээ эрүүл мэндээрээ хохирч, хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон бол тэтгэвэр, тэтгэмж болон авч байсан цалингийн зөрүүг тэтгэмж авч байх хугацаанд олгодог аж.
Сардаа 140-170 мянган төгрөгийн цалин авах гэж тэд амь дүйсэн ажил хийдэг нь юу л бол. Харин аврагч гэсэн эрхэм алдраа дуудуулж, эх орон, ард түмэндээ туслах гэсэндээ тэд энэ мэргэжлийг сонгосон. Гамшиг гарахад тушаал өгөөд явуулж болдог юм бол аврагч нар хүн гэдгийг санах цаг болжээ.
Улс эх орон хөгжиж барилга байшингийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Мөн цаг агаарын таагүй байдлаас болж ой хээрийн түймэр гарах нь ихэслээ. Энэ бүхэн Онцгой байдлын байгууллага нь ард иргэдээ галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг хангалтгүй хийж байгаагийн үр дагавар юм. Энэ оны эхний таван сард аюулт үзэгдэл, осол гэмтэл нийт 1422 удаа гарч, түүний улмаас 2.2 сая төгрөгийн хохирол учирч 67 хүн амь нас алдаж, 752 гэр орон сууц шатсан байна. Аюулт үзэгдлийг төрлөөр нь авч үзэхэд ой хээрийн түймэр 113 удаа, объектын гал түймэр 1266 удаа гарчээ. Энэ баримтаас үзэхэд гамшгийн ихэнхийг нь гал түймэр эзлэж байгаа нь Монгол Улсын хэмжээгээр нэгдүгээрт, гал түймрээс урьдчилан сэргийлэх, хоёрдугаарт, гал түймэртэй тэмцэх хяналт шалгалтын ажлыг чанаржуулах, гуравдугаарт, гал унтраах ажлын бэлэн байдлыг сайжруулах явдал чухал байгааг харуулж байна.
Түмэрийн удаан гал хэзээ ч биднийг чиглээд ирэх цан тун ойрхон санагдана. Эрхэм төрийн түшээд ч, ард иргэд ч өөр өөрсдийн анхааралаа сулруулалгүй анхаараарай гэж хүсье. Цаг агаарын хуурайшил дээд цэгтээ хүрээд байгаа энэ үед энэнээс илүү зүйл гэж юу байх вэ?
/Olloo.mn/
Б.Ану