З.Энхзориг Эхний Наймд шалгарвал Бээжингийн олимпт орох эрх авна

-Боксын спортод хэл тавьсан түүхээсээ сонирхуулахгүй юу?

-Би багаасаа боксод дуртай байсан л даа. Үүнийг мэдэрсэн ах маань намайг энэ спортоор хичээллэхийг санал болгосон. Харин ээж, эмээ хоёр их дургүйцсэн ч өөрийнхөөрөө шийдсэн. Одоо боксоор хичээллээд долоон жил болж байна. БНСУ-ын Чежү аралд болсон тэмцээнээс хүрэл медаль хүртсэнийхээ дараа 2005 онд үндэсний шигшээ багийн тамирчин болсон.

-Энэ хугацаанд чамгүй амжилт гаргасан байна шүү?

-Тиим ээ. Үүнд багш, дасгалжуулагч, найз нөхөд, гэр бүлийнхний маань дэм туслалцаа их орсон. Ер нь ямар ч тэмцээн уралдаанд багш, дасгалжуулагч чухал үүрэгтэй. Энэ спортоор амжилт гаргахад надад Д.Хүдэрбаатар, Г.Ганзориг, Д.Банди, М.Мөнхжаргал дасгуулагч нар тусалсан. Миний хувьд бокс сонирхдог ч багш нарынхаа нүдэнд өртөж, тэд намайг дасгалжуулаагүй бол амжилт гаргах нь юу л бол.

-Одоо ямар тэмцээн уралдаанд оролцох гэж байна даа?

-Дэлхийн аваргад орох бэлтгэлээ базааж байна. Амжилттай оролцоно гэсэн зорилго тавиад байгаа. Эхний наймд орчихвол Бээжингийн олимпт орох эрх авах юм. Эрдэнэтэд сар гаруй бэлтгэлээ хийж байгаад ирлээ. Хурд хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, арга техникээ сайжруулах бүх л бэлтгэлийг хийсэн.

-Дэлхийн аваргад жингээ хасч тоглох уу?

-Одоо 62 кгжинтэй байгаа. 10-дугаар сард дэлхийн аваргад 57 кг-ийн жинд тоглоно. Эмчийн хяналт, дэглэм, бэлтгэлийн дор жингээ хасч байна. Өдөртөө голдуу хар шөл уугаад л, хажуугаар нь бэлтгэлээ хийж байна даа.

-Боксын тамирчдын хувьд шударга бус шүүх явдал тохиолддог. Өөрт чинь иим явдал тохиолдож байв уу?

-2006 онд Германд болсон 35 дахь удаагийн Химийн цом-ын тэмцээнээс би менгөн медаль авсан. Гэхдээ алт авах боломжтой байсан юм шүү. Энд буруу шүүлт их нөлөөлсөн гэж боддог.

-Ингэхэд эх орны дэвжээ харийн орныхоос ямар ялгаатай байх юм?

-Өөр л дөө. Гадаадад бол манай тамирчид, дасгалжуулагч л бие биенээ хөгжөөн дэмждэг. Харин эх орондоо тоглоход хөгжөөн дэмжигчид ч их. Тэдний хашгирах уухай нь улам эрч хүч өгөх шиг болдог.

-Хүндэлж, хайрлаж явдаг тамирчин байдаг биз дээ?

-Гавьяат тамирчин Т.Үйтүмэн ахыг их хүндэлдэг. Бас дасгалжуулагч багш нараа хүндэлнэ.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?

-Зав гарвал найз нөхөдтэйгөө теннис, бильяард тоглох дуртай.

-Найз охинтой биз дээ?

-Байгаа. Найз охинтойгоо уулзах цаг бол гаргалгүй яахав.

-Залуу хүний хувьд дахин суралцаж, өөрийгөө боловсруулах төлөвлөгөө байна уу?

-Э.Бадрууган, П.Сэрдамба бид гурав шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тамирчид болохоор Академид орох урилга ирсэн. Хэзээ ч орж болно гэсэн. Тиймээс энэ жилээс сурах санаатай байгаа. Мэдээж, залуус бидэнд боловсрол, мэргэжил их чухал. Ажиглаж байхад бидний үеийнхэн чөлөөт цагаа ашигтай, зөв боловсон өнгөрөөж чадахгүй байна. Цэнгээний газар хэссэн хүмүүс л их болж байгаад) харамсдаг даа.

Г.Уянга

Монголын мэдээ 143/2175/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button