Yхлийн аюултай формалин хэмээх тариа хүнсний захуудын махнаас илэрчээ
Зуны бүгчимд мах амархан муудаж, хуучирдаг учир шунал нь дэндсэн махны ченжүүд үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэнд, амь насыг хэдхэн төгрөгөөр сольж буй нь энэ. Махны үнэ дунджаар 2900 төгрөгийн үнэтэй байгаа. Тэртээ тэргүй үнэтэй авч байгаа хойно шинэ мах л авъя гэх хүмүүс олон. Тэр утгаараа махны наймаачдыг эрсдлээс аварч, халууныг ажралгүй ажиллах ганц арга нь формалин болжээ. Дөнгөж гаргасан малын махыг формалинд дүрснээр хэд хоногтоо л шинэхэн мах шиг харагддаг аж. Гэхдээ гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэгчээр хүний эрүүл мэндэд асар хортой. Чухам ямар хор хөнөөлтэй болох талаар ГССЗК-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ж.Батмагнайгаас тодруулахад, формалиныг үнэртэхэд ч хэцүү байдаг. Дээр нь нүд хорсоно. Амьд хүн хэрэглэнэ гэдэг байж болшгүй зүйл. Тунг нь хэтрүүлбэл үхлийн аюултай шүү дээ. Азаар үхдэггүй юм гэхэд дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаанд маш муу нөлөөтэй гэв. Баянзүрх захад мах зардаг танил маань энэ талаар, махаа халуунд удаан хадгалж, шаталтаас мултрахын тулд формалин хэмээх тариа ашигладаг тухай яриа байдаг. Аль жил гаруйн өмнөөс л ам дамжин яригдаж эхэлсэн. Холбогдох хүмүүс, хууль хяналтынхан байсхийгээд л шалгалт хийдэг мөртлөө формалинтай холбоотой зөрчил илрүүлж байсныг санахгүй байна. Ямар ч байсан авдаг газартай юм шиг байна лээ. Yнэ нь өндөр ч наймаачид бага тунгаар хэрэглэдэг учир мөнгөнд тийм ч гарзтай биш гэлцдэг хэмээн ярив.
Формалиныг хэн дуртай нь захын нэг эмийн сангаас худалдаж аваад хэрэглэх боломжгүй юм. Эмийн сангуудад худалдаалах зөвшөөрөл олгодоггүй. Эл тариаг талийгаачийг хөдөөлүүлтэл өдөр бүр тарих зориулалттай агаад халуунд шарил хөөж, муудахаас сэргийлдэг. Зөвхөн шарил хадгалах газар юм уу, шүүх эмнэлэгт формалин хэрэглэдэг ажээ. Энгийн иргэдийн гарт орох нь ховор тохиолдол. Тэгэхээр наймаачид шүүх эмнэлэг, шарил хадгалах газрын ажилтнуудыг мөнгөөр зодож формалинаас хумслуулдаг бололтой. Хэдэн жилийн өмнө шарил хадгалах газрынхан өдрийн 3000-5000 төгрөгөөр нэг шарилд формалин хийдэг байж. Өдгөө үнэ нь хэд хүрсэн тухай тодруулахаар шарил чандарладаг Улаанбаатар буян компанийн менежертэй холбогдоход, манайх формалин тарихаа больсон. Шүүх эмнэлэгт л тарьж байгаа. Эсвэл нэг юм уу гуравдугаар эмнэлэгт танилтай бол задлангийн эмч нараас нь олж болно. Танил талаараа яриулахгүй бол өөрсдөө яриад бүтэхгүй шүү гэлээ. Танилын гуйлт, хэтэвчний хэмжээгээр дамжин формалины хууль бус наймаа газар авсан нь тодорхой. Формалин нууцаар худалдаалах сүлжээ маягийн зүйл бий болжээ. Yнэндээ сүлжээ байна уу, үгүй юу гэдэг нь гол биш. Yйлчилгээний ажилтнууд мөнгөнөөс болж хүний аминд хүрэхээс ч буцахгүй байгаа нь, түүнийг илрүүлж чадахгүй байсан нь аймшигтай хэрэг. Юутай ч манайд формалин тарьж буй ганц газар нь шүүх эмнэлэг. Формалин шаардла¬гатай болсон бүх хүн шүүх эмнэлэгт хандаж байна. Амьд хүн формалинд хордвол эхлээд бөөлжих шинж тэмдэг илэрнэ. Yүнийг хоолны хордлогоос ялгах аргагүй гэнэ. Тийм ч учраас наймаачдын булхай хоолны хордлогоор халхавч хийсээр илрэл¬гүй өнөөг хүрчээ. Ер нь хэчнээн мөнгөний хэрэгцээ байсан ч шарилд хэрэглэдэг тариаг маханд шингээх ухамсар, сэтгэхүйтэй хүн байна гэж хэн бодох юм бэ.
Энэ хэргийг анх НМХГ болон ТЕГ-ын хийсэн шалгалтаар илрүүлжээ. Дэлгэрэнгүй мэдээлэл авахаар ТЕГ-т хандтал, шалгалт хийсэн нь үнэн. Гэхдээ мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариулт өгөв. НМХГ-ын Хүнс, эрүүл ахуйн хяналтын хэлтсийнхэн ч шалгалтын мэдээллээ нууцаллаа. Мэргэжилтнийх нь ярьснаар, тэд наадмын өмнөхөн шалгалт хийжээ. Шинэ, хуучин Баянзүрх захын эрүүл ахуйч эмч болох Нина, Энхтөр нартай ч холбогдов. Баянзүрх зах нийтдээ 80 орчим махны лангуутай, мал эмнэлгийн итгэмжлэгдсэн лабораторитой аж. Өглөө бүр худалдаалагдах махнаас шинжилгээ авдаг тухайгаа эмч нар ярьсан. Шинжилгээгээр юу ч илэрдэггүй шүү дээ гэцгээж байлаа. Угаас формалинтай эсэх нь хэр баргийн шинжилгээгээр илэрдэггүй тухай мэргэжлийн хүмүүс нь онцолж байв. Хүнсний эрүүл ахуй гэж яриад байдаг атлаа ийм зүйлийг илрүүлж чаддаггүй нь дэндүү хачирхалтай. Арай наймаачдын сүлжээтэй нэгдээд ямар ч хоргүй гэсэн шинжилгээний бичиг олгоод байдаг юм биш биз. Мөнгөнд шуналаа шуналаа гэхэд арай ч ингэтлээ шунахгүй гэдэгт найдъя.
Монголчуудын хувьд хүнсний гол хэрэглээ нь мах. Хэрэв мах хордвол түүнийг дагаад эрүүл мэндээрээ хохирохгүй хүн гэж бараг үгүй. Иймээс иргэдийнхээ эрүүл мэндийг бодолцож, буруутай үйл ажиллагааг эртхэн таслан зогсоож, нийтэд сэрэмжлүүлэх ёстой бус уу. Гэтэл мэдээллийг нууцалж байдаг. Ингэхэд бид мах идэж болох уу, үгүй юу, хяналтынхаан. Албан ёсоор хариулт өгөөч.
/olloo mn/