Зоригт Газар тариаланг шинэчлэх эхлэл тавина

Энэ талаар УИХ-ын гишүүн, ИЗН-ын ерөнхий нарийн бичгийн дарга М.Зоригттой ярилцлаа.

-Танай намаас УИХ-д сонгогдсон гишүүд газар тариаланг дэмжих чиглэлээр тогтоолын төсөл өргөн барихаар болж байгаа юм байна. Энэ талаар танаас тодруулах гэсэн юм?

-Монгол Улсад газар тариалан, хөдөө аж ахуйг дэмжих бодлого хэрэгтэй гэж манай нам үзээд УИХ-ын гишүүн С.Оюун бид хоёр тогтоолын төсөл санаачилж, Засгийн газраас санал авахаар өгөөд гурван долоо хонож байна. Хуулийн хугацаагаар бол Засгийн газар нэг сарын дотор саналаа өгөх ёстой. Нэг сарын дотор санал өгөхгүй бол УИХ-д өргөн барьдаг. Бид наймдугаар сарын эхээр тогтоолын төслөө өргөн барих гэж байна.

-Хөдөө аж ахуйг ямар чиглэлээр дэмжих вэ?

-Тогтоолын ТӨСӨЛД өнөөдөр манай газар тариаланд учраад байгаа хүндрэлийг багасгаж нимгэлэх, энэ салбарт шинэчлэл хийх, газар тариалан эрхлэгчид, гурилын үйлдэрүүдийг дэмжих, гурилын үнэ өртөг өндөр болж байгаа үеийг давж туулах, хүнсний ногоо, төмс тариалах ажлыг дэмжиж урамшуулах гол санаануудыг агуулсан. Улаан буудайг Монголдоо тариалан хурааж авч, гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн иргэн, аж ахуйн нэгжүүдэд нэг тонн тутамд нь улсаас 60 мянган төгрөгийн, кг төмс тутамд 50 төгрөгийн татаас олгох нь зүйтэй гэж үзсэн. Үүнд жилд дунджаар 13-14 тэрбум төгрөг шаардлагатай. Улсын төсөвт тодорхой ачаалал ирнэ гэдэг ойлгомжтой. Өнөөдөр хүнсний аюулгүй байдлын бодлого алдагдаж, гурилын үнэ өсч, улаан буудай тариалах сонирхол буурч байна. Үүний улмаас гадаад орны газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүн оруулж ирэхийг дэмждэг байдал руу орох хандлагатай боллоо.

Рапс тариалах сонирхол маш их нэмэгдсэн. Эх орныхоо газрын хөрсөн дээр тарьж ургуулсан улаан буудай, хүнсний ногоог хэрэглэх нь аюулгүй байдал талаасаа баталгаатай юм. Энэ талаас нь бодож үзэж байгаа, Өнгөрсөн оны сүүлээр Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын судалгааны баг манай оронд ирж хүнсний аюулгүй байдалд судалгаа хийсэн. Монгол Улсын хүнсний аюулгүй байдал үндхэн нөхцөлд байгаа гэсэн дүгнэлт гаргасан. Өнөөдөр манай улс гурилын хэрэгцээнийхээ дөнгөж 30 хувийг өөрөөсөө хангаж байна. Бусдыг нь гаднаас авдаг. Яг нарийн яривал АНУ-ын илүүдэл улаан буудай, Оросын улаан буудайг шингээдэг зах зээл болж хувирсан. Өөрсдөө улаан буудайгаа тарьж ургуулбал ажлын байр бий болно. Ард иргэдийн амьдрал ахуй сайжирна. Энэ бүхэн газар тариаланг шинэчлэх эхлэл, анхны шанг татсан бодлого болох байх гэж бодож байна. Газар тариаланг цаашид илүү хүчтэй дэмжих ёстой.

-Газар тариаланг татаасаар дэмжих нь буруу гэж үзээд төр мөнгө төсөвлөхөө больсон үед танай нам яагаад татаас хэрэгтэй гэж үзэх болов?

-Яагаад татаас ярих болов гэвэл 1980-аад оны дундуур Монгол Улс жилд 800 орчим мянган тонн улаан буудай хурааж авч дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй гадаадад экспортлодог байсан. Гэтэл одоо гурилын хэрэгцээнийхээ гуравны хоёрыг гаднаас авдаг орон болж хувирлаа. Үүний цаана тариалан эрхэлдэг 60 мянган аж ахуйн нэгж байна. Монголын 2,5 сая хүн амын хүнсний аюулгүй байдлын асуудал байна. Манайхаас бусад бараг бүх улс орон хүнсний аюулгүй байдалдаа анхаарч, хөдөө аж ахуйгаа дэмжих тодорхой бодлого явуулдаг. Монголын хөдөө аж ахуй урсгалаараа хөгжиж болохгүй юм. Татаасын бодлогыг цаашид үргэлжлүүлж явуулбал бидний тооцоогоор 2011 он гэхэд дотоодын төмсөөр хэрэгцээгээ 100 хувь хангаж, гурилын хэрэгцээнийхээ гуравны нэгийг л гадаадаас авдаг орон болох ёстой.

Д.Цэцэг

Ардын эрх 145/677/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button