Түймэрт хуйхлагдсан Улаанбаатар
Өчигдөр 15 цагийн үед Богд ууланд дахиад л нүүгэлтсэн хар утаа суунаглаж эхэлсэн юм. Манай сурвалжлах хэсэг түймрийн голомтыг зорив. Холоос суунаглах хар утаанд нэлээд дөхөв. Дүнжингарав амралтын газраас цааш машин явах аргагүй байсан тул машинаа орхилоо. Уулын бэлд цагдаа нараас өөр хүн харагдсангүй. Хан-Уул дүүргийн цагдаа нар отолт хийж буйгаа хэллээ. Цагдаагийнхан хэн нэгэн сэжигтэй хүн уулнаас бууж ирэхийг хүлээж байгаа юм байна. Тэр хавьд Онцгой байдлынхан харагдсангүй.
Учрыг сонсохноо хэдхэн цагийн өмнө асч эхэлсэн Их тэнгэрийн амны түймрийг унтраахаар яаравчлан явжээ. Харин түймрийг унтраах ажлын хэсгийн төвлөрсөн штаб Нүхтийн аманд байрлаж буйг сонсоод тийш зүглэлээ. Нүхтийн аманд Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяраар ахлуулсан ажлын хэсэг төвлөрчээ. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Тогоо ч мөн ажиллаж байлаа. Суунаглаж байгаа утаанд тэд нэлээд дөхөж байрлажээ. Усны машинууд эгнэжээ. Энд тэнд гал сөнөөгчдийн хоол, ундыг бэлтгэх гал тогоо ажиллаж байлаа.
С.Отгонбаяр Богд улын түймрийг газар авахуулалгүй унтрааж чадсан
Түймэр унтраах ажлын явцыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяраас тодруулсан юм.
-Нийслэлийн ногоон бүсэд одоогийн байдлаар хэдэн түймэр асч байна вэ?
-Улаанбаатарыг тойрсон долоон түймэр асч байна. Түймэр унтраахаар 780 гаруй хүн ажиллаж байна. Өнөөдөр Хандгайт, Санзайн ам болон Их тэнгэрийн аманд түймэр асчихлаа.
-Хүн хүчний байдал ямар байна вэ. Яамдын ажилтнуудыг түймрийн голомтод ажиллуулахаар дайчилж байгаа гэж сонслоо?
-Ер нь хүчний байгууллагынхан дайчлагдан ажиллаж байна. Зарим компаниуд сайн дураар түймрийн голомтод ажиллаж байна. Тухайлбал, Эм Си Эс компани, Миний дэлгүүр-ийн сүлжээ дэлгүүрүүд, Монголын Ардчилсан Холбоо, Дэлхийн Зөн олон улсын байгууллага, Даяар монгол, Хөх монгол бүлгэм гээд сайн дураар түймрийн голомтод ажиллаж байгаа албан байгууллага, хувь хүн олон байна. Одоогоор яамдын ажилтнууд дайчлагдаагүй байгаа. Гэхдээ БОЯ-ны ажилтнууд ажиллаад эхэлсэн.
– Нийт хэчнээн га газрыг түймэр хамраад байна вэ?
– 350-400 га орчим газрыг түймэр хамарч байна. Одоогийн байдлаар Хандгайтын түймэр нэлээд ширүүн асч байна.
-Тэнд хэчнээн хүн ажиллаж байна вэ. Түймэр унтраах багаж хэрэгсэл хүрэлцэж байна уу. Дружба хөрөө хэрэгтэй байна гэсэн зар телевизээр яваад байсан?
-Хандгайтын түймэрт 80 гаруй хүн ажиллаж байна. Хөрөө хэрэгтэй байна гэсэн зар өгсөн. Ер нь ус хангалттай, түймэр унтраах багаж, хэрэгсэл, хоол унд боломжийн байна. Гэхдээ ус зөөх 20 литрийн усны сав хүрэлцээ муутай байна. Захуудаас ч олдохгүй байна. Дэлхийн зөн олон улсын байгууллагаас 10 мянган ам.доллар, НЗДТГ-аас таван сая төгрөг хандивласан.
-Хуурайшилт ихтэй байгаа нь түймэр асах шалтгаан гэж үзэж байна. Гадны нөлөө бий болов уу?
-Хэт халуунтай холбоотой. Гэхдээ гадны нөлөө байхыг үгүйсгэхгүй. Энэ бүхнийг хуулийн байгууллага тогтооно биз дээ гэж ярилаа. Ямар ч байсан Богд ууланд гарсан түймэр С.Отгонбаяр сайдын хэлж буйгаар газар авалгүй унтарч байгаа аж.
Зэвсэгт хүчний 400 гаруй цэрэг дайчлагдав
Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Тогоогоос зарим зүйлийг асуулаа.
-Танайхан түймэр унтраахад маш их үүрэг гүйцэтгэж байна?
-Түймрийн зургаан голомтод 480 гаруй дайчин ажиллаж байна. Өнөөдөр /өчигдөр/ гарсан Их тэнгэрийн амны түймрийг унтраахаар манай 60 гаруй хүн ажиллаж байна. Эмнэлгийн групп болон 40 орчим машин техникээ гарган ажиллуулаад байна гэв. Цэргүүд голомтод ажиллаж байгаа хүмүүст хүргэх хоол, ус үүрэн уул руу өгссөөр байв. Халуун тэднийг нуруун дахь ачаанаас нь илүү түүртүүлж байгаа нь харагдаж байлаа. Тэд наад тал нь 10 км алхсаны эцэст асч байгаа галд хүрч байгаа аж.
Хөдөлгөөнүүдийн 14 хүн сайн дураараа гал унтрааж байна
Хөх Монгол, Даяар Монгол булгэмийнхэн бусад залуусыг уриалан түймэр унтрааж байгаа гэсэн. Эдгээр хөдөлгөөнүүдийг дэмжигч Ц.Сүхбаатартай уулзлаа. Тэрбээр хөдөлгөөнийхөө бэлгэдэл болсон тугны дэргэд заавал ярилцлага өгөхөө хэлсэн юм.
-Танай хөдөлгөөнийхөн иргэдийг түймэр унтраахыг уриалж байгаа гэл үү?
-Ах нь энэ хөдөлгөөнүүдийг дэмждэг юм. Тэгээд л энд ирээд байна. Нас жаахан ахисан болохоор явдалдаа ядраад байна. Гал сөнөөгчөөр ажиллаж байсан болохоор энэ албаны хүнд бэрхийг ойлгодог гэж хэллээ. Дээрх хөдөлгөөнүүдийн 14 хүн Богд уулын түймрийн голомтод ажиллаж байгаа аж. Нийслэлд ийн түймрүүд асч байна. Түймрийг газар авахуулахгүйгээр хүн бүр эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгааг харлаа. Монгол орны хэд хэдэн аймгийг хамарсан энэ халуун зөвхөн нийслэлд түймэр асаасангүй. Өчигдрийн байдлаар, Сэлэнгийн Ерөөгийн районы түймэр идэвхтэй асч байгааг салбарын сайдаас нь сонслоо.
Монголын мэдээ