Монголын шорон барууны төвшинд ойртжээ
Арга ч үгүй юм. Энд нэг талаар хорвоогийн хамаг л муу муухайг хийсэн үл бүтэх этгээдүүдийг цуглуулдаг аймшгийн газар хэмээн ойлгож болох ч, нөгөө талаар амьдралын эрхээр алдаж эндсэн аавын хүүхдүүд байгаа. Тэд нэг алдаж болох ч хоёр алдаж болохгүй. Өөрөөр хэлбэл, шоронгоос гараад дахиад гэмт хэрэг хийх эрхгүй юм. Шорон гэдэг энэ аймшигт нэр үгийг зөөлрүүлэн албаны хэлээр Засан хүмүүжүүлэх, хорих анги хэмээн нэрлэх нь ч бий. Энэ савнаас оргон зайлна гэсэн ойлголт байхгүй. Ялаа нэмүүлэхээс цаашгүй.
Харин өршөөл гэж бий. Аливаа тэмдэглэлт ойгоор Өршөөлийн тухай хууль, зарлигийн дагуу ял эдлэх хугацаандаа сайн хүмүүжиж төлөвшсөн хүмүүжигчдийг хугацаанаас нь өмнө сулладаг, Өнгөрсөн жил Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор ихэнх хорих ангиуд бараг хоосорсон. Өршөөлийн тухай хуулийн дагуу Ерөнхийлөгчийн зарлигаар маш олон хоригдолд өршөөл үзүүлсэн билээ. Гэвч өршөөлийн хуулиар суллагдсан тэдгээр хоригдлуудаас нэлээд нь жилийнхээ ойнд ч хүрэлгүй дахин гэмт хэрэг үйлдэн шорондоо эргэж иржээ.
Хоригдол, Оргодол гэсэн үгс бас л чихэнд нийцгүй сонсогдох нь бий. Хоригдол хэмээх үгийг зөөлрүүлж албаны үгээр хүмүүжигч хэмээн нэрлэдэг. Харин оргодол босуул гэсэн үгсийг зөөлрүүлж хэлсэн нэр томъёо монгол хэлэнд алга. Уулын мухар, ян хөвч, хөдөө хээр ганц хоёр гэрээр нутаглаж байгаа айл, замын жолооч нарын ганц айн ширвээтдэг зүйл бол чоно нохойноос илүү оргодол босуул хүмүүс юм. Тэгээд ч хөдөөнийхөн сүүлтэй боохойноос илүү сүүлгүй боохой аюултай хэмээн ярилцах нь бий. Ямар ч атугай бид Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хорих ангиас энэ сурвалжлагаа бэлтгэлээ. Энэ хорих анги Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Ганц худаг дахь урьдчилан хорих төвөөс цааш нэлээд зайтай орших ажээ.
Гангийн халуунд тэднийг зорин очлоо
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа аль нэг ангиас сурвалжлага авах хүсэлтийг бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, хошууч Ариунболдоос авсан билээ. Хошууч Ариунболд биднийг 409 дүгээр хорих ангид очих боломжтой гэсний дагуу бид энэ ангийг зорьсон юм. Энэ хорих анги автобусны буудлаас нэлээд зайтай байсан. 409 дүгээр хорих анги саяхан байгуулагдсан аж. Энэ ангийн бие бүрэлдхүүн ч шинэхэн бололтой. Ангийн удирдлагууд биднийг хорих бүс рүү оруулахаасаа татгалзсан юм. Харин зарим нэгэн энгийн бүс болон уулзалтын байраа үзүүлж танилцуулахаасаа татгалзаагүй билээ. Энэ нь халуун наранд хорих ангиас сурвалжлага тэмдэглэл бэлтгэхээр зорьж очсон бидэнд харамсалтай санагдсан ч аргагүйн эрхэнд тэдний журам дүрмийг дагахаас өөр аргагүй болсон юм.
Шорон диваажин гэж үү
Хэн ч хайран үнэт цагаа шоронд өнгөрөөхийг хүсэхгүй. Шорон хүний эрүүл мэнд, ёс суртахууныг юу ч үгүй сордог шигээ хүний амьдралын үнэт цаг хугацааг ч бас авч оддог билээ. Гэтэл шоронд орох сонирхолтой хүмүүс бас байдаг бололтой. Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрынхны ярьж буйгаар, өнөөдөр шорон диваажин мэт л сайхан болчихсон гэнэ. Шоронд орсон хүн эхнэртэйгээ чөлөөтэй уулзаж, хоёр гурав хоног нэг өрөөнд хамтдаа байж, шорон дотроо өөрийн нэрийн данс нээлгэж, дансан дахь мөнгөөрөө өөрийн дураар байх нөхцөл бололцоо ч бий болсон юм байх. Иймээс л давтан хэрэг хийж шоронд орох хүмүүсийн тоо нэмэгдээд байгаа бололтой. Шорон бол шорон л байх ёстой. Цэрэгжилтээс ч илүү дэглэм тэнд үйлчлэх ёстой хэмээн боддог хүмүүсийн хувьд шорон утгаа алджээ. Ийм зөөлөн мөлүү шоронд хэн ч хумүүжихгүй, харин ч даварна гэдгийг үгийн далимд зориуд дайя.
Шоронгийн уулзалтын байр дэндүү тансаг
Үнэхээр тийм байлаа. Чанга дэглэмтэй шоронд хоригдож байгаа хүн гурван сард нэг удаа гурав хоногийн хугацаанд тухайн хорих ангийн уулзалтын байранд ойр дотныхонтойгоо уулзаж, хамт байж болдог ажээ. Бид уулзалтын байранд тус хорих ангийнхны зөвшөөрсний дагуу сурвалжлага хийсэн юм. Уулзалтын байр яг л зочид буудал гэлтэй. Энэ байранд шоронд орсон нөхрөө эргэж ирсэн хүн нөхөртэйгөө хамт 72 цагийн турш хамт байж, тусгай гал тогоонд нь өөрсдийн авч ирсэн хоолны материалаар дуртай хоолоо хийх боломжтой ажээ. Уулзах байрны өрөө тасалгаа цэвэрхэн гэж жигтэйхэн. Энэ байранд загасны аквариум, цэцгийн мандал байна. Их тохилог юм аа. Хонгилд нь хивс дэвсч, хэд гурван хоригдлууд байнга л арчиж цэвэрлэх аж.
Хорих ангийн дэд дарга П.Баттулга Бид энэ жил хашаагаа шинэчилж, хоригдлууддаа спортын талбай байгуулсан
Бид 409 дүгээр чанга дэглэмтэй хорих ангийн дэд дарга, ахлах дэслэгч П.Баттулгатай уулзлаа.
-Танай хорих ангид өнөөдөр яг хэчнээн хоригдол хүмүүжиж байгаа вэ?
-Манай ангид 270 гаруй хоригдол хүмүүжиж байна. Эдгээр хоригдлууд дээд тал нь 25, доод тал нь таван жилийн ялтай.
-Энэ жил танай ангийн хэмжээнд чухам юуг шинэчлэн өөрчлөв дөө?
-Энэ оныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэмжээнд бүтээн байгуулалтын жил болгон заралсан. Энэ жилийн хүрээнд ангийн хашааг бид шинээр барьж гүйцэтгэлээ. Энэ нь 5.6 м өндөр, 517 м урт хашаа байгаа юм. Хашааг бид чанарын өндөр төвшинд хугацаанаас нь өмнө хүлээлгэсэн өгсөн. Хашааг уул нь жилийн турш барьж байгуулна хэмээн төлөвлөж байсан юм.
-Ийм хашаа барьсны ач холбогдол юунд байгаа юм бол?
-Барууны хөгжилтэй орнуудын хорих ангиудын төвшинд дөхөж очиж байгаа. Мөн ялтан оргох нөхцөл бололцоо тэр хэмжээгээр хязгаарлагдана. Гуравдугаарт хорих байгууламжийн гаднах өнгө үзэмж сайжрах юм.
-Танайх торон хашаагаа байхгүй болгочихсон юм уу?
-Үгүй ээ. Манай торон хашаа гадуураа байгаа. Түүний дотуур блокон хашаа барьсан. Мөн ялтан оргохоос болгоомжилж манайх хорих байгууламжаа тойруулан сийрэгжүүлсэн хөрсөн талбай байгуулсан байсан. Энэ талбай төдийлөн ач холбогдолгүй учир бид цэцэрлэгжүүлж, сэхээвч байгуулан, амралтын талбай болгох бодолтой байгаа.
-Өөр ямар бүтээн байгуулалтын ажил хийв?
-Хүмүүжигчдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх спортын талбай байгуулсан. Энэ талбайд хүмүүжигчид carс, гар бөмбөг, хөлбөмбөг тоглох бүрэн боломжтой. Талбай маань 28 м урт, 18 м өргөнтэй. Яг хорих бүс дотор байрладаг. Цементлэсэн, сагсны самбартай, гар бөмбөгийн тортатах шонтой иж бүрэн талбай байгаа. Энэ бүхнийг бид гадны ямар нэгэн дэмжлэг туслалцаагүйгээр өөрсдийнхөө дотоод нөөц бололцоогоор байгуулсан.
-Өөр ямар туслах аж ахуй байдаг вэ?
-Бид цөөн хэдэн тахиатай. Өндгийг нь албан хаагчдынхаа өдрийн хоолны хэрэгцээнд зориулдаг. Мөн 12 гахай тэжээдэг. Эдгээр нь хорих байгууллагын хоол хүнсэнд тус нэмэр болдог. Бас хүлэмжинд бага зэрэг ногоо тарьж байгаа. Гэхдээ манай хүлэмж дэндүү жаахан л даа.
-Нэг хэсэг хоригдлуудыг өлсөглөн, сүрьеэ гэх мэтийн өвчин өвчин их л зовоодог байж билээ?
-Тийм ээ. Өнөөдөр бол тийм зүйл байхгүй. Яагаад гэвэл, нийгэм маань өөрчлөгдөж байна. Манай ангийн хувьд ийм зүйл огт байхгүй гэхэд болно. Хоригдлууд зуун хувь эрүүл.
-Та бүхэй ийм хол газар хотоос ирж ажлаа хийдэг хэрэг үү?
-Тийм ээ. Хот, хорих хоёрын хооронд манай автобус явна. Бид өглөө есөөс орой 18 цагийн хооронд ажлаа хийдэг. Харин сая хашаа барьж байх хугацаандаа есөөс 22 цаг хүртэл ажиллаж байсан шүү. Гэхдээ манай харуул хамгаалалтын ажилтнууд 24 цагийн ээлжээр үүргээ гүйцэтгэдэг.
-Танайх хоригдлуудаар ямар ажил хийлгэдэг юм бэ?
-Манай хорих анги тоосгоны үйлдвэртэй. Ял эдэлж байгаа хүмүүс энэ үйлдвэрт ажилладаг. Тэд өглөө есөөс орой 20 цаг хүртэл ажилладаг бөгөөд өдөр 13-15 цагийн хооронд хооллонгоо амардаг юм.
Д.Энхтүвшин Бидний нийгмийн халамжид онцгой анхаардаг
Тус хорих ангийн нийгмийн ажилтан, дэд хурандаа Д.Энхтүвшинтэй уулзлаа.
-Танай хорих ангийн нийгмийн асуудал ямар төвшинд байна?
-Манай хорих анги гурван нийгмийн ажилтантай. Нийт 56 албан хаагчтай. Үүнээс 30 гаруй нь хамгаалалтын албан хаагч байдаг.
-Энэ салбарт ажиллаад орон сууц зэрэг нийгмийн хангамжид яаж хамрагдаж байна?
-Жилд ойролцоогоор нэгээс хоёр албан хаагч орон сууцанд ордог. Өнгөрсөн жил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 85 жилийн ой болсон. Энэ үеэр гурван албан хаагч байртай болсон. Мөн хэд хэдэн албан хаагчид газрын зөвшөөрөл олгосон байгаа. Ерөнхийдөө манай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар ажилчдынхаа нийгмийн асуудалд маш сайн анхаардаг шүү.
Монголын мэдээ