Дулааныхаа үнийн алдагдлыг цахилгааны мөнгөөр нөхдөг
Тийм ч учраас хүн төрөлхтөн, дэлхий нийтээрээ хэрэглэсэн цахилгааныхаа үнийг шударгаар төлөөд заншчихсан. Гадаадын улс орнууд цахилгаан эрчим хүчнийхээ хэрэгцээг усан болон атомын станцаар хангадаг учраас үнэ хямд байдаг. Манайд нүүрсээр ажилладаг, тоног төхөөрөмж нь элэгдэж муудсан хэдэн цахилгаан станц байна. Тэгээд цахилгаан станц нь үйлдвэрлэл явуулаад байдаг ч ашиггүй ажилладаг. Өөрөөр хэлбэл цахилгаан үйлдвэрлээд, хэрэглэгчдэд хүргэх зардлаа л нөхдөг. Үүнийг ашиглалтын зардал гэдэг. Тэгэхээр ямар мөнгөөрөө нүүрсээ худалдан авч, замынхаа зардлаа төлж, үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг шинэчлэх вэ.
Бас урьд жилүүдийнхээ өрийг төлөх ямар ч боломжгүй болно. Саяхан төмөр зам тээврийнхээ зардлыг 20 хувь нэмчихсэн. Уг нь аажим аажмаар нэмдэг байсан юм сан. Эрчим хүч үйлдвэрлэгчид 2007 оны эхний хагас жилийн байдлаар, 18 компанийн мэдээгээр 200 шахам сая төгрөгийн балансын алдагдалтай ажиллажээ. Түүнээс гадна өр, авлага гэж тоймгүй. Харамсалтай нь орлого авлага өглөг хоёр нь огт тэнцэхээргүй зөрөөтэй байгаа. Ийм байдал дахиад хэдэн жил үргэлжилбэл юу болохыг төсөөлж ч чадахгүй нь.
Нүүрсний уурхайнууд ТУЗ-ийнхөө шийдвэрээр нүүрснийхээ үнийг нэмжээ. Тэдний нүүрснийхээ үнийг нэмэхээр тооцоолж гаргасан аргачлалыг Түлш эрчим хүчний сайд зөвшөөрөхгүй байгаа учир, хэрэглэгчид хуучин үнээрээ цахилгааныхаа хөлсийг төлсөөр байна. Өнөөдрийн байдлаар нэг тонн нүүгс уурхайгаас нь авахад Багануурынх 11,500, Шивээ-Овоогийнх 7500, Шарын голын уурхайн нүүрс 13,600 төгрөгийн үнэтэй байна. Хэрэв тус яамны сайд уг шийдвэрийг зөвшөөрөх аваас цахилгааны үнэ нэмэгдэнэ гэсэн үг. Нүүрс тэдэн төгрөгөөр нэмэгдвэл, эрчим хүч, дулаан ийм үнэтэй болно гэсэн тооцоог аль хэдийн хийчихсэн.
Таван хувилбараар тооцсон гэнэ. Цахилгаан дулаан үйлдвэрлэгчид олон улсын жишгээр байшин барилга, тоног төхөөрөмжийнхөө элэгдэл хорогдлыг тооцон, үйл ажиллагааныхаа зардлыг шударгаар гаргавал, бодит үнэ гарна гэж мэргэжилтнүүд нь үзэж байна.
Монголд төрөөс цахилгаан, дулааны үнийг зохицуулдаг. Монголоос бусад улсад цахилгаан, дулааны үнийг зах зээлийн үнээр тооцдог бөгөөд, төрөөс хараат бус байдаг аж. Уул нь зах зээлд шилжсэний дараахан буюу 1996 оноос цахилгааны үнийг чөлөөлсөн.
Энэ үед цахилгааны үнийг тооцохдоо нүүрсний үнийн өсөлт, шатахуун, тоног төхөөрөмж зэрэг нөлөөлдөг хүчин зүйлсээ томьёолон, компьютерт оруулан, тухай бүрт нь үнээ нэмээд, тооцчихдог байж. Гэтэл энэ нь 2000 оны сонгуулиас өмнөхөн улс төржөөд, тухайн үеийн Засгийн газрын Ерөнхий сайд төрөөс зохицуулдаг болгочихож. Үнэндээ тухайн үед бага багаар нэмэгддэг байсан нь хэрэглэгчдэд мэдрэгдэж, дарамт болдоггүй байв ажээ.
Харин өнөөдөр нэлээн олон төгрөгөөр үнэ нэмэх тооцоо гарсан учир, ард түмний амьдралд хүндхэн цохилт болох нь ойлгомжтой. Тэгэхээр төрийн оролцоо зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Үйлдвэрлэгчдийн тооцсон үнээр огцом нэмэгдвэл ямар үр дагавар гарах нь ойлгомжтой. Хэрэглээний болоод бусад барааны үнэ тэр хэрээр өснө.
Мөн Монголд гэр хорооллын болон орон сууцанд амьдардаг иргэд эрчим хүч хэрэглэснийхээ төлөө хоёр өөр үнээр мөнгө төлдөг. Гэр хорооллынхон хэрэглэсэн нэг ватт цахилгааны үнэнд 48 төгрөг, 80 мөнгө төлдөг бол орон сууцныхан 51 төгрөг төлдөг. Дахиад цахилгааны үнэ нэмэгдэнэ гэж тооцвол, орон сууцанд амьдрахад хэцүү болох нь.
Гэхдээ мэргэжлийн хүмүүсийн хийсэн тооцоо байдаг юм билээ. Өвөл гэрт таван тонн нүүрс, хоёроос гурван шоо метр мод хэрэглэдэг тооцвол, хоёр өрөө байрны дулаан, цахилгааны хөлсийг найман сараар бодоход, орон сууцных нь хоёроос гурав дахин бага гардаг гэнэ. Хамгийн эмгэнэлтэй нь цахилгаан станц үйлдвэрлэсэн дулааныхаа үнийн алдагдлыг цахилгааныхаа мөнгөөр нөхдөг. Өөрөөр хэлбэл дотоод татаасаар урд хормоигоороо хойд хормойгоо нөхдөг гэсэн үг.
Хэдийгээр энэ нь тайлбарлахад хэцүү ч, шударга бус хуваарилалт ч, өнөөгийн бодит шаардлагад нийцүүлэн ингэж зохицуулахаас өөр аргагүй. Хэрэглэгчдэд тайлбарлаад ойлгохгүй, эрхтэн дархтан нь улс төржүүлэн, шоу хийгээд салдаггүй. Нэг иймэрхүү байдлаар үлгэн салган үйл ажиллагаагаа явуулж байна. Цахилгаан станцууд цаашид үйл ажиллагаагаа явуулахын тулд удахгүй үнээ нэмэх нь тодорхой болж. Эсвэл цахилгаан дулаан хэрэглэхээ больж, XIII зуундаа эргэн очих нь.
Ардчилал 096(207, 208)