Түвдүүдийн хэрэг буюу саж лам Жамъянданзанг золигт гаргасан зохиомол хилсдүүлэлт

ЗХУ-ын хувьд Монгол улс төрийн стратегийн ач холбогдолтой газар байсанчлан Монголын хувьд Түвд орон мөн тийм ач холбогдолтой газар байлаа. Түвд бол Богд хаант Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн цорын ганц орон учир элчин төлөөлөгчөө Нийслэл хүрээнд суулгаж байжээ. Саж ламын хэрэг-ийг мөрдөж дуусгахаар байгуулсан Байлдааны үеийн хэрэг шийтгэх газар-ын 1921 оны 11-р сарын 20-ны өдрийн нэг дүгээр тогтоолд Богд хаан, Саж лам нарын хооронд ямар хүн үг залгуулсныг мэдэх, гэрчийн этгээд болох бага Жамбал, 308-р хорооны захирал Гориднов нарыг баривчлан ирүүлэх хэрэгтэй гэжээ.

Энэ хэргийг манайхан Саж ламын хэрэг гэх боловч материалын дээд талд оросоор Түвдүүдийн хэрэг гэж бичжээ. Харин Горидновын өчиг хавтаст хэрэгт алга байна. Бага Жамбал өчихдөө Би Саж ламтай уулзаж байсан. Ардын намын тэргүүн сайд Бодоо, Чойбалсан нарын зэрэг хэдэн хүнийг урьтаж барьж авбаас зэвсэг, буу сум нэлээд нь манайх болно гэсэн нь илэрхий зохиомол, зориуд өдөөн хатгасан шинжтэй байна. Тэгээд ч Жамбалыг хэргийн сэдэв гаргахыг бодож ингэж ярьсан гэж тэмдэглэсэн байдаг.

Энэ хэрэгт 50 шахам хүн баривчлагдсанаас 23 нь андуу, түвд бусад нь монгол, хятад иргэд байжээ. Монгол, хятад хүмүүсийг сарын дараа суллажээ. Түвдүүдийг жил шахам хорьж, хатуу гэсгээн мөрджээ. Гяндангийн маш заваан бохир нөхцөлд эрүүдэн шүүж байсан учир тэдэнд гэдэсний халдварт хижиг өвчин тусч хиарчээ. Харин Саж ламыг тэднээс тусгаарлан авах нэрийдлээр цаазалсан аж. Баривчлагдсан бүх түвдүүд Гудамжинд энгийн явж байхад, эсвэл өглөө орноосоо босоогүй байхад орос цэргүүд дайран орж ирээд барьсан.

Бид Ардын засгийн эсрэг ямарч эсэргүү санаа сэдээгүй гэж мэдүүлжээ. Саж лам Жамъянданзан мэдүүлэхдээ Ноднин өвөл гамин цэргүүд Богд хааныг баривчилсан билээ. Энд сэтгэл зовсон түвдүүд хуралдаж, журамт цэрэгт элсэн орсон. Түвд цэргүүдийн захирагчаар Жамъянданзан миний биеийг томилсон. Би цэргүүдийг захиран гамин цэрэгтэй байлдаж устган Богд хааныг чөлөөлсөн билээ. Бид Богд хааныг Манзушир хутагтын хийдэд залсан юм.

Хүрээг орос, монгол цэргүүд чөлөөлж, яам албан газар нээсний дараагаар Богд хааныг гандан хүрээнд залж, Цэргийн яамны зөвшөөрлөөр манай түвд цэрэг татан буугдсан билээ. Зүүн хязгаар нутагт Дамбийжанцан болон цагаан намын цэрэг, гамин цэргийн үлдэгдлийг устгахад манай түвдүүд цэрэг илгээн дайтах гэсэн боловч Орос, Монголын дарга нараас зөвшөөрөөгүй билээ.

Бага Жамбал намрын сүүл сард манай гэрт гурваас дөрвөн удаа ирсэн. Далай ламын сангаас зээл авч болох эсэх, түвд цэрэг зэр зэвсэг худалдаж авах эсэх талаар сонирхож байсан. Бас хүрээнд хичнээн түвд байгаа вэ гэхэд Би 200-300 хүн бий гэсэн.

Харин Жамбалыг урьд нь морины хазаараар манай түвд цэргүүд зодсон явдал байдаг. Үүнд өширхсөн Жамбал байлдаанд явахдаа манай дөрвөөс таван цэргийн араас буудаж хороосон юм билээ. Эдүгээ үүнийг өшлөн огт худал гүтгэн намайг хилс хэрэгт хамтатган оруулахаар санаж байна. Ардын намын эсрэг миний бие болон манай түвүүд байлдахыг санаархаагүй. Ярьсан хэлэлцсэн зүйл ч огт үгүй. Бидний түвдүүд монголчуудын хэрэгт гаднаас оролцох эрхгүй билээ гэжээ. Дээрх баримтаас үзэхэд Саж ламын хэрэг Монголд өрнөсөн тусгаар тогтнолын төлөө тэмцлийн ялалтад түшиглэн мандах нь мэдээж байсан.

Түвдийн ард түмний Монголын ард түмэнтэй тогтоосон харилцаа холбоог таслан зогсооход чиглэсэн нь илэрхий байна. Үүнд их гүрний дээрэнгүй бодлогоор түрээ барьж хятадуудын гар оролцсон явдал ч бий. Саж ламын хэрэг бол жижиг хөрөнгөтний улайрсан хувьсгалчид, зүүн эсэрүүд удирдан зохион байгуулж, Монголын дотоодыг хамгаалах газрыг хүчээр гар нийлүүлсэн нь харамсалтай хилсдүүлэлт болжээ.

81-р суваг 020(655)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button