Хэлмэгдсэн лам нарыг сүнсээр нь дуудаж авчирчээ
Би залуухан дөнгөж 18 нас хүрч байсан юм. Залуу насанд алдаж онох юм алийг тэр гэхэв. Нөхөргүй хүүхэд гаргаад сэтгэл гундуухан л амьдарч байсан үе. Миний өвөг эцэг лам хүн байсан. Би багаасаа өвөг эцэг дээрээ өссөн. Бид хоёр, хоёр идэхгүй хоосон хонохгүй байдагсан. Тэр үед нөгөө л улс төрийн хэлмэгдүүлэлт гэж юм болж мөн ч олон сайн лам нарыг авч явсан даа. Миний өвөг эцгээс хүмүүс юм асуух гэж шөнө дөлөөр их ирнэ.
Нууж хааж хаацайлах гэж их зүйл болдогсон. За тэгээд олон зүйлийг нуршаад яахав ярьж өгье. Намар оройхон байсан юмдаг. Үдийн сааль өнгөрөөд ажил нугалагдаад байж байтал 20-иод морьтой хүн ирж яваа харагдана. Бидний айсан ч гэж их. Таван гэрээрээ айл буусан байсан улс чинь бүгд гаднаа цугларч охид хүүхдээ нуугаад өөрсдөө тосон автал манай нутгийн лам нараас нэгийг нь ч үлдээлгүй баривчлан морин дээрээ хүлэн заримыг нь морин тэргэнд хийгээд хооронд нь холбоод уячихсан байж билээ.
Миний айсан гэж одоо өвөг эцгийг минь ингээд аваад явна даа гэж бодоод уйлж хайлаад зогсож байтал гэрийг баруунаас нь эхлэн нэгжиж гарлаа. Манай гэр дунд гэр байсан юм. Та өглөө өвөг эцэг эрт босоод өрх бүтээгээд намайг орхи гэж гээд нэг ч удаа гэрээс гарч яваа нь харагдаагүй нь гэнэт санаанд орсон юм. Тэгээд манай гэр рүү ороод явчихлаа. Гэрт хүү унтаж байгаа даа гэж бодоод сэрээд айгаад бөөн юм болно доо араас нь оръё гэж бодоод хүйт даасан биеэ чангалж гэрийн үүдэнд очтол хүмүүс гэрийн юмыг түчигнүүлж байгаа бололтой байна. Гэтэл бүгд өөдөөс гараад ирдэг юм байна.
Тэд юу ч олоогүй бололтой орсон чигээрээ гараад ирдэг юм байна. Миний айх гайхах хоёр зэрэгцэж тэднийг харан зогстол хөдлөөд явчихлаа. Бид нар тэднийг овоо давангуут манайх руу гүйлдэн орсонд хүү минь орон дээрээ унтаж байна. Харин өвөг эцэг минь хоймортоо ном уншаад юу ч болоогүй юм шиг урьдын адил хөмсгөө жаахан зангидаад нүдээ анин ном бясалган сууж билээ. Ингээд тэрээр номоо уншиж дуусаад миний хүү гурван өдөр гурван шөнө унтах байх санаа битгий зовоорой гэж билээ.
Тэгээд би ч юм хэлсэнгүй. За гээд л өнгөрсөн.Шөнө дөл болоход нутгийн иргэд бүгд л манайх руу цуваж хөгшин залуу хэдэн лам хуврагаа яасан ийсэн тэдгийг асуухаар уйлаан хайлаан болж явган нүцгэн цувсан юм. Тэр олон хүмүүсийн уй гашууг үгээр хэлж болмооргүй. Өвөг эцэг минь тэднийг цуглуулаад за одоо нэгэнт ийм хэрэг болсон хойно яахав би маргааш нэг араас нь яваад ирье гэж хэлээд өөр юу ч дуугарсангүй. Маргааш өглөө нь үүрийн цолмон гарсан үеээр өвөг эцэг нутгийн хэдэн залуучуудыг дагуулан морьдынхоо сайныг шилэн унаж тэдний араас явсан юм.
Хүү минь ч унтаад сэрдэггүй их хэцүү байж билээ. Ингээд хоёр хоног өнгөрлөө. Тэднээс сураг байдаггүй гуравдахь хоногийн үүрээр морин төвөргөөн сонсогдож эхлэх шиг болохоор нь босон харвал хүний эрэлд явсан хэдийн бараа мөн байлаа. Тэд иртэл баригдаж явсан ламуудаас хоёрхон нь ирсэн юм. Бусдыг нь тэд нутгийн хөрсөндөө хөдөөлүүлээд ирсэн байж билээ. Тэднийг ирсний дараахан хүү минь сэрж амьд ирсэн хоёр ламын өвөр дээр нь сууж та хоёрын хүлээг тайлахад хэцүү байсан тиймээ өвөө гэж хэлсэн юм.
Өвөг эцэг миний ач хүү ухаантай болохоор хурдан хүлээг тайлсан шүү гэж тэд эр хүний энгийн яриаг өрнүүлээд явсан юм Ингээд тэд унд уугаад хөдөөлүүлсөн бусад лам нарынхаа газарт очиж гурван шөнө гурван өдөр ном уншиж билээ. Энэ явдлаас хойш манай нутагт хэлмэгдүүлэлийн тэр харгис хүмүүс яваагүй юм. Лам алга дарам зайд хамгиин үржил шимтэй ургамал ургадаг ч ямар ч мал амьтад тэнд хүрдэггүй хэвээр үлдсэн юм. Зуны цагт харахад ногоороод л сайхан харагддагсан. Одоо ч тийм хэвээрээ байгаа.
Шуугиан 23