Төрийн албан хаагчийн цалин 200 мянган төгрөгөөс давна

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр нийслэлийн болон Сүхбаатар дүүргийн 15, 16 дугаар хорооны иргэдийн цахилгааны хангамжийн асуудлаар Түлш эрчим хүчний сайдад хандаж асуулга тавьсан байна. Тус хороо¬ны 45 айл өрхийг эрчим хүчнийхэн цахилгаанаар хангахаас татгалзсан юм байна.

Үүнийг Түлш эрчим хүчний яамны газрын дарга н.Саранжав тайлбарлахдаа,

-Техникийн шинэчлэл хийж, хамгаалалтын зурвас татах ажил Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа. Хуулиар цахилгааны шугамаас айл өрх дор хаяж 2 м-ээс гадагш байх ёстой. Ийм шаардлагыг биелүүлээгүй айл өрхийг бид цахилгаанаар хангах боломжгүй гэж байлаа.

Л.Гантөмөр гишүүн асуулгынхаа хариуд үг хэлэхдээ, дээрх 45 айлын тал хувьтай нь зөвшилцөж байна гэсэн танилцуулга ирүүлсэн атлаа одоо хангахгүй гэж байна. Өөрсдөө тэнд амьдран суух зөвшөөрөл олгочихоод гэрэл цахилгааны асуудалд нь ингэж хандмааргүй байна. Тэдний асуудлыг шийдэхийн тулд танай яамнаас ажлын хэсэг байгуулж, тэндээ намайг ч оруулчих гэсэн санал тавьж байлаа.

Дараа нь Баянхонгор аймагт барьж байгаа дунд сургуулийн барилгын ажил гэрээний дагуу явагдахгүй, ажилчдын цалин хөлс олгогдохгүй байгаа талаар УИХ-ын гишүүн Г.Занданшатарын тавьсан асуулгад БСШУ-ы сайд Ө.Энхтүвшин хариулт өгсөн юм. 641 хүүхдийн сургуулийн барилгыг Зос трейд ХХК барихаар тендерт шалгарсан боловч үүсгэн байгуулагчдын хооронд маргаан үүссэнээр энэ оны хоёрдугаар сараас ажил нь зогсож, компанийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, банкны харилцах дансыг нь хаасан байна.

Тэд барилгын ажилчдын цалинг олгосон ч харуул хамгаалалтын хүмүүсийн цалин хөлсийг олгоогүй байгаа аж. БСШУ-ы яам нэгэнт ажлыг эхэлсэн компаниар нь дуустал гүйцэтгүүлэх зорилготой байгаа гэдгээ хэлж байсан. Г.Занданшатар гишүүн, гүйцэтгэл нь 10 хүрэхгүй хувьтай байгаа атлаа төлөвлөсөн хөрөнгийн талыг нь үгүй хийчихсэн байгаа Зос трейд компани энэ ажлыг хэзээ хийж дуусгах юм бэ гэж БСШУ-ы сайдаас асууж байлаа.

Ө.Энхтүвшин сайд ажлынхаа 30 хувийг хийсэн болохыг тогтоосон. Өмчийн маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлэсний дараа үл хөдлөх хөрөнгийг нь худалдаж аль болох богино хугацаанд барилгын ажлыг дуусгуулна гэж хариулж байв. УИХ-ын гишүүн С.Оюун хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох асуудлаар НХХ-ийн сайдад асуулга тавьсан байна.

Сайд Д.Дэмбэрэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өнгөрсөн онд 26.7, энэ онд 30.1 хувиар өсгөснөөр нэг цагт ногдох хөдөлмөрийн хөлс 419 төгрөг, төрийн ажилтных 462 төгрөг болсон гээд ирэх 10 дугаар сарын нэгнээс цалингийн доод хэмжээг 80.0 мянган төгрөгт хүргэхээр төлөвлөж байна гэлээ. ИЗН-аас нэг цагийн ажлын хөлсийг нэг ам.доллар болгох саналыг хүлээж авах боломжгүй гэдгээ ч хэлсэн.

Өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчийн дундаж цалин 162.4 мянган төгрөг байгааг 10 дугаар сарын нэгнээс 30 хувиар нэмэгдүүлж 211.9 мянга болгоно гэнэ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд 32 тэрбум төгрөг шаардлагатай байгаа бөгөөд ингэж нэмэгдүүлснээр ДНБ-д эзлэх цалингийн сангийн хэмжээ 13.3 хувь болох аж.

С.Оюун гишүүн өнөөдрийн цалингийн доод хэмжээ 80 мянга болсон ч боолын хөдөлмөрийн үнэлэмжтэй адил байна гэж шүүмжилж байлаа. Д.Дэмбэрэл сайд, цалин хөлсийг нэмэхэд дургүйцэх хэн байхав. Гагцхүү санхүү төсвийн өнөөгийн байдалд тулгуурлаж л тооцоо хийж байгаа гэж учирлаж байв. Ер нь цалингийн доод хэмжээ 69 мянган төгрөгийн тухайд Засгийн газар, МҮЭ, Ажил олгогч эздийн холбооны хооронд яриа хэлцэл явагддаг ч ажил олгогчид цалин хөлсийг нэмэх нь инфляцийг хөөргөдөж, ажилгүйдлийг нэмэгдүүлнэ гэсэн байр суурь илэрхийлдэг байна.

С.Оюун гишүүн энэ байдалд бухимдаж, сүүлийн 17 жилд ажилгүйдэл, ядуурлын төвшин буурахгүй байна. Төсөв хоёр гурван жил эсрэг гарч, популизм мэт сонсогдож байсан цалин хөлс нэмэх асуудал бодит байдал болж байгаа энэ үед зоригтой алхам хийх хэрэгтэй байна. Засгийн газар хүүхдийн мөнгийг 5000 төгрөг гэж санал оруулсныг УИХ улиралд 25 мянга, cap бүр 3000 төгрөг олгохоор хэлэлцэж шийдвэрлэсэн. Одоо хүүхдүүд үр дүнг нь хүртэж байна гээд Засгийн газрыг гэрийн даалгавар-аа сайн хийж, тодорхой зоримог алхам хийхийг шаардаж байлаа. Үүгээр УИХ-ын баасан гаригийн чуулган өндөрлөсөн юм.

Зууны мэдээ 179 (2627)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button