С. Баяр МАХН-ын дарга болж магадгүй

Тэгвэл Монголын хамгийн ууган улс төрийн хүчин МАХН-ыг анааштай адилтгаж болно. Намд шинэчлэл хэрэгтэй хэмээн 2005 оноос хойш жигүүр хөдөлгөөн, гишүүд нь хичнээн ч удаан ярив,

Түүнээс хойш хоёр жилийн дараа л өндөр дээр залардаг толгой нь энэ тухай мэдээлэлд хариу өгч, Бага хурлаа хийе, шинэчлэлийн талаар ярилцъя хэмээж байна. Шинэчлэлийн хэмээн тодорхойлж байгаа бага хурал ирэх сарын 4-нд болно. Хуралд бэлтгэх ажлыг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяраар ахлуулсан ажлын хэсэг хийж буй.

Энэ хурлаар ямар шинэчлэлийг яаж хийх вэ гэдгээс улс төрийн хүрээнд төдийгүй олон нийтийн анхаарлыг татаж байгаа нь МАХН-ын даргын асуудал. Сүүлийн үед хэвлэлийн хуудаснаас салахаа болиод байгаа энэ асуудлаар МАХН-д янз бүрийн байр суурь бий.

УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүдийн гуравны нэг болох 13 хүн намын даргадаа илгээсэн шаардлагад МАХН-ын удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг Ерөнхий сайдын албан тушаалыг намын даргын сонгуульт албатай хавсран гүйцэтгэж буйг зааглан салгахаас эхэлж, МАХН-аас УИХ-ын ээлжит сонгуульд бэлтгэх ажлыг эрчимжүүлэх хэмээн дурдсан байгаа.

Намын дарга, Ерөнхий сайдын алба хоёрыг салгах нь зүйтэй гэж үзэж буй Элсний 13 М.Энхболдтой уулзаж, аль нэгийг нь сонго хэмээн тулгасан тухай ч мэдээлэл цацагдаж байсан билээ. Тэгвэл МАХН-ын шинэчлэлийн талаар анх ярьж гарч ирсэн Уламжлал шинэчлэл, ардчилал шударга ёс жигүүрийнхэн энэ талаар өөр байр суурьтай байгаа юм.

Олонхи болсон нам сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхэд МАХН-ын дарга Ерөнхий сайд байх нь зохимжтой хэмээн жигүүрийнхэн үзэж байгаа бөгөөд энэ хоёр албыг салгаснаар МАХН-ын нэр хүнд суга өснө гэж найдахгүй байгаагаа ч илэрхийлсэн. Харин Ерөнхий сайд на¬мын дарга байхаас доош бүх шатанд засаг, намын ажлыг салгая гэдэг саналыг удаа дараа дэвшүүлж байсан.

Айсуй хурлаар намын даргын асуудлыг хэлэлцэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд МАХН-ын дүрэмд бага хурлаар намын даргын асуудлыг хэлэлцэх тухай заалт байхгүй гэсэн бор шувуу аль хэдийнээ нисч эхэлжээ. Үүнийг М.Энхболдын фракцынхан тараагаад байна гэсэн хардлага ч бас байна. Гэхдээ МАХН-ын дүрэмд өөр нэгэн заалт байгаа гэнэ. Намын даргын орон гарвал бага хурлаар шийдэж болох тухай.

Тэгэхээр бага хурлаар М.Энхболдыг өөрчлөх талаар хэлэлцэх но нээлттэй гэсэн үг аж. Хэрвээ бага хурлаар намын даргын тухай нэгэнт л ярьж эхэлбэл, М.Энхболдын халааг авах хүн нь С.Баяр байх магадлалтай.

Дараагийн даргад С.Баяраас өөр сонголт байхгүй хэмээн харж байгаа хүн МАХН-д олон байгаагаас М.Энхболд Засгийн газартайгаа үлдсэнийхээ хариуд намын даргын албаа өгөхөөр болсон гэх мэдээлэл ч бий. Гэхдээ асуудлыг шийдэхзд бүлэглэл фракцуудын нөлөө маш их гэдгийг бүгд мэднэ.

Экс Ерөнхийлөгч Н.Багабандийн фракцын хүн гэгддэг С.Баяр 2005 онд МАХН-ын 24 дүгээр их хурлын үеэр намын даргын сонгуульд М.Энхболдтой хүчтэй өрсөлдсөн. Гэвч М.Энхболд цөөхөн саналын зөрүүгээр ялалт байгуулсан билээ. Энэ ялалтын гавьяа нь М.Энхболд хүчтэй лидертээ бус, түүнийг гаргаж ирсэн экс намын дарга Н.Энхбаярын нөлөө, нийслэлийн намын хорооныхны хүчтэй лоббинд байсан гэдгийг мартаж болохгүй. Харин өнөөдрийн нөхцөл, их хурлынхаас өөр билээ.

Түүнээс бүр тэс өөр нэг зүйл бий. Тэр нь 10 жилийн өмнөх явдал. Ялсан намын дарга Ерөнхий сайд байх тухай Монголын шинэ улс төрийн түүхэнд бичигдэж эхэлснээс хойш арван жил болжээ.

1996 оны УИХын сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан холбоо эвслийн ерөнхий менежер М.Энхсайхан Ерөнхий сайдын суудлаасаа 1997 онд огцорсон. М.Энхсайханыг Ц.Элбэгдоржоор солих болсон үндэслэл нь ялсан намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэдэг томъёолол байсан билээ.

Тухайн үед туйлын үнэн нь энэ хэмээн Үндсэн хуульд хүртэл өөрчлөлт оруулсан. Гэтэл үнэн гэдэг ойлголт цаг хугацааг даган өөрчлөгдөж байдаг бололтой. Өнөөдөр уг асуудал эсрэгээрээ эргэж намын дарга Ерөнхий сайд байх шаардлагагүй гэсэн ойлголт газар авч улмаар бас нэгэн Ерөнхий сайдын асуудал яригдаж эхвллээ.

МАХН даргаа Ерөнхий сайдын албыг хавсран гүйцэтгэж болохгүй гэж үзвэл М.Энхболд нам, засаг хоёрынхоо алиныг нь сонгосноос үл хамаараад цаашдаа Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг ч эргэн харах асуудал сөхөгдөж магадгүй нь.

Зууны мэдээ 179 (2627)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button