Нийтийн тээврийг хөгжүүлэх төсөл хэрэгжинэ
Мэргэжилтнүүдийн гаргасан тооцоогоор нийслэлийн нийтийн тээвэрт 1000 орчим их багтаамжийн автобус шугаманд тогтмол үйлчлэх шаардлагатай байгаа юм.
Энэ зорилтыг шийдвэрлэх талаар Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас зээлийн төсөл санал болгожээ. Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх төсөл-ийн энэхүү зээл нь жилийн 8.6 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 4.5 жил, зээлийн хэмжээ нь 5.0 сая ам.доллар байх юм.
Түүнчлэн Нидерландын вант улсын Засгийн газраас олгох хөрөнгө оруулалтын 4.0 сая ам.долларын эргэж төлөгдөхгүй буцалтгүй тусламж болон ЕСБХБ-ны Монголыг дэмжих сангийн 0.6 сая ам.долларын туслалцаа уг төслийн дагалт санхүүжилт болох юм
Засгийн газрын хуралдаанаас нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх асуудлыг ЕСБХБ-ны зээлд хамруулахыг зарчмын хувьд дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороогоор зөвшөөрүүлэхээр хүргүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх төслийн зээлийг Автобус-1 нийслэлийн өмчит үйлдвэрийн газар дээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд нийт 120-150 их багтаамжийн автобус авах ажээ.
/Оллоо.МН/