Монголын хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэмэгц Айвенхоу Майнз уурхайг Рио Тинтод зарж болзошгүй байна

Өнгөрөгч оны 10-р сард Канадын Айвенхоу Майнз болон Нэгдсэн Вант улсад бүртгэлтэй Рио Тинто компаниуд тохиролцсноор Рио Тинто хөрөнгө оруулалтаа цаашид 1,5 тэрбум хүртэл өсөн нэмэгдэх болзолтойгоор Айвенхоугийн хувьцааны 9,95%-ийг 303 сая ам.доллараар худалдан авсан.

Айвенхоу Майнз компани Оюу толгойн зэс-алтны асар том ордыг олборлох татвар, хууль болон санхүүгийн урт удаан хугацааны тогтвортой орчинг баталгаажуулах хөрөнгө оруулалтын гэрээг Монголын Засгийн Газартай байгуулмагц Рио дахин 46,3 сая ширхэг хувьцааг нэг бүрийг 8,38 ам.доллараар (нийт 388 сая ам.дол) худалдан авснаар Айвенхоугийн 19,9% буюу хамгийн их хувийг дангаар эзэмшигч болох юм.

Рио Тинтогийн үзэж байгаагаар 10-р сарын тохиролцоо ёсоор тэдний нийт хөрөнгө оруулалтын хувьд тэд хувьцааны багахан хэсэг бус, цаашлаад дийлэнх хэсэг ч бус харин бүх хувьцааг эзэмших сонирхолтой байна гэж эх сурвалж мэдээлсэн бөгөөд харин Айвенхоу Майнз шууд тайлбар өгөх боломжгүй байлаа.

Айвенхоу дахин 92,1 сая ширхэг хувьцааг Рио Тинтод янз бүрийн үнээр худалдвал Айвенхоуд нэмж 808 сая ам.доллар орж ирэх юм. Ингэснээр Рио Тинтогийн хувь эзэмшил Айвенхоугийн нийт хувьцааны 33,35%-д хүрнэ.

Эх сурвалжийн хэлснээр Рио Тинто болон Айвенхоу Майнзыг үндэслэгч Фрийдланд нарын хооронд компанийг нэгтгэх талаар баттай ярьж тохиролцсон зүйл алга. Тэрээр Рио Тинто зөвхөн хөрөнгө оруулах сонирхолтой бус компанийг бүхлээр нь худалдан авах хүсэлтэй байж болзошгүй хэмээн хардаж байна. Хэрвээ Айвенхоу Майнз компани худалдагдахдаа хүрвэл худалдан авах нь гарцаагүй компани бол Рио Тинто хэмээн эх сурвалж хэллээ.

Хэрэг явдал хэдий үед шийдэгдэх гэж байгааг асуухад, Айвенхоу Майнз Монголын Засгийн Газартай гэрээг эцэслэн шийдсэн даруйд гэж эх сурвалж хэллээ. Тэр үед маш олон үйл явдал өрнөх болно. хэмээн нэмж хэллээ.

Түүний нэрлэснээр эл царцанги байдлын гэрээ-гээр Монголын хууль тогтоомж болон улс төрийн орчин дахь ямар ч өөрчлөлт Айвенхоу Майнзын хөрөнгө оруулалтанд нөлөөллөхгүй хэмээн тайлбарлав.

Гэсэн хэдий ч 4-р сард Айвенхоу Майнз, Рио Тинто компаниуд Засгийн газартай хэлэлцээр хийх үед компанийн ажилтнууд болон Засгийн газрын төлөөлөгчид гэнэтийн ашгийн 68% хувийн татварын асуудлыг авч хэлэлцжээ.

Эл уурхай нь Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг нилээд хэдэн жилийн туршид 2-3 дахин нэмэгдүүлэхээр байгаа юм. Монголчууд энэ гэрээний хувьд зөв шийдэл гаргахыг ихэд хичээж байгаа тул гэрээ удааширч байгаа хэдий ч хэлэлцээр явагдаж байна. Гэрээний асуудлаар ажлын хэсэг томилогдсон, бага зэрэг удаан боловч ажиллаж байна. хэмээн эх сурвалж хэллээ. Тэрээр Айвенхоу Майнз энэ зундаа багтаан гэрээг байгуулж Оюу толгой төслийг эхлэхийг ихэд хүлээж байна хэмээлээ.

Өнгөрөгч долоо хоногт Лондонд болсон Дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр Токиогийн хөрөнгийн биржийн төлөөлөгч хувь нийлүүлсэн шинэ охин компани байгуулах боломжийн талаар Фрийдландаас асуув. Хариуд нь Фрийдланд хоёр ч охин компани байгуулахаар зэхэж байгаа хэмээн мэдэгдэв.

Рио Тинто компани Айвенхоутай энэхүү хөрөнгө оруулалтын түншлэлийг бий болгохдоо гол хөрөнгө оруулалтаа Монголд хийхийг чухалчилсан бөгөөд Айвенхоу Майнзын эзэмшилд байх бусад ордуудыг хоёрдугаарт тавиад байгаа аж.

Надиа Дамоуни, Нью Йорк хот.

2007 оны 5 сарын 23-нд

Financial Times сэтгүүлд хэвлэгдэв.

Товчлон орчуулсан Б.Монголмаа

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button