Гавъяат нисгэгч Д.Сугарыг клиник үхэл-д хүргэсэн байж болзошгүй гэнэ
Сар гаруйн өмнө хайрт хань, аав, хүү, ах дүүгээ алдсан тэдний нүдэн дэх нулимс хатаагүй. Сэтгэлд уйтай тэр өдрийг, харууслыг, хагацлыг яаж ч мартах билээ.
Эх орныхоо төлөө тангараг өргөж, тушаал авсан тэдгээр эрсийг төр засаг Алтан өлгий-д нутаглуулж, ёслолын буудлага буудсан өдрийн маргаашнаас нь мартаж, сайд дарга нар нь өөр өөрсдийгөө хаацайлж эхэлснийг бид мэднэ.
Тиймдээ ч амь үрэгдэгсдийн ар гэриинхэн төр засаг, сайд дарга нар хэргийн талаарх бодит үнэнийг нуун дарагдуулж, ослоос амьд үлдэгсдийг шагнаж, сувилалд амрааж, тэдний тархийг угаан, ослын талаарх унэн бодит мэдээллийг ард түмэнд яриулахгүй байх бүх арга хэмжээг авч байгаад гомдолтой байгаагаа хэлж байлаа. Дээрх осол нь техникийн гэмтлээс бус сайд дарга нарын буруутай үйл ажиллагаанаас болсон гэдгийг ч ард түмэн анзаарсан.
Хэрвээ техник хэрэгсэл, радио холбоогоор бүрэн хангагдсан байсан бол өнөөдөр 15 хүн амиа алдахгүй байсан гэж тэд үзэж байлаа. Манай ОБЕГ-т хоёрхон иридиум радио станц байдгийн нэг нь онцгойрох дуртай сайд С.Отгонбаярын машинд явдаг байж. Эх орны зоригт хөвгүүд осолд орж, амь тэмцэн, цусаа урсгаж байхад Онцгой байдлын сайд С.Отгонбаяр УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн төрсөн өдрийг Чингис зочид буудалд тэмдэглэн, эхнэр хүүхэдтэйгээ зугаацаж байсан гэж ар гэрийнхэн үзэж байна.
Өнөөдөр Монголд төр засаг, Цагдаагийн байгууллага гэж үгүй болж, дарга нарын гар хөл бологсод утсаң хүүхэлдэй болон цагийг нөхцөөж байгаад үнэхээр гомдолтой байгаагаа илэрхийлэн үлдэгсэд нулимс унагаж байлаа. Эх орныхоо төлөө алтан амиа алдсан эрсийн амийг Засгийн газар 10-хан сая төгрөгөөр үнэлж, ар гэрийнхэнд нь байр өгнө гэж байсан боловч өнөөдрийг хүртэл юу ч өгөөгүй л байгаа гэнэ. Харин ард түмэн, Аж ахуйн нэгж байгууллагууд хандивын гараа сунган 230 сая төгрөг төвлөрүүлэн өгсөнд үнэхээр их баярлаж байгаагаа хэлж байлаа.
Мөрдөн байцаах ажиллагаа удааширч, бүх зүйлийг ард түмнээс нуун дарагдуулж, хэргийг нууцын ангилалд багтаан шалгаж байгаад гайхаж байгаагаа сэтгүүлчдээр дамжуулан төр засагт хэлэхийг хүссэн юм. Шүүх эмнэлгийн дүгнэлт яагаад худлаа гарсныг, осол болсон газар руу агаарын завь яагаад явуулаагүйг, цаг агаарын байдал таагүй байхад хэн тушаал өгч гал сөнөөгчдийг үхэл рүү явуулсныг нуун дарагдуулж байгааг дахин дахин асуужбайсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр амь үрэгдэгсэд 15-20 минутын дотор нас барсан гэсэн нь ямар ч үндэслэлгүй зүйл гэдгийг нотлож байсан.
Үнэхээр л шүүх эмнэлгийн дүгнэлтийн дагуу 15-20 минутын дотор нас барсан бол хэзээ нь хугарсан хөлөндөө чиг тавьж боосон юм, осолдсон онгоцноос амь тэмцэн гарч, хугарсан ясаа холбон боож байсныг үгүйсгэж байгаа нь шударга ёс гэж Монголд үгүй болсныг харуулж байна гэж байсан. Хар хайрцганд бичигдсэн материалыг уншуулахаар ОХУ-руу явуулж, хариу нь 2007 оны долдугаар сарын 23-ны өдөр ирсэн хэдий ч 2004 оноос хойш хар хайрцганд бичлэг хийгдээгүй байна гэсэн хариу ирсэн гээд сууж байгаа нь биднийг үнэхээр басамжлан доромжилж байна гэлээ.
ОБЕГ-ын зураглаач Мөнхтөрийн хийсэн бичлэг нь шууд мөрдөн байцаагчийн гарт очоогүй. Эхлээд ОБЕГ-ын мониторингийн дарга Баатарзоригийн гарт очсон. Тэр хүн биднийг очихоор загнаж, доромжилдог. Хэзээ ч хүн ёсоор хүлээж авч уулздаггүй. Гэтэл сая наадмаар Баатарзоригийг ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнаж байна лээ. Бид шагнал гардаж авсан хүмүүсийг хараад уйлж суулаа. Засгийн газар, УИХ-аар ярьдаг юм нь л МИ-8 нисдэг тэрэг осолдсон учир Засгийн газрыг огцруулах, халаа сэлгээ гээд л ярих юм.
Битгий бидний гашуудлаар улс төрийн шоу хийгээч ээ. Халаа сэлгээг хэзээ ч хийж болно шүү дээ. Хамгийн гол нь энэ хэргийн буруутныг тогтоотол халаа сэлгээгээ бүү хийгээч ээ. Ажлын хариуцлага алдсан хүнээ халж байгаа нэрээр ялаас бүү мултлаач. Үнэхээр л Онцгой байлын газар л юм бол ажилчдынхаа ажиллах нөхцөл байдал, цалин хангамжийг, амь үрэгдсийн ар гэрт олгох тэтгэвэр тэтгэмжээ онцгой болгооч. Ард нь үлдсэн хань ижил үр хүүхдийг нь харж үзээчээ гэж байсан.
Мөн шархадсан хүмүүсийг авчирч байхад Д.Сугар даргыг авч явсан машин гэнэт чигээ өөрчилж, өөр замаар яваад өөр хаалгаар орж ирсэн. Бусад хүмүүсийг ачсан машин хүлээн авахаар орж ирж байхад Сугар даргыг ачсан машин өөр хаалгаар орж ирсэн. Сугар даргын биеийн байдал сайн байсан.
Тэгэхээр дарга нар энэ хэргийн талаар бодитоор ярих ганц гэрчийг клиник /эмнэлгийн аргаар/ үхэлд хүргэсэн байх гэж байсан юм.Тэд хурлын төгсгөлд Бид талийгаач Д.Сугарын ар гэрийнхэнд баярлаж, талархаж яваагаа илэрхийлмээр байна. Тэр хүн байгаагүй байсан бол өнөөдөр долоон хүн тахир дутуу ч гэсэн эрүүл саруул ухаантай суухгүй байсан. Бид 15 хүнийхээ шарилыг бүтэн авахгүй байсан.
Тэр хүний өмнө Монгол улс өртэй. Мөн талийгаачдын ар гэрт өгнө гэсэн 10 байраа өнөөг болтол өгөөгүй бөгөөд Та нарт түрүүлээд өгөхөөр амьд үлдсэн хүмүүс нь барьцаад байна гэж амьд үхсэний хооронд худлаа ярцхаа болиочээ дарга нараа гэснээр хурал өндөрлөсөн юм. Дашрамд хэлэхэд талийгаачдын 49 хоног нь ирэх сарын хоёронд болох аж.
Талийгаач комиссар Д.Батбаатарын эхнэр
Г.Баяржаргал Хань маань хоёр цагийн дараа
ирнэ гээд л ирээгүй
Бид хурлын дараа ОБЕГ-ын Шуурхай үеийн удирдлага зохицуулалтын газрын дарга комиссар Д.Батбаатар агсаны гэргий Г.Баяржаргалтай уулзсан юм.
-Талийгаач Сэлэнгэ руу явахдаа хэд хоногийн томилолтоор явна гэж танд хэлсэн бэ?
-Миний хань галын байгууллагад гал сөнөөгчөөс эхлээд дарга болтлоо бүх ажлыг нь хийж байсан. Эх орноо гэсэн сэтгэлтэй хүн байсан юм. Осол болохоос долоо хоногийн өмнө бид хоёр Тува улс руу яваад ирсэн. Тэгээд нэг хоног амраад л маргааш нь ажилдаа орсон. Орой нь ирэхдээ Сэлэнгэд маш их хэмжээний гал гарсан байна. Тийшээ явж, 20 гал сөнөөгчийг авааччихаад, хоёр цагийн дараа ирнэ гэж хэлээд өглөөний долоон цагт яваад л эргэж ирээгүй. /Уйлав сурв/
-Шүүх эмнэлгийн дүгнэлтэнд талийгаачийн үхлийн шалтгааныг юу гэсэн байсан бэ?
-Албан ёсоор бидэнд ийм тиим дүгнэлт өгөөгүй. Харин нас барсны гэрчилгээ гэж өгдөг юм билээ. Тэр үхлийн шалтгаан гэсэн тайлбардээр нь Зүүн гарталынхаа мөрөөр дарсан учраас битүү бэртэл авч, амьсгал хураасан гэсэн байсан. Үнэхээр битүү бэртэлттэй болохоор нүүр ам нь тиим болдог юм уу, танигдахын аргагүй л байсан даа. Биднийг шарилаа янзлах гээд очиход шүүх эмнэлгийнхэн бид янзалчихсан гэсэн.
Харахад нүүрэнд нь крем түрхээд янзалсан байсан хэдий ч дороос нь хөх няц болсон толбонууд их л харагдаж байсан Битүү бэртэлт тийм байдаг эсэхийг би сайн мэдэхгүй байна. 14 хүний шарил ирэхэд манай хүний шарил 12 гэсэн дугаартай ирсэн л дээ. Тэгээд шарилаа үзэх гээд ороход Э.Батбаатарын гэрээс хүн байна уу гэхэд нь тэрүүхэн хооронд маш их юм бодогддог юм билээ. Манай хүн чинь Э биш Д овогтой болохоор Энэ хүмүүсийн шарилыг зөөж байхад нь манай хүн амь тэмцэн мөлхөж байгаад хүмүүст харагдахгүй үлдсэн юм биш байгаа гээд л горьдсон. Гэтэл овгийг нь буруу хэлсэн байсан юм билээ. /Уйлав сур/
-Төр засгаас болон ажлын газраас нь ар гэрийг нь харж үзэж байна уу. Байрны сураг гараад байсан тэр нь юу болж байх шиг байна?
-Байраа одоохондоо өгөөгүй. 10 сард өгөх сураг байсан. Надад тэр байрны ч хэрэг алга. Яахав дээ, хоёр охинд нь үлдэх юмдаа гэж бодох юм. Үнэхээр гомдолтой л байна. Гэлээ гээд мянган гомдол нэхээд хань минь босоод ирэх биш дээ. Нэгдүгээрт босоод ирэхгүй, хоёрдугаарт ханийн минь 49 хоног нь ч болоогүй байхад янз бүрийн юм яриад, хайртынхаа ясыг өндөлзүүлэх вий гэж л бодож байна даа. Миний хань бурханы оронд тайван нойрсог дээ гээд буян хийж байна. Өөр яахав дээ.
-Та амьд үлдсэн хүмүүстэй уулзаж, ослын талаар асуусан уу. Ослын дараа хэн хэн нь амьд байсан, осол юунаас болсон гээд тэд мэдэж л байгаа даа?
-Үгүй, би уулзаагүй. Би бас нэг юманд гомдоод л байгаа. Долдугаар сарын 11-ний өглөө ерөнхийлөгч, ерөнхий сайдууд шагнал гардуулж байсан. Амьд үлдсэн хүмүүст гээд л… Амьд үлдсэн хүмүүсийг шагнаж бололгүй яахав. Тэгээд бас осолд орсон хүмүүсийг эрж байсан хүмүүс ч гэнэ үү шагнаад л байсан. Тэрийг нь би ойлгоогүй.
Эцсийн эцэст би тэр хүмүүсээс ганцхан л юм хүлээж байсан. Миний нөхөр дарга байсан, дурсаад өгөөч би хүсээгүй ч миний нөхөртэй хамт өөд болсон анд нөхдөө дурсаад Та нарынхаа төлөө бид зүтгэх болно ч гэдэг юм уу ганцхан өгүүлбэр хэлсэн бол бид баярлах байсан. Шагнал авч байгаадаа баярлаж байна л гэж байсан. Амьд үлдсэн хүмүүс баярлалгүй л яахав. Хөлгүй нь хөлгүй, гаргүй нь гаргүй ирсэн л байна лээ хөөрхийс. Хамт нисэж байгаад тал нь амиа алдаж, тал нь амьд үлдсэн шүү дээ.
-Гал унтраахаар гал сөнөөгчид явахад цаг агааын байдал муу байсан гэсэн. Тэр үед Сэлэнгэ рүү яв гэсэн үүргийг хэн өгсөн юм бол. Танд хэлж байсан уу?
-Тэр Осол болдгийн өглөө долоон цагийн үед манай гадаа машин ирсэн. Тэгэхэд бороо орж байсан. Шөнөжин орсон байсан л даа. Би Баагий гадаа бороо орж байна. Тэр газар ч гэсэн бороо орж байгаа бол гал нь унтрах юм биш үү гэсэн чинь манай хүн Харин тий-мээ гээд ажил руугаа ярьж, Цаг агаарын мэдээг Факсаар аваадах Сэлэнгэд бороо орж байна уу гэж байсан. Тэгээд За за, явахгүй бол болохгүй нь. Яв гэсэн гэнэ гээд гараад явсан. Мэдээж тэр үүргийг сайд дарга нар л өгнө шүү дээ.
-Танай талийгаачийг, талийгаач Д.Сугарын хамтаар удирдаж гал сөнөөгчдийг авч явсан гэж дарга нар нь ярьж байгаа юм билээ?
-Би тэгж сонссон. Хэрвээ тэд үхсэн хүн үг хэлэхгүй гээд тэгж байгаа бол ар гэрийнхэн нь гэдэг хүмүүс байгааг битгий мартаарай. Хэдийгээр тэд минь нас барсан ч гэсэн урьд орой нь юу гэж ярьж, өглөө нь гарахдаа юу ярьж байсныг бид гэрчилнэ шүү.
Х.Намуун-Уянга
Өглөөний сонин 149/214/