Хүн байцаана гэдэг дотоод сэтгэлийг нь мэдрэнэ гэсэн үг

Манай сонин энэ удаагын Мөрдөгч буландаа Улсын мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах, хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэд хурандаа Н.Түвдэндоржыг урьж оролцууллаа. Тэрбээр ажлынхаа тухай ийн хөөрөлдсөн юм.

-Та аль нутгийн хүн бэ? Яагаад энэ мэргэж-лийг сонгох болов?

-Би Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул. Дунд сургуулиа төгсөөд л сургууль хувиарлах үед мэргэжлээ сонгосон доо. Тухайн үед хэсгийн төлөө-лөгчийн ажил их сонирхолтой санагддаг байсан. Энэ ч нөлөөлсөн байх. Хуучнаар Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа Цэргийн дээд сургуульд элсэн орж, 1989 онд төгссөн. Манайхан дунд цагдаагийн ажилтан байхгүй. Анхных нь гэж хэлж болно. Харин хамт сурч байсан нөхдүүдээс маань ажил үүргээ сайн гүйцэтгэж, амжилттай яваа хүмүүс бий. Тухайлбал ЦЕГ-ын Хүч спорт хорооны дарга хурандаа н.Эрдэнэбаяр.

-Төгсөөд хаана томилогдсон бэ? Шинэхэн мөрдөн байцаагчид хэцүү санагдах үе байсан биз?

-Сургуулиа төгсөөд нутагтаа томилогдсон. Нэг жил орчим хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад аймгийн төв рүү шилжин 1998 он хүртэл боловсон хүчнээр ажилласан. Түүнээс хойш УМБГ-т алба хааж байна. Хэцүү зүйл байлгүй л яахав.

-Хүч хөдөлмөр зарцуулж байж илрүүлсэн ямар хэрэг байдаг вэ? Энэ тухайгаа яриач?

-2003 оны өвөл Дорноговь аймагт томилогдоод долоо хоног хунгарласан цас ухаж билээ. Бүтэн жил сураггүй алга болоод эрж хайж байсан залууг хадам эцэг нь хөнөөгөөд жалганд булсан гэсэн мэдээлээл ирсэн юм. Үүнийг илрүүлэх даалгавар аваад шинжээч эмчийн хамт Дорноговийг зорилоо. Талийгаач залуугийн гэрт очоод эхнэрээс нь юу болсон талаар шууд л асуусан. Эцэг нь нөхрийг нь алсныг мэдэж байснаар барахгүй өөрөө ч хамжилцсан юм билээ. Архи уудаг, агсан тавидаг залууг хадам эцэг нь сүхээр цохиж хөнөө¬гөөд гэрээсээ километр хэртээ жалганд булсан гэсэн. Харин эхнэр нь аавтайгаа нийлж цус нөжийг нь цэвэрлэж хамт булалцсан аж. Эхнэр нь үүнийг хэлээд булсан газраа тэмдэг төдий зааж өгсөн. Талийгаачын найз нөхөд цас ухахад тусалж байсан ч долоо хо¬ног болсон юм. Эхлээд хунгарласан цасыг нь арилгаад дараа нь шороог нь ухах хэцүү байсан шүү. Цогцос нь олдохгүй болохоор шантарсан. Гэхдээ хүч хөдөлмөр зарсны эцэст тэр хэргийг илрүүлсэн.

-Таны ажлын хэцүү бас сайхан нь юундаа байдаг юм бол?

-Мөрдөж байгаа хэргээ илрүүлэх л хамгийн сайхан нь. Илрүүлэхэд төвөгтэй, их хугацаа зарцуулсан хэрэг дээр нойр хоолгүй, ядартлаа ажиллаж, эцэст нь илрүүлчихээд сууж байхад аз жаргалтай байдаг. Харин бэрхшээлтэй зүйл олон. Гэм буруутай этгээд байцаалт өгч байхдаа Би энэ хэргийг хийсэн гэж хэлэхгүй нь мэдээж. Тухайн байцаагдаж буй хүнийхээ дотоод сэтгэлтэй нь харилцаж байж үнэн мөнийг тогтооно. Энэ л хэцүү дээ.

-Мөрдөн байцаагч хэргийг илрүүллээ. Ном журмынхаа дагуу тухайн хэрэг шүүхэд шилжинэ. Гэтэл шүүгчийн гаргасан шийдвэрт сэтгэл гонсгор үлдэх явдал бий юу?

-Бид хэргийн нотлох баримтыг цуглуулж шүүхэд шилжүүлснээр шүүгч хэргийг шийддэг. Хуулийн дагуу гаргасан шийдвэр хэн нэгэнд таалагдах албагүй ч бидний зүтгэсэн хөдөлмөр талаар өнгөрөхөд сэтгэл дундуур л байдаг юм.

-Таны бодлоор манай мөрдөн байцаагчид дэлхийн жишигт хүрч ажил¬лаж чаддаг болов уу?

-Ер нь манайхан гэмт хэргийн илрүүлэлтээр дэлхийд дээгүүр байранд ордог. Сүүлийн үед техник хэрэгсэл шинэчлэгдэн, чадварлаг залуучууд ажиллах болсон. Энэ нь хэргийн илрүүлэлтэд нөлөөлдөг байх. Гэхдээ залуучуудын ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх шаардлагатай гэж бодогддог шүү. Тэгээд ч энэ мэргэжил тухайн хүнээс цаг ямагт өөриигөө хөгжүүлж, өргөн цар хүрээтэй мэдлэгтэй болохыг шаардаж байдаг.

-Та одоо ямар хэрэг дээр ажиллаж байгаа вэ?

-Ер нь иргэдийн өмчийн хулгайн хэргийг шалгадаг. Одоогоор удаа дараалан мал хулгайлсан бүлэг этгээдийн хэрэг дээр ажиллаж байна. Тэд ах дүүгээрээ бүлэглэн 2006 оноос хойш мал хулгайлж байгаа бөгөөд хохирлын хэмжээ нь 15-16 сая төгрөгт хүрээд байгаа.

-Та гэр бүлээ танилцуулаач? Амралтаа яаж өнгөрөөдөг вэ?

-Би айлын бага. Дээрээ хоёр ах, хоёр эгчтэй хүн. Манай эхнэр төмөр замын байгууллагад ажилладаг. Бид нэг охинтой. Цаг зав хомс учир болохоор боломж гарвал гэр бүлийнхэнтэйгээ байхыг чухалчилдаг. Мөн найз нөхөдтэйгээ салхинд гарч амрах ч зүгээр шүү.

-Таны баримталдаг зарчим болоод залуучуудад хандаж хэлэх үг?

-Манай нутагт насаараа мөрдөн байцаагчаар ажилласан сайхан хүн байсан юм. Тэр Өөрийн шалгаж байгаа хэрэгтээ шүүгчийн байр сууриас ханд гэдэг байлаа. Юу гэсэн үг вэ гэвэл нэгдүгээрт гэм буруугүй хүнийг чирэгдүүлэхгүй байх үүднээс хэргээ сайн нягтал, хоёрдугаарт тухайн хэргийг тал бүрээс нь сайн судал гэсэн үг.

А.Ням-Өлзий

Нийгмийн толь 175/267/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button