Асар цирк-ийнхэн ирэх жил дахин тоглох нь

Тэд Хятадаас Хөрш-3 тоглолтод ирсэн циркчин амьтад билээ. Өнгөрсөн зургадугаар сарын 1-нээс нийслэлийн хүүхэд багачуудыг баярлуулсан Асар цирк хөдөө орон нутгаар айлчилж яваа. Хөрш хоёр орны циркчид өнөөдөр нийслэлд ирээд маргааш нутгийн зүг жолоо зална гэнэ.

Асар цирк-т Хятадын циркчин амьтдаас гадна хөлдөө асар хүчтэй циркин бүсгүй, амьтан сургагчид, Оросын гэр бүлийн хоёр алиалагч, манай уран нугараач хүүхдүүд, дээсээр наадагчид бий. Тэднийг удирдан яваа Шинэ цирк-ийн захирал Д.Зоригттогтохтой утсаар холбогдлоо.

-Сайн байна уу, Зоригоо ах аа. Зууны мэдээ сониноос ярьж байна. Та хэд одоо хаана байгаа вэ?

-Сайн, сайн байна уу. Бид Дорнодод тоглож байна.

-Хэзээ, хаашаа нүүх гэж байна?

-Өнөө орой (өчигдөр орой) хот руу гарахаар болсон.

-Ашгүй дээ. Нийслэлийнхэнд Асар цирк-ийн амьтдыг дахин үзэх хүсэл их байгаа юм шиг. Энд тоглох нь ээ?

-Үгүй ээ, хотод тоглохгүй. Хөрш хоёр орны маань циркийн амьтад 31 -нд нутаг буцахаар болсон. Яагаад гэвэл, Хятадын тал циркийн амьтдаа наймдугаар сарын 1-нд оруулж ирэхийг хүссэн юм. Уг нь 25 хүртэл тоглочихсон бол олон аймгийн хүүхэд, багачууд заан, бар, баавгай, тогосыг үзэх байлаа.

-Халуу шатсан ойрын хэдэн өдрийг хэрхэн өнгөрөөв?

-Халуунд дажгүй байлаа. Эд чинь угаасаа халуун орны амьтад болохоор нэг их тоосонгүй. Анх удаа урт хугацааны аялан тоглолт хийж байгаа болохоор зарим нь замдаа ядарч л байна.

-Нээрэээ амьтад юу идэж байна. Өдөрт ямар хэмжээний зүйлээр хооллодог вэ?

-Бар өдөрт 5-8 кг мах, заан дөрвөн боодол өвс, хагас шуудай лууван, дөрвөн ширхэг байцаа иддэг.

-Хоёр бамбарууш, тогосыг орхичихлоо. Тэд хоол иддэггүй юм уу?

-Хоёр бамбарууш маань өндөг, печень, жигнэсэн будаа, талх, лууван гээд өдөртөө 5-6 кг хоол идчихнэ шүү. Харин тогос будаа, байцаагаар хооллодог.

-Хоол, хүнсийг нь яаж бэлтгэх вэ?

-Очсон газраасаа худалдан авч байсан.

-Аль аймгуудад тоглов?

-Хотоос гараад Дархан, Хөтөл, Эрдэнэт, Сэлэнгэ, Зүүнхараа, Өндөрхаан, Дорнодод тоглочихлоо. Тэнд олон үзэгчтэй байсан. Аймаг бүрийн төв талбайд циркийн асраа барьж төвхнөөд л тоглолт үргэлжилж байлаа.

-Эрдэнэтэд очоод амьтдыг усанд оруулсан гэсэн. Түүнээс хойш ариун цэвэр сахиж чадав уу?

-Үгүй ээ. Тэгэхэд заан, бар усанд орчихоод баярлаад л хөөрхөн байсан шүү.

-Танайхан хэдүүлээ явж байгаа вэ. Аймгуудын хооронд юугаар явж байв?

-Хоёр том ачааны машинаар амьтдаа зөөж, харин циркчид нь машин, галт тэргээр явсан. Бүгд нийлээд 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй.

-Хөрш хоёр орны циркчид ямар үнэ ханшаар тоглож байгаа вэ?

-Энэ удаагийн аялан тоглолт туршилтын журмаар явсан. Орлого, зарлага тэнцлээ. Хамгийн гол нь заан, бар гээд халуун орны амьтдыг монголчууддаа сонирхуулахыг зорьсон. Дараа жил Асар цирк-ийнхэн тоглолтоо үргэлжлүүлнэ гэж төлөвлөж байгаа. Циркчдийн нэг өдрийн цалин нийтдээ нэг сая 500 мянга болдог. Амьтад нэлээд өндөр хөлстэй тоглож байгаа.

-Циркчид нутаг буцахдаа юугаар явах бол?

-Галт тэргээр явчихна. Хятадынхан Замын-Үүд хүртэл галт тэргээр, цаашаа машинаар давхина.

-За баярлалаа. Замдаа сайн яваад ирээрэй.

-Баярлалаа.

Зууны мэдээ 179 (2627)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button