Оюу толгойнхны хүлээлт хэзээ төгсөх бол

Тэнд монголчуудын 30, 40 магадгүй 50 жил тэжээх уул уурхайн томоохон үйлдвэр бий болно гэсэн таатай мэдээ ядуухан ард тумний сэтгэлд дотносон тархаж билээ.

Монголчууд дахиад нэг Эрдэнэттэй болох нь гэж яригдах болсон. Үнэндээ ч геологи хайгуулынхны анх тодорхойлсноор Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Оюу толгой хэмээх газарт хааш хаашаа дөрвөн км талбайд 30 сая тн зэс болон бусад металл илэрсэн гэж буй. Энэ баялгийг уул уурхайд нэвтэрч буй өнөөгийн шилдэг технологийн дагуу олборлоход наад тал нь 35 жил ашиглана гэсэн тооцоо гарсан юм.

Түүнээс хойш Оюу толгой гэхээр дуулаагүй мэдэхгүй хүнгүй болж хоногийн хоолгүй хоносон нэгэн ч гэлээ алс нь тэндээс хүртэх хувьдаа сэтгэл өег, гэдэс цатгалан байх болжээ. Гэтэл анхны прогноз-оор өнөөдөр энд олборлолт бараг эхэлчихсэн байхаар байтал хайгуулын ажил дууссан ч хоёр дахь Эрдэнэт-ийн маань хувь заяа бүрхэгдүү байгаа юм.

Учир яагаад вэ. Энэ асуултын хариуг эрэлхийлэхээр бид Оюу толгойг зорьсон билээ.

Говийн залуу тосгон анхны гэр хот. (Уурхайнхан, КЭНБ- гэж нэрлэдэг) маягаасаа салж байшинжиж байна. Гэр хотуудад одоогоор хунгүй ч уулын баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, шинэ хот барихаар хэдэн мянган хүнийг хүлээж анхныхаараа л байна. Харин уурхайн шинэ төвд юм бүхэн шинэлэг өнгө төрхтэй аж.

Энд Монголд анхны гэгдэх нэгэн шинэчлэлийг дурдаж болно. Тэр нь юу вэ гэвэл тохилог байдлыг нь хангахын тулд монгол гэрийг цэвэр болон бохир усны шугамтай болгон халаалт тавьж байна.

Үүнийгээ төслийн удирдах хүмүүс гэр байшин сууц бий болгох гэж нэрлэжээ.

Оюу толгой хэний өмч вэ

Энэ тухай сүүлийн үед их маргах болж. Уг маргааны эхлэлийг тавигсад нь энд тэндээс ямар нэг өө сэв эрэн түүгээр улс төржсөн хэрүүл маргааны гал асааж байдаг иргэний хөдөлгөөний хэсэг бүлэг хүмүүсээс анх үүдэлтэй бололтойдог. Тэд Оюу толгойн баялгийг гадаадынхан өмчилж аваад гадагш нь зөөчих гэж байна, монголчууд бидэнд хүртэх юмгүй болох нь.

Гэтэл Засгийн газар гадаадынхантай ард түмний эрх ашгаас ангид гэрээ хийх гэж байна. Ийм гэрээг батлуулахгүйн төлөө тэмцэнэ гэцгээх. Энэ нь Засгийн газарт ч шахалт болж байгаа гэсэн яриа олонтаа сонсогдох болов. Монгол Улсын Засгийн газрын Айвенхоу майнз компанитай хийсэн багц тохироогоор бол хөрөнгө оруулагчид ирэх таван жилд 3.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах юм.

Үүгээрээ баяжуулах үйлдвэр, цахилгаан станц барьж, гүний уурхай байгуулах бөгөөд уул уурхайн олборлолт явуулах боломжоо бүрэн хангах юм байна. Бас хөрөнгө оруулалтын гэрээнд Оюу толгой-Гашуун-сухайтын хооронд 105 км хатуу хучилттай авто зам барихаар тохиролцсон нь бий.

Энэ зам Айвенхоу майнз-д биш Монгол Улсын мэдлийнх болж үр ашиг нь ч улсад л орох юм. Мөн хөрөнгө оруулагч талаас Оюу толгойд цахилгаан станцыг өөрийн хөрөнгөөр барих санал бий. Үүнийг Засгийн газраас шийдэхийг хүлээж байгаа юм байна.

Оюу толгой төслийн хэрэгжилт өнөөгийн байдлаар сайн хэрэгжиж байгаа гэж дэд захирал Т.Мөнхбат танилцуулсан юм. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Айвенхоу майнз Монголиа Инк компани хайгуулын ажилд 700 тэрбум төгрөг буюу 600 сая ам.доллар зарцуулаад байна.

Геологи хайгуулын явцад 6.6 км зайд сунаж тогтсон зэсийн агуулгаар Эрдэнэтээс илүү бүлэг ордыг илрүүлж 1850 цооног өрөмдөж түүний хамгийн гүн нь 1.6 км, нийт 718 км тууш өрөмдлөг хийгээд байна.

Газрын гүнээс хүдэр олборлохоор хоёр дахь гүний нэвтрэлтийн цооногоо 1125 метр өрөмдөөд байгааг үзүүлж байна. Уг цооногийг 1380 метрт хүргэх гэнэ. Эхний цооног нь 1500 метр гүнтэйгээр битүүмжлэгдсэн. Хэзээ нэгэн цагт олборлолт хийхэд бэлэн болсон гэж тэр ярьсан.

Монгол Улсын Засгийн газар, Айвенхоу майнз компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн заалт ёсоор ил уурхайг байгуулж боловсруулах үйлдвэрийг барихад гурван триллион төгрөг зарцуулж, 2010 он гэхэд тус ордоос зэс, алт олборлож эхлэх юм.

2002 оноос хойш энд баригдах ирээдүйн үйлдвэрийн хэрэгцээг хангах усны эх үүсвэрийг олж тогтоох, цахилгаан эрчим хүчний найдвартай систем бий болох гээд шат дараалсан асар том ажлууд шил шилээ даран хүлээж байгаа.

Энэ бүхнийг хийж эхлэх, бүтээн босгох ажил хоцорч хөрөнгө оруулалтын гэрээ батлагдахыг хүлээж байгаа аж.

Энэ тухай тус компанид ажил лаж буй монгол ажилчид сэтгэл зовнин ярьж байсан юм.

Ред пад компанийн ажилчин Э.Гантүлхүүр

-Энд гадаад, дотоодын 40 компанийн 1400 хүн ажилладаг. Үүний 707 нь монгол ажилчид бөгөөд тэдний дийлэнх нь Өмнөговь аймгийн иргэд байдаг. Үйлдвэрлэлийн ажил сайн байгаа ч сүүлийн үед УИХ-ын зарим гишүүд, иргэний хөдөлгөөнийхөн манай Оюу толгой төслийн талаар элдэв үг хэлж гаргаж, түүнд эргэлздэг юм уу, төр, засгаас хөрөнгө оруулалтын гэрээг баталж өгөхгүй байгаагаас энд ажиллагсдын урам зориг мохох шинж илэрч байна.

Өнөөдөр лоозон барьж чанга хашгирсан нь ажил хийсэн болж, ажил хийсэн нь хийгээгүйд тооцогддог юм уу. Оюу толгойд асар их бүтээн байгуулалт өрнөж байна. Монголын ирээдүй энд байна. Үүнийг зөв талаас нь олж хараач гэдг гийг энэ олон зуун ажилчдыг төлөөлж хэлье гэлээ. Олон хүн ийм санааг хэлж байлаа.

Бид Айвенхоу майнз компанийн дэд захирал Ц.Содхүүгээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Оюу толгойгоос олох ашгаас Монголын ард түмэн тун бага юм хүртэх нь гэсэн ойлгоцын талаар та хариулт хэлнэ үү?

-Үүнийг би хамгийн энгийн жишээгээр хэлье. Монголын тал Оюу толгой компанийн хувьцааны 34 хувийг эзэмшдэг. Тэгэхээр 100 ам.долларын ашигтай ажилласан нөхцөлд тэр хувьцааныхаа дагуу уг орлогын гуравны нэг буюу 22 ам.долларыг авна.

Үүн дээр аж ахуйн нэгжийн орлогын, нөөц ашигласны гээд хэдэн төрлийн татвар нийлээд орлогын 35 хувь болдог. Энэ нь 35 ам.доллар. Ингэхээр Монгол Улс 55 хувийн ашиг эндээс олно гэсэн үг. Үлдсэн нь хөрөнгө оруулагчдынх.

Үүнийг тэр эх оронч гэж өөрсдийгөө нэрлээд байгаа хүмүүс буруу ойлгоод ерөөс олох ашгийн 35 хувь л Монголд ногдох юм шигээр яриад байгаа юм. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд Мокгол Улсын Зас¬гийн газар 34 хувь эзэмшихдээ ямар ч төлбөр төлдөггүй.

-Хөрөнгө оруулалтын гэрээг ямар болсон гэж Та хэлэх вэ?

-Талууд харилцан ашигтай байх талаас нь гэвэл амжилттай болсон гэрээ гэж болно. Гэрээг бүтээн босгох талын хэд хэдэн санал дагалдаж яваа юм. Хэдийгээр Засгийн газар Оюу толгойгоос авч буй ашгийн хувьд Айвенхоу-гаас илүү. Тэгээд ч энэ ордыг Монголын ард түмний өмч гэдгийг хүлээн зөвшөөрч энэхүү хэлцлийг хүлээн авсан юм.

Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд гаднын хөрөнгө оруулагч соёлтой, хөрөнгө оруулж буй улс орныхоо хууль ёсыг чанд сахидаг байх учиртай. Тэгвэл Айвенхоу майнз компанийн үйл ажиллагаа үүнд нийцэж буй гэдгийг онцлох байна.

Гэрээний нөхцлийн нэг гол, шударга нь төслөөс эзэмшиж буй Засгийн газрын хувь хэмжээ зэсийн үнээс шууд хамааралтай юм. Зэсийн үнэ өсөх тусам ашиг нэмэгдэнэ гэсэн үг.

-Гэрээний ямар заалтуудыг хэлэлцэхэд саадтай юм гарч байв уу?

-Хувь эзэмшлийг хэрхэн тогтоох, гэнэтийн ашгийн татварыг яаж тооцох талаар хэцүүхэн байлаа. Айвенхоу майнз болоод Засгийн газар өнөөгийн төвшинд хүрэхийн тулд дөрвөн жил хамтран ажилласан юм шүү дээ.

-Засгийн газар Эрдэнэттэй адил 51 хувийг эзэмшиж болохгүй юу?

-Өнөөдрийн нөхцөл байдал Эрдэнэтийг байгуулж байсан үеэс огт өөр юм. Бид Эрдэнэтээс ялгаатай нь бүх төрлийн татварыг төлж байна. Монгол Улсын Засгийн газар хувь эзэмшилт, татвар хураамж нийлээд 51 хувиас давуу ашиг авч байгаа шүү дээ.

-Өнөөдөр Оюу толгойд ажиллагсдын хэдэн хувь нь монголчууд байгаа вэ?

-Энэ хувь хэмжээ хууль тогтоомжоос огтхон ч гажаагүй гэж хэлж болно. Нийт ажиллагсдын 10 гаруйхан хувь нь л гадаадын иргэд байгаа. Уурхай байнгын ажилд орох үед нэмж 2000 ажлын байр гарах юм.

-Бас нэг явган яриа бий. Тэр юу гэвэл танайхыг Торонто Нью-Йоркийн бирж дээр хувьцаагаа арилжихдаа Оюу толгойг барьцаалсан гэж?

-Огт дэмий үг. Тийм юм гэж яаж байхав дээ. Энэ нь дэлхийн зах зээл гэж юу байдаг талаар Агүй хүний л үг байх. Тэнд тийм барьцаа ч байдаггүй л дээ.

-Ашигт малтмалын 68 хувийн ашгийн татварын талаар юу хэлэх вэ?

-68 хувийн татвар авсан нөхцөлд гадаадын хөрөнгө оруулагчид яах бол гэж гайхах явдалгүй болно байх л даа. Тэгэхээр Монголын төр, засаг жоомоо устгах гээд гэрээ шатаалаа гэдэг шиг ухаалаг бусаар хандахгүй байх гэдэгт найдаж байна гэсэн юм.

XXI зуунд Монголын аварга бүтээн байгуулалт хийгдэх их говийн нүдэн Оюу толгойд ажиллаж буй олон улсын бүрэлдэхүүнтэй хамт олон хоёр талын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ хэзээ батлагдахыг тэсч ядан хүлээж байна. Тэд бүтээн байгуулах ажлаа яаравчлах гэж л тэр.

Зууны мэдээ 179 (2627)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button