М. Энхболд амиа бус намаа бодож байгаа бол…

МАХН-ын бага хурал 221 гишүүнтэй. Тэдний 54 хувийн санал аль хэдийнээ хайрцаглагдаж, нэг хүний төлөө нэгэн дуугаар дуугарч, гараа өргөхөд бэлэн болсон талаар зарим эх сурвалж мэдээлж байна. МАХН-ын дарга М.Энхболдын төлөө зүтгэх операцид УИХ-ын зарим гишүүн ихээхэн хүчин зүтгэж, бага хурлын гишүүдтэй тулж ажиллаж байгаа талаар ч мэдээлэл байна. Иймэрхүү байдлаар хурлын бэлтгэл үргэлжлэх юм бол ирэх сарын 4-нд болох бага хурал урьдчилан бэлтгэсэн сценарийн дагуу болно гэсэн үг. Гэвч алсаа бас намаа бодож л байгаа бол ингэх эрх МАХН-ын бага хурлын 221 гишүүнд байхгүй.

2008 оны сонгуульд нэр дэвшүүлэх боломжтой хүмүүсийнхээ талаар МАХН-аас 2006 онд хэлэлцүүлэг явуулсан. Энэ хэлэлцүүлгээр нэр нь дээгүүр гарч ирсэн хүмүүсийн олонхи нь бага хурлын гишүүд байгаа билээ. Өөрөөр хэлбэл, одоо МАХН-ын шинэчлэлийн хувь заяаг шийдэх гэж байгаа бага хурлын гишүүд дотор 2008 оны сонгуулийн нэр дэвшигчид олон байгаа гэсэн үг. Намтайгаа хамт 2008 онд унахгүйн тулд яах вэ гэдгийг хэдхэн хүний урьдчилан бэлтгэсэн сценарийн хэмжээнд авч үзэж болохгүй нь мэдээж.

МАХН М.Энхболдын Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахаас хоёр удаа хамгаалж үлдлээ. Кнопны олноороо хүч түрсэн энэ хамгаалалт 2008 оны сонгууль хүртэл үргэлжилж, бүрэн эрхийнх нь хугацааг дуусгах бололтой. Гэвч ингэж хамгаалах нь намынхаа нэр хүндэд улам сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг улс төрийн удаа дараагийн судалгаа харуулж байгаа юм.

Энэ нь МАХН-ын рейтинг 28 хувь хүртэл буурснаас харж болно. Уг нь 40 хувиас бууж байгаагүй гэдэг билээ. Үүн дээр Сант марал сангийн захирал Л.Сумати 2008 оны сонгуульд МАХН ялагдах магадлалтай талаар, үүний шалтгаан нь М.Энхболдын Засгийн газар байх тухай хэлснийг нэмэхээр ах намын хувь заяа нэлээд бүрхэг харагдана. Харин удахгүй болох намын бага хурлаас МАХН шинэчлэлээ юунаас, яаж хийх нь тэрхүү бүрхэг ирээдүйд гэрэл нэмэхэд ихээхэн ач холбогдолтой.

Уламжлал шинэчлэл ардчилал шударга ёс жигүүрээс эхлээд УИХ-ын гишүүн 13 хүн хүртэл энэ талаар ярьж намын даргадаа хандаад байгаа. Нөгөө талаар улс төрийн намын шинэчлэл өөрчлөлтөөс улс орны хөгжлийн ирээдүй хамаарч байгааг хэлэх хэрэгтэй. МАХН хуучинтайгаа зууралдан салж чадахгүй бол нийгмийн хөгжлийг хөтлөгч болж чадахгүй.

Тиймээс удахгүй болох бага хурлаас МАХН-ын 160 мянган гишүүн төдийгүй олон нийт ихээхэн зүйлийг хүсэн хүлээж байгаа. МАХН-ын дарга М.Энхболд нийгмийн захиалгыг биелүүлэхийн тулд, бас дээр хэлсэнлэн амиа бус намаа бодож байгаа бол энэ хурлыг өмнө нь болдог байсан шиг зохион байгуулалттай, урьдчилан бэлтгэсэн жүжгийн хэмжээнд хийх ёсгүй.

Шинэчлэлийнхээ концепцийг тодорхой болгож, намын нэр хүндийг байнга доош нь чангааж байдаг боловсон хүчний асуудлыг шийдэх гарц болох төрийн албыг намаас салгах талаар тодорхой алхам хийхгүй бол ирэх сонгуульд унах нүхээ улам гүнзгий ухаж байгаа хэрэг гэдгийг улс төрийн ажиглагчид онцолж байна.

Зууны мэдээ 180 (2628)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button