Гавьяат жүжигчин Г. Равдан мэргэжил нэгтнээ зодож танхайрчээ
Өөрийнхөө хүү шиг залууг ажлын байран дээр нь зүгээр ч нэг зодсонгүй, архины шилээр толгой руу нь цохиж гэмтээсэн байх юм. Хохирогч залуу цагдаад ханджээ. Цагдаагийн мэдээлэлд дурдсанаар бол тухайн өдөр найруулагч залуу мөрөөрөө ажлаа хийж байжээ. Түүнийг нэвтрүүлэгч С-ийн хамт бичлэг хийж байхад нь Г.Равдан гавьяат гаднаас студид орж ирсэн байна. Ингээд гавьяат маань нэвтрүүлэгч С-ийг 18 цагийн мэдээ уншсангүй, та нар ер нь юу юм, халтуур л хийж байгаа биз гэхчилэн тэднийг элдвээр харааж зүхэн орилж хашгирчээ. Энэ үедээ Г.Равдан архи уугаагүй эрүүл саруул байсан гэнэ.
Хохирогч залуугийн цагдаад өгсөн мэдээлэлд
-Би буруу хараад сууж байтал толгой руу цохиод авах шиг болсон. Нуруу руу нойтон оргихоор нь бариад үзтэл нил цус болсон байсан гэжээ.
Тэр даруйд нь Ж.Бадамхатанг гэмтлийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэрээр толгойдоо зургаан оёдол тавиулжээ. Хуйх нь хэд хэдэн газраа зүсэгдэж ангархайгаар нь шилний хэлтэрхий шигдэн орсныг түүж авсан байна.
Гавьяат ингэж цамнаж хуурай агсам тавьж байхдаа студийн найруулагч, техникч, нэвтрүүлэгч гурван залууг архи уусан гэж үзэж шалгуулсан байна. Хэв журмын цагдаа, ахлах ахлагч Г.Энхжаргалын тодорхойлолтод
-2007 оны долдугаар сарын 21-ний 18.30 цагийн үед нэвтрүүлэгч Г.Равдан харуулын байранд орж ирээд радиогийн бичлэгийн студид хүмүүс архи уугаад байна гэж хэлсэн. Шалгаж үзэхэд студид найруулагч Ж.Бадамхатан, техникч Н нар байв. Бадамхатаны толгой гурван см орчим хагарсан байсан. Юу болсныг асуухад нэвтрүүлэгч Г.Равдан архины шилээр цохиж хагалсан гэсэн. Тэнд архи уусан ямар ч ул мөр байгаагүй. Бүгд эрүүл байсан. Нэвтрүүлэгч С концертын бичлэгийн студид мөн эрүүл байсан гэжээ.
МҮОНРТ-ийн хамт олны зөвлөлийн зарим гишүүд өлсгөлөн зарлаж телевизийн саарал байшин нэг хэсэгтээ л бужигнасан. Гавьяат маань ч энэ зөвлөлийн нэг гишүүн нь юм билээ. Ах зах, нас намбаа бодсон ч эвээр хэлж яриад зохицуулчих асуудлыг арай л хурцдуулж адал, балмад авирлачихав уу даа гэсэн бодол төрснийг нуух юун. МҮОНРТ-дээ шударга ёс тогтооно гэж зүтгэж байсан гавьяат ийнхүү болчимгүй загнасан нь олон хүний гайхлыг төрүүлж байна.
Зууны мэдээ 180 (2628)