Азийн орны урлагийнхан Монголд нэгдлээ
Манай орон эрт үеэс уламжилсан нүүдлийн соёлтой ард түмэн. Морин хуур, уртын дуугүйгээр урлагийг төсөөлсшгүй. Мөн тэнгэр шүтэх нь соёлын суурь гэж үздэг байсан аж. Тиймдээ ч манай соёлыг шашнаас эхтэй бөгөөд түүнтэй салшгүй хамааралтай гэдэг. Эхлээд бөө мөргөл дараа нь буддизм, дээрх хоёр шашин зэрэгцэн оршсон үе, 1990-ээд оноос үндсэндээ ардчилал өрнөж чөлөөт, соёлжсон нийгэм болсон. Дээрх тайлбарыг Монголын урлагийн зөвлөлөөс гадаадынханд танилцуулсан юм.
Олон улсын урлагийн зөвлөл, Урлагийн байгууллагуудын холбооны Азийн бүсийн тавдугаар чуулга уулзалтын нээлт Чингис зочид буудалд өчигдөр болсон. Уулзалтад Австрали БНХАУ, БНСУ, Макао, Малайз, Филиппин, Сингапураас нийт 35 төлөөлөгч оролцон өөрийн орны соёл урлагийн талаар танилцуулав. Мөн туршлага солилцон бие биеэсээ шинэ санаа авах гэнэ. Мэдээж манай улсад ээлжит чуулга уулзалтаа зохиож байгаа учраас Монголын соёл урлагийн бодит байдлаас судалж дүгнэх юм байна. Олон сэдвээр ярилцахгүй ч соёл, урлагийн хөгжилд ямар алхам хийх болон олон оронд сурталчлах гэсэн чухал зүйлд анхаарч ярилцана.
Төлөөлөгчид төлөвлөсөн зүйлээ ярилцахаас гадна монголын түүх, урлаг соёлтой биечлэн танилцаж монголчуудтай уулзах юм. Энэ нь манай соёлын талаар илүү мэдээлэл цуглуулах боломж гэж Монголын урлагийн зөвлөлийн захирал Н.Жанцанноров онцолсон. Ер нь тухайн орны урлаг соёлын ажилдаа оруулж буй санхүүжилтийн байдал энэхүү бүсийн чуулганы гол сэдэв байдаг аж. Уулзалтад оролцож буй төлөөлөгчид энэ тухай ярилцаж, Монголын сүм, хийдийг дэмжиж ажиллахаа амласан. Уулзалтын явцад олон улсын томоохон төсөл хамтран хэрэгжүүлэх тухай шийдэх аж. Азийн бүсийн урлагийнхны уулзалт өнөөдөр үргэлжинэ.
Зууны мэдээ 180 (2628)