Монголын ард түмэн хувь заяаны асуудлаа гартаа авах цаг болжээ
харийнхны бүрэн мэдэлд өгч цөлмүүлэх гэрээг бэлэн болгоод УИХ-аар батлуулахыг санаархаж байна.
Монголчуудын хувь заяанд чухал энэ цаг мөчид бид ард түмэндээ хандан бодит байдлын талаарх санал дүгнэлтээ хичээнгүйлэн хүргэж байна
Хөрөнгө оруулалтын гэх энэхүү гэрээг батлавал Монгол Улсын ирээдүйтэй хөгжилд маш том ухралт болж үндэсний бүрэн эрхт байдал ба эдийн засгийн аюулгүй байдал алдагдахаар байна.
Үндсэн хуулийг зөрчин будлиантуулж гаргасан Ашигт малтмалын тухай 2006 оны хуулийг засаж залруулан зохих ёсоор нь батлаагүй байхад түүнд тулгуурласан энэ гэрээг хэлэлцэх нь зүйд үл нийцнэ. Асуудлыг нягтлалгүйгээр, ор нэр төдий хэлэлцэж олонхийн мугуйд түрэлтээр шийддэг бусармаг жишиг дахин давтагдахгүй гэх баталгаа алга.
Оюу Толгой нь олигархжсан бүлэглэлүүд хийгээд хувь хүмүүсийн өчүүхэн ашиг сонирхолд захируулан шийдэх асуудал огт биш тул ард түмэн хувь заяаны асуудлаа бүрэн эрхийнхээ дагуу гартаа авч өөрөө шийдэх цаг болжээ.
Иймээс Хөрөнгө оруулалтын гэх нэртэй, үнэн хэрэгтээ луйврын шинжтэй энэ гэрээг УИХ-аас буцааж Ашигт малтмалын тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн үндсээр нь өөрчлөн шинэчилж, Оюу Толгой болон стратегийн бусад ордыг ашиглах асуудлыг дотоод,гадаадын шинжээчдийн оролцоотойгоор олон нийтээр хэлэлцүүлсний дараа шийдвэрлэх нь зүйтэй байна. Бүх нийтийн санал асуулгаар шийдсэн ч болохгүй гэх газаргүй.
Дэлхийн талыг төвхнүүлж чадсан ухаант өвөг, дээдсийн үр сад болох өнөөгийн монголчууд бид өмнөх үеэс нандигнан хадгалж өвлүүлсэн Оюу Толгойн хосгүй сайхан ордоо үндэсний-хээ бүрэн эрх мэдэлд байлгаж, өнөөгийн ба ирээдүйн хөгжил, дэвшилдээ зориулан холч бодлогоор ашиглах ёстой.
ДҮГНЭЛТ
Монгол Улсын Засгийн Газар болон Айвенхоу Майнз Монголия Инк ХХК-ийн хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээ-ний төсөл ба түүний хавсралт болох Айвенхоу Майнз Монголия Инк. ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ-ний төслийг нягтлан үзээд эдийн засаг,эрх зүйн хувьд бид дараах ерөнхий дүгнэлтийг хийж байна. Үүнд
1.Гэрээний мөн чанарын талаар
1.1. Энэхүү гэрээ нь мэргэжлийн бус хүний нүдээр өнгөц харахад боломжийн гэрээ мэт сэтгэгдэл төрүүлэхээр боловч үнэн хэрэгтээ Монголын төр,ард түмний өнөөгийн ба ирээдүйн язгуур эрх ашгийг олон талаар хөсөрдүүлэх, засаж залруулахын аргагүй ноцтой хор уршиг тарих тохиролцоо болжээ.
1.2. Монгол Улсын тусгаар тогтнол,бүрэн эрхт байдал,үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх ба нөлөөлж болзошгүй зохицуулалт гэрээнд олноор тусгагдсан байна.
1.3. Гэрээ нь санхүү-эдийн засгийн хувьд Монголын өмч баялгийг цөлмөх, эрх зүйн хувьд Монгол Улсыг 30-70 жил барьцаалан дарамтлах тохиролцоо болсон тул үндэсний хөгжлийн зорилго, эрмэлзэл, бодлогод үндсээрээ харшилж байна.
1.4. Баялгийг өмчлөгч эзэн орон гэрээнд тусгагдсан хүнд нөхцөл, болзлоор хувьцааны ердөө 34 хувийг эзэмших нь улс орны эрх ашигт хэрхэвч нийцэхгүйгээр барахгүй үндэсний эмгэнэл,доромжлол мөн.
1.5. Дэлхийд томоохонд орох бизнесийн төслийн менежментэд үндэсний удирдах боловсон хүчнийг эхнээс нь түлхүү оролцуулан чадваржуулах ховор боломжийг ашиглаагүй, менежментийн асуудлыг бүхэлд нь харийнханд даатгасан энэ гэрээ нь чадвар бол хөгжил хэмээн томъёолвол анхнаасаа чадахыг, хөгжихийг хүсээгүй, энэ утгаараа Монголын хөгжил дэвшилд олигтой хувь нэмэр оруулж чадахааргүй хэлцэл болжээ.
1.6. Хуульд харш үйлдлүүдээр хийгдсэний дээр агуулгын хувьд хууль тогтоомжийг зөрчсөн гэрээ болсон тул анхнаасаа хүчин төгөлдөр бус байх баримт бичиг болжээ.
1.7. Гэрээнд хоёр талын эрх,үүргийг нэн тэнцвэргүйгээр тусгаж Монголын тал хүнд хүчир үүрэг,хариуцлага хүлээж өчүүхэн эрх эдлэхээр, харин гаднын түнш маш их эрх эдэлж бага буюу тодорхой бус үүрэг хүлээхээр зохицуулагдсан байна.
1.8. Бодит байдлыг өнгөлөн далдлах, олон нийтийг төөрөгдүүлэхийг оролдсон зохицуулалт гэрээнд цөөнгүй байна. Агуулга ба хэлбэрийн хувьд луйврын шинжтэй ийм гэрээ гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд цаашид жишиг загвар болон дархлагдвал Монгол орныг тамирдуулан доройтуулах бусармаг үйл явц эрчимжих нь гарцаагүй.
1.9. Энэхүү гэрээ нь Монголын эрх ашигт огт нийцэхгүй учраас түүнийг байгуулахаар улайран зүтгэж буй хүмүүсийн хүссэн тогтвортой байдлыг бий болгож чадахгүй бөгөөд харин ч Оюу Толгойн ордыг цаг алдалгүйгээр зүй зохистой ашиглах явдлыг нэг хэсэгтээ мухардалд оруулах аюулыг даллаж байна.
2. Гэрээний эдийн засгийн өгөөж,үр дагаврын талаар
2.1. Одоогийн байдлаар 32 сая тн зэс, нэг мянган тн алт, 200 гаруй тн мөнгөний нөөцтэй гэж тогтоогдоод буй Оюу Толгойн ордыг гэрээнд заасан нөхцлөөр ашигласнаар Монгол Улсын эдийн засаг,нийгмийн хөгжилд томоохон эерэг нөлөө үзүүлнэ хэмээн Засгийн Газар суртал-чилж байна.
Уг ордыг ашиглаж эхлэх нь огт ашиглаагүй байгаа одоогийн үетэй харьцуулахад дэвшил болох нь маргаангүй боловч Оюу Толгойн баялгийг гэрээний нөхцлөөр бус, харин Монголд ээлтэй нөхцлөөр зүй зохистой ашиглавал нэгд,гэрээний дагуу гарах үр нөлөөгөөс хавьгүй их ашиг,өгөөжийг Монголын хөгжилд өгөх, хоёрт, гарах буюу гарч болзошгүй сөрөг үр дагаврыг хязгаарлах, тэдгээрээс урьдчилан сэргийлэх боломж байгаа нь мөн үнэн юм.
Асуудлын гол нь өнөөгийн монголчууд бид энэ их хөрөнгө,баялгаа гэрээнд тусгагдсан туйлын олхиогүй нөхцөл,болзлоор харийнханд өгч ашиглуулан үндсэндээ үрэн таран хийх үү, аль эсвэл Үндсэн хуулиар баталгаажсан эрхийнхээ дагуу өөрийн мэдэлд байлгаж гэрээнд тусгаснаас хавьгүй илүү их үр өгөөжтэйгээр ашиглах уу? гэдэгт оршино.
Стратегийн онцгой ач холбогдолтой Оюу Толгойн ордын асар их хөрөнгө,баялгийг харийнхны бүрэн мэдэлд шилжүүлвэл үндэсний дэвшилд маш хүнд цохилт болж манай төрийн бодлого,эдийн засаг гадаад эзэдтэй компаниас хараат болох аюул нүүрлэхээр байна.
2.2.Гэрээнд тусгагдсан зохицуулалтаар бол Оюу Толгойн ордыг ашиглах бүх эрх мэдэл гаднынхны гарт орохын дээр өндөр үр ашигтай энэ ордыг нөөц баялгийн үнэлгээ, хувьцааны эзэмшил, зардлын тооцоо,татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, үйлдвэрлэлийн хүч чадлыг үндэслэлгүйгээр өндөр тогтоох, менежментийн төлбөр зэргээр дамжуулан сох цөлмөх бүх нөхцөл бүрджээ.
Иймээс энэ гэрээ нь эцсийн дүндээ Монгол Улсад хөрөнгө оруулах бус, харин Монголоос хөрөнгө сорох гэрээ болжээ хэмээн дүгнэж болохоор байна.
2.3.Хөгжиж буй гэгдэх ядуу буурай орнуудын өнгөрсөн үеийн хамгийн адгийн жишгээр луйвардуулах уршигтай энэ гэрээг байгуулвал монголчууд үндэсний тусгаар тогтнолоо бататгах, эдийн засгийн аюулгүй байдлаа өөрийн хүч, эх үүсвэрээр ханган баталгаажуулах үлэмж боломжоо алдана. Цаашид хөгжлийн томоохон хөтөлбөр,төсөл хэрэгжүүлэхэд ч хөрөнгийн гачигдалд нэрвэгдсэн одоогийн тэвчишгүй байдал үндсэндээ үргэлжлэхэд хүрнэ.
Үндэсний хөгжлийн цогц бодлого хэмээх 15 жилийн алсын хараатай баримт бичгийг батлан мөрдөх гэж буй хэрнээ агуулга,үр дагаврын хувьд түүний эсрэг чиглэсэн, 30-70 жил үйлчлэх хугацаатай энэхүү гэрээг байгуулахаар завдаж буй нь нэн хачирхалтай агаад эрх баригчдын үйл ажиллагаа хэр авцалдаагүй, ам ажил хэр их зөрж буйг гэрчилнэ.
2.4. Эрдэс баялгийн стратегийн их нөөцийг эзэмших бүрэн эрхийг гадаадын мэдлийн компанид олгоод дээр нь бас боловсруулах (зэс хайлуулах) үйлдвэрийнх нь эрх мэдлийг тэдэнд шилжүүлэх нь үндэсний аюулгүй байдалд шууд сөргөөр нөлөөлөх үр дагавартай, хөгжлийн болон эдийн засгийн бодлогын хувьд ноцтой алдаа, завхрал болно.
Ямар ч тохиолдолд гадаадын нэг түншид ийм их давуу эрх олгож болохгүй бөгөөд зүй нь эзэн орон олборлох ба боловсруулах хүч чадлын аль алинд нь давамгай эрх эдлэх, тэгэх боломж хараахан бүрдээгүй бол аль илүү ашигтай нэгийг нь хяналтандаа үлдээгээд нөгөөд нь түр хугацаагаар ч гэсэн олон түншийн сонирхлыг үүсгэж, нэг этгээдээс ихээхэн хараат байдалд орохооргүй харьцангуй тэнцвэртэй хувь оролцоог бий болгох бодлогыг баримтлах учиртай.
2.5. Оюу Толгойн ордыг ашиглах эхний 45 жилийн хугацаанд Монголын тал нийт орлогын 55 хувийг (хамгийн багаар бодоход 15,5 тэрбум ам.долларыг) татвар, төлбөр, хураамж,ногдол ашиг байдлаар хүртэнэ хэмээн Засгийн Газар сурталчилж байна.
Оюу Толгой дахь баялгийн үнэмлэхүй хэмжээ хийгээд түүнийг ашиглах төслийн үр ашгийн өндөр төвшнийг бодолцвол, Монголын талд ногдох дээрх хувь хэмжээ туйлын чамлалттай үзүүлэлт юм.
2.6. Төр хувьцааны 34 хувийг эзэмшихээр тохиролцсон нь том амжилт мэтээр сурталчилж байна. Гэрээнд заасан барьцаалж дарамталсан нөхцөл,болзлоор өмчийн эзэн болох Монголын төр ийм бага хувийг гадаадын компаниас гуйж авч байгаа нь угтаа гутамшигт хэрэг мөн.
Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ингэж тохирохоос өөр аргагүй байлаа хэмээх хүмүүст сануулахад, 34 хувийн тухай заалтыг эрх баригч тодорхой бүлгийнхэн гадаадынхны захиалга, шахалтаар 2006 оны хуульд сэмхэн шургалуулсан бөгөөд уг хууль хүчин төгөлдөр эсэх нь УИХ-ын буруугаас болоод одоо хэр тодорхойгүй байгаа, мөн Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр Цэцэд оччихоод удаж буйг цохон тэмдэглэж байна.
Төр 34 хувийг үнэ төлбөргүй эзэмших боллоо хэмээх илт худлаа агаад ичгүүр сонжуургүй мэдэгдэл бодит байдалд огт нийцэхгүй болох нь уг 34 хувийг хүртэхийн тулд гадаадынханд тавьсан өр зээлээ Монголын тал ирээдүйн ногдол ашгаасаа төлж барагдуулах тухай олон заалтаар хөдөлшгүй нотлогдоно.
2.7. Төрийн оролцооны 34 хувийн ногдол ашиг төсөвт хэзээнээс, ямар хэмжээгээр бодитойгоор орох нь Монголын тал зээлийн өрөө гадаадынханд төлж дуусах хугацаа, компанийн гадаад эзэд ногдол ашгийг хэрхэн тооцож хуваарилах зэрэг олон хүчин зүйлээс хамааралтайгаар тодорхой бус тул лав л ойрын 5-10 жилд төсвийн орлогын найдвартай эх үүсвэр болж чадахааргүй байна.
Үүнтэй харьцуулвал Үнийн өсөлтийн (68 хувийн) татвар нь зэс,алтны үнэ тогтоосон жишгээс одоогийнх шиг өндөр байх тохиолдолд хэнээс ч зөвшөөрөл авалгүйгээр шууд татах боломжтой, хавьгүй илүү арвин бөгөөд баталгаатай орлого болохоор байна.
Иймд хувьцаа хүртэх нэрийдлээр зэс,алтыг Үнийн өсөлтийн татвараас чөлөөлөх нь нэн хохиролтой наймаа болно.
2.8. Хөрөнгө оруулагч нь Татварын ерөнхий хууль-ийн дагуу доорх татвар,төлбөр,хураамжийг төлнө (2.1.) хэмээн бууны татвар,нохойны татвар, мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр, ан амьтан агнах зөвшөөрлийн хураамж зэргийг хүртэл оролцуулсан 23 төрлийн татвар,төлбөр,хураамжийг тоочсон атлаа төсөвт хамгийн их өгөөжтэй олон чухал татвараас хууль зөрчин, гол төлөв хийсвэр үндэслэл гарган чөлөөлөхөөр гэрээнд тусгажээ.
Үнийн өсөлтийн (68 хувийн) татвараас нийт алтыг (2.3.1.), зэсийн хүдэр ба зэсийн бүтээгдэхүүнийг эхний 5 жилд (2.3.2.),тэрчлэн хайлуулах үйлдвэрийг ил уурхай ашиглаж эхэлснээс 5 жилийн дотор, эсвэл давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүнээс хойших хугацаанд барьсан тохиолдолд (2.3.2.) бүрмөсөн чөлөөлөхийн дээр толгой компаниудыг ногдол ашгийн татвараас (2.6.1.), барилгын ажил гүйцэтгэх хугацаанд авто бензин,дизелийн түлшнээс бусад импортын бүх бараа материал, тоног төхөөрөмж,сэлбэг,тээврийн хэрэгсэл ба нисэх онгоцыг гаалийн татвараас (2.21.1.), экспортод гаргасан бараа,бүтээгдэхүүн гэх мэтийг нэмэгдсэн өртгийн татвараас (2.22.1.) тус тус чөлөөлөхөөр тохиролцжээ.
Нийт хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх (дор хаяж 272 сая ам.долларын) татварын хөнгөлөлт эдлүүлэхээр заасны (2.8.) дээр албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд маш олон зүйлийг хамруулахаар болжээ.
2.9. Дээр дурдсан татварын чөлөөлөлт,хөнгөлөлт олгосноор Монголын төр,ард түмэн эхлээд 30 жил, дараа нь гэрээний хугацаа 20,20 жилээр шууд сунгагдах хугацаанд (өөрөөр хэлвэл, Оюу Толгойн ордын нөөцийг ашиглаж дуусах хүртэл) олон арван тэрбум доллараар хэмжигдэх татварын орлогоо алдах нь бүр одоо гарцаагүй байна.
Зөвхөн Үнийн өсөлтийн татвараас чөлөөлснөөр монголчууд эхний 30 жилд алтан дээр (нэг унц дунджаар 650 ам.доллар байна гэвэл) 1,3 тэрбум доллар, зэсэн дээр (нэг тн нь дунджаар 7000 ам.доллар байна гэвэл) 39 тэрбум доллартай тэнцэх хөрөнгөөр тус тус хохирох тооцоо гарч байна.
Ил уурхайг ашиглах эхний 5 жилд л зэс,алтнаас 5,4 тэрбум ам.доллартай тэнцэх буюу Монгол Улсын одоогийн Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ)-ээс 1,8 дахин их, Оюу Толгойн төсөлд гадаадынхны оруулна гэж буй хөрөнгөөс 2 дахин их, зэс хайлуулах үйлдвэр байгуулах зардлаас 5-6 дахин их татварын орлогыг зүгээр л алдана.
2.10. Гол төлөв гадаадын иргэдээс бүрдэх менежментийн багийн төлбөрт ил уурхайгаас бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлтэл хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны зардлын 3 хувь, түүний дараа 6 хувийг зарцуулахаар гэрээнд тусгасан (6.3.) нь хэт өндөр үзүүлэлт гэж үзэж болохоор байна.
Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн захиргааны зардлын үзүүлэлтээс дор хаяж 2-4 дахин их байх төлөвтэй. Хөрөнгө оруулалтын зардал(2,724 тэрбум ам.доллар + x)-ыг тооцоонд нэмэлт суурь болгон авснаар менежментийн төлбөр улам өсч байна.
Ийм их хөрөнгө гаргахдаа тулвал Монголын тал өөрөө гадаадын өндөр мэргэшлийн хүмүүсийг хөлслөн ажиллуулж болох бөгөөд ингэх нь ч зүйтэй.
2.11.Монголын төр,ард түмэнд ямар ч яриангүйгээр ногдох ёстой татварын асар их орлогыг гаднынханд бэлэглэх зорилгоор үнэмшилгүй,хийсвэр зүйлийг нөхцөл,болзол байдлаар гэрээнд дурдаж, гэрээний луйврын шинж чанарыг өнгөлөн далдлах, монголчуудыг хууран мэхэлж басамжлах оролдлого явагдаж буй нь бүх алт,зэсийг Үнийн өсөлтийн (68 хувийн) татвараас чөлөөлөх заалтаас тод харагдана.
Олон улсын зах зээлд өрсөлдөхүйц үнээр Монгол Улсын Төв Банкинд худалдахаар санал болгосон тохиолдолд үйлдвэрлэсэн нийт алтыг дээрх татвараас чөлөөлнө (2.3.1.) гэсэн нь угтаа ямар ч нөхцөл,болзол биш бөгөөд үүнийг дагаж мөрдөхөөс татгалзах,цааргалах бодитой учир шалтгаан огт үгүй болно. Тэрчлэн ямар үнийг өрсөлдөхүйц гэж үзэх нь тодорхойгүй ийм нөхцөлд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэг том биржийн үнээс ялихгүй доогуур үнээр Монголбанкинд санал болгоход л энэ болзол шууд биелэгдэж таарна.
Зэс хайлуулах үйлдвэр жилд 500000 тонноос доошгүй баяжмал боловсруулах хүчин чадалтай байх (2.3.2.ii), ил уурхайг ашиглаж эхэлснээс 5 жилийн дотор, эсвэл давагдашгүй хүчин зүйл гарвал түүнээс хойших хугацаанд хайлуулах хүч чадлыг бий болгох (2.3.2.i) тухай заалтууд ч үнэндээ биелүүлж ядаад байх болзол огт биш юм. Учир нь 500 мянган тонноос доошгүй гэдэг нь 25 хувийн агуулгатай баяжмалд ердөө 125 мянган тонноос доошгүй цэвэр зэс бөгөөд ийм бага хүч чадлыг хөрөнгө оруулагч татварын чөлөөлөлт,хөнгөлөлтөөс олох хэдэн арван тэрбум долларын орлогоороо онцын түвэггүй босгох боломжтой.
Монголд 125 мянгахан тн биш, дор хаяж 300 мянган тн зэс гаргах үйлдвэр хэрэгтэй байгааг бодолцвол улс,орны эдийн засгийн хөгжлийн бодит хэрэгцээ,шаардлага гэрээний төсөлд тусгагдсангүй.
2.12. Гаднын эзэдтэй нэг компанид Монгол Улсын ДНБ-тэй дүйхүйц хэмжээний эдийн засгийн хүч,эрх мэдэл төвлөрөх нөхцөлд асар их мөнгөний гадаад,дотоод урсгалыг Төв Банк хэрхэн оновчтой хянаж зохицуулах вэ? гэх асуудлыг бодолцох ёстой. Гаднынхан гэрээнд тусгагдсан үлэмж эрх дарх эдлэвэл хяналт,хязгаарлалт тавих боломжгүй болж улс орны санхүүгийн систем ч тогтворгүйтэж мэднэ.
2.13. Дэд бүтцийн (эрчим хүч,зам,тээвэр зэрэг) асуудал дээр Хөрөнгө оруулагч үлэмж эрх, зарим талаар бүр монополь эрх эдлэхээр гэрээнд тусгагдсан байна. Жишээ нь, Хөрөнгө оруулагчийн барьж байгуулсан авто болон төмөр зам, дамжуулах хоолой,бусад замын байгууламж нь нийтийн хэрэгцээнд байх албагүй болохыг Засгийн Газар хүлээн зөвшөөрч байна гэжээ (6.6.2.).
2.14. Хайгуулын ажлын зардлыг хөрөнгө оруулалт болгож тооцох нь зүйд үл нийцнэ.
3. Гэрээний эрх зүйн асуудлуудын талаар
3.1.Энэхүү гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжид үл нийцэх олон зохицуулалтыг агуулж байгаа нь анхнаасаа хууль бус гэрээ болох бүрэн үндэслэлтэй байна.
3.1.1.Үндсэн хуулийн үзэл санаа, заалтад үл нийцэх зохицуулалт гэрээнд олноор тусгагджээ. Жишээ нь
a) Оюутолгойн ордод тогтоогдсон ба ирээдүйд тогтоогдох бүх эрдэс баялгийг эзэмшиж ашиглах бүрэн эрх (15.2.) бусдад 30-70 жилийн хугацаагаар (1.3., 15.8.) шилжих гэж буй нь Монгол Улсад газар, түүний хэвлий…болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл(д) … байна гэсэн Үндсэн хуулийн заалт (6.1.)-д харшилж байна.
б) Лондонгийн Арбитрын шүүхийн шийдвэрийг зохих шүүх эрх мэдэл бүхий аль ч шүүх хэрэгжүүлж болно. Засгийн Газар Арбитрын шийдвэрийг …хэрэгжүүлэхдээ аливаа хамгаалалт гаргахгүй болохоо баталж байна (13.3.), Энэхүү гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжийн хооронд зөрүүтэй заалт гарсан тохиолдолд энэхүү гэрээний нөхцлийг даган баримтална (15.3.) гэсэн нь Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт …улс мөн (1.1.), Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй (10.4.) гэх Үндсэн хуулийн заалтуудыг зөрчиж байна.
в) Хууль зөрчиж батлагдсан нь Үндсэн хуулийн Цэцээс нэгэнт тогтоогдсон, УИХ-аас хууль зүйд нийцүүлэн хараахан батлаагүй байгаа учраас хүчин төгөлдөр бус хэмээн үзэх үндэстэй, Үндсэн хуулийг зөрчиж буй эсэхийг нь Цэцээс эцэслэн шийдээгүй байгаа Ашигт малтмалын тухай хуулийг үндэслэн, мөн бусад хуулийг зөрчин энэхүү гэрээг тохиролцож буй нь хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн Үндсэн хуулийн заалт (1.2.)-ыг илт зөрчиж байна.
3.1.2. Үндэсний асар их нөөц баялгийг гэрээнд заасан өрөөсгөл нөхцөл, болзлоор бусдын мэдэлд шилжүүлэх гэж байгаа нь Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн үзэл санаа, эдийн засгийн аюулгүй байдлын талаарх заалт (3,1.,3.4.4.)-д нийцэхгүй байна.
3.1.3. Гэрээний төслийн дагуу олгох олон хөнгөлөлт, чөлөөлөлт нь гадаад орны хөрөнгө оруулагчдад үзүүлэх аливаа хөнгөлөлт,тэдний эдийн засгийн сонирхлыг хамгаалах арга хэмжээг Монголын үндэсний үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчдад үзүүлдэг хөнгөлөлт,эдийн засгийн нөхцлөөс давуутай болохоос сэргийлж,хяналт тавих тухай Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, тэрчлэн Шударга өрсөлдөөний тухай хуулийн заалтад харшилж байна.
3.1.4. Ашигт малтмалын тухай 2006 оны хуулийг хүчин төгөлдөр үйлчилж буй гэж үзсэн ч гэрээний төсөл уг хуулийн олон заалтыг зөрчиж байна. Тухайлбал, Улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй нөөцийг гэрээнд хамруулж (3.2.3.,3.2.4.,15.2.) буй нь хуулийн 30 дугаар зүйлийн тов тодорхой заалтыг уландаа гишгэж байна. Монголын хөрөнгийн биржээр хувьцаа арилжаалахтай холбогдуулан хүлээх аливаа үүргүүдээс Хөрөнгө оруулагчийг цаашид бүрмөсөн чөлөөлнө (1.10.) гэсэн нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гэх хуулийн заалт (5.6.)-д нийцэхгүй байна.
3.1.5. Татварын аль нэг жилд гарсан алдагдлыг…тухайн алдагдал гарсан жилийн дараахь дараалсан татварын таван /5/ жилийн хугацаанд албан татвар ногдуулах орлогоос хасч тооцож болно (2.7.1.) гэсэн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг (2 жил гэснийг) зөрчиж байна.
3.1.6. Хөрөнгө оруулагч нь санхүүгийн бүртгэлээ ам.доллараар хөтөлж болно (2.33.), ТУЗ өөрөөр шийдээгүй бол … бүх санхүүжилтийг АНУ-ын доллараар хийнэ (8.1.в) гэж заасан нь Валютын зохицуулалтын тухай хууль болон эрх зүйн бусад актад нийцэхгүй байна.
3.1.7. Засгийн Газар олон улсын гэрээтэй адил хүчинтэй байх гэрээг Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжтэй байгуулах гэж байгаа нь Олон улсын гэрээний тухай хуулийн заалт (3.1.)-д харшилж байна.
3.1.8. Гэрээний монгол, англи хувь агуулгын болон орчуулгын хувьд зөрвөл англи хэл дээрх хувийг баримтална (15.10.) гэсэн нь Монгол Улсын бүрэн эрхт байдлыг хөсөрдүүлж буй төдийгүй Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн гэсэн Үндсэн хуулийн заалт (8.1.)-д нийцэхгүй байна. Гэрээний орчуулгатай холбоотойгоор үүсч болзошгүй бүх эрсдлийг Засгийн Газар хариуцах болж байна.
Монгол хэл дээрх төсөл ойлгомж муутай өгүүлбэр ба найруулга,үг,үсгийн алдаагаар дүүрэн байхад англи хэлнээс алдаа мадаггүй хөрвүүлсэн гэх найдвар,баталгаа огт байхгүй бөгөөд энэ бүх эрсдлийг Монголын талд үүрүүлж, маргааныг Лондон дахь Арбитрын шүүхээр англи хэл дээр (13.2.3.,13.2.6.) шийдвэрлүүлэх нь зүйд үл нийцнэ.
Орчуулгын алдаа гарч болдогийг Монгол Улсад газар,түүний хэвлий ..болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл,төрийн хамгаалалтад байна хэмээх Үндсэн хуулийн заалтыг англи хэл рүү хөрвүүлэхдээ гагцхүү ард түмний мэдэл(д) гэхийг үндэсний бүрэн эрхэд гэж дутуу дулимаг буулгасны дээр гагцхүү гэх онцгой чухал үг,агуулгыг бүрмөсөн орхигдуулсан өөр нэг жишээ харуулна.
3.2. Арбитрын үйл ажиллагааг гэрээнд ямар нэгэн байдлаар оролцоогүй, төвийг сахисан гэж үзэхүйц гуравдагч орны шүүхээр гүйцэтгүүлдэг олон улсын эрх зүйн зарчим, практикийг бүдүүлгээр зөрчин Айвенхоу Оюу Толгой Лимитед компани бүртгэгдсэн Нэгдсэн Вант Улс , тэрчлэн Оюу толгой төслийн хувьцааны 9,95 хувийг одоо эзэмшиж буй, цаашдаа 40 хүртэл хувийг эзэмших тохиролцоотой Рио Тинто компанийн байрладаг Нэгдсэн Вант Улсын Лондон хотын шүүхийг сонгож авсан нь гэрээ эрхийн наад захын хэм хэмжээг үл хайхаарч, үндэсний эрх ашгаа хөсөрдүүлж буй нь тод жишээ мөн.
3.3. Засгийн Газар Хөрөнгө оруулагчийн …мэдэгдлийг хүлээн авснаар Гэрээг 20 жилийн хугацаагаар шууд сунгана (15.8.) хэмээн Монголын тал ямар ч эрх мэдэлгүй байхаар тусгажээ. Ерөөс гэрээг 20, 20 жилээр ямар ч нөхцөл,болзолгүйгээр шууд сунгах нь хүлээн зөвшөөрөх боломжгүй зохицуулалт.
3.4. Ашиглалтын 6709А тоот тусгай зөвшөөрлийн талбайд шинээр тогтоох нөөц (3.2.3., 3.2.4.), тэр ч бүү хэл 6708А, 6710А, 6711А тоот тусгай зөвшөөрлийн талбай болон 6709А …талбайн зэргэлдээ, эсхүл хүрээлэн оршиж буй Хөрөнгө оруулагчийн мэдэл дэх бусад талбайд илрүүлэх нөөцийг олборлож боловсруулах бүрэн эрхтэй (15.2.) хэмээн гэрээнд заасан нь огт судлагдаж тогтоогдоогүй байгаа эрдэс баялгийг хүртэл ямар ч нөхцөл, болзолгүйгээр харанхуйгаар, урьдчилсан байдлаар гаднынханд өгч байгаа хэрэг. Энэ бол хууль тогтоомж хийгээд учир зүйд үндсээрээ харш, хэт даварсан заалт яах аргагүй мөн.
3.5. Энэхүү гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байх бүрэн үндэстэйг Монгол Улсын тулгуур хуулиудын нэг болох Иргэний хууль-ийн холбогдох зохицуулалт, тухайлбал хууль зөрчсөн…хэлцэл (56.1.1.), дүр үзүүлэн хийсэн хэлцэл (56.1.2.), өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл (56.1.3.), ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл (58.), хууран мэхэлж хийсэн хэлцэл (59.) гэх зүйл,заалтаас олж харж болно.
3.6. Өмчийн эзэн болох Монголын талын оролцоог Айвенхоу Майнз Монголия Инк ХХК-ийн Хувь Нийлүүлэгчдийн Гэрээ нэртэй тохиролцоогоор эрх зүйн хувьд баталгаажуулах гэж буй нь улс орны ашиг сонирхолд нийцэхгүй байна.
Монголын төр баялгийн эзэн атлаа хөндлөнгийн нэг хөрөнгө оруулагчийн зиндаа,жишгээр (тухайлбал Рио Тинто компани шиг) хувь нийлүүлэгч болох нь угтаа доромжлол бөгөөд манай эрх баригчид асуудлыг бие даан зөв зүйтэй шийдвэрлэх боломж,чадваргүй болсныг тойруу замаар илтгэнэ.
Зүй нь Оюу Толгой хэмээх хамтарсан компани (үйлдвэр)-ийг байгуулж хамтран ажиллах ёстой.
Оюу Толгой Төслийн Хувь Нийлүүлэгчдийн Гэрээ гэсэн нэр томъёог гэрээний төсөлд толгой гарчиг байдлаар зориуд нэмж оруулан үнэн байдалд нийцэхгүй ойлголт,сэтгэгдэл төрүүлэхийг оролдож буйг энд цохон тэмдэглэж байна.
3.7. Гэрээнд оролцогч гадаад талын субъектээр хэд хэдэн компани, түүний дотор Айвенхоу Майнз Лимитед, Айвенхоу Групп, Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй Айвенхоу Оюу Толгой Лимитед зэрэг компани байгаа нь сэжиг төрүүлэхүйц агаад маргаантай байдлыг ирээдүйд үүсгэж мэдэхээр байна. Засгийн Газрын 2007 оны 6дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдэж сайшаагдсан гэрээний төсөлд Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй Айвенхоу Майнинг Монголия гэх компанийн нэр ч явж байсныг энд зориуд дурдаж байна.
Офф-шор хэмээн нэрлэгддэг, хяналт ба татвараас зугтаж зайлсхийсэн компаниуд Британийн Виржинийн арлуудад ихээр бүртгэгддэг тул Айвенхоу, Монгол Улс, Оюу Толгой гэх мэт нэр үгтэй ямар нэгэн байдлаар холбоотой хэдэн компани,хэний нэр дээр, хэзээ бүртгэгдсэн зэргийг манай зохих байгууллагууд Виржинийн арлуудын Санхүүгийн Үйлчилгээний Комиссоос албан ёсоор тодруулах нь зүйтэй.
Ерөөс ийм сэжигтэй бүртгэлтэй жижиг компанитай хамтарч улс орны хувь заяаг шийдэх төслийг хэрэгжүүлнэ гэдэг бол өөрөө тун гоомой, бүтэлгүйтэх эрсдэлтэй үйлдэл гэдгийг эрхбиш бас бодолцох учиртай.
Айвенхоу Майнз Лимитед хэмээх толгой компани хаана бүртгэлтэй болохыг гэрээнээс олж мэдэх боломжгүй байгаагаас гадна энэ компани Айвенхоу Оюу Толгой Лимитед компанийн хамт Канад Улсын Ванкувер хотод нэг хаягаар байрладаг аж.
Ямар ч байсан Монголд бүртгэлтэй охин компани, Виржинийн арлуудад бүртгэлтэй (хэд хэдэн?) компаниараа дамжуулан толгой компани нь хөрөнгө мөнгийг найруулах, ногдол ашгийг татваргүйгээр шилжүүлэн авах зэрэг эрх зүйн талын бэлтгэлээ энэ гэрээгээр бүрэн хангажээ хэмээн ойлгогдож байна.
3.8. Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол …Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө(8.1.), Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол энэхүү гэрээ нь Монгол Улсын хуулийн дагуу зохицуулагдаж тайлбарлагдана (15.11.) гэх ерөнхий заалт байгаа хэдий ч үнэн хэрэгтээ хамгийн чухал бүх асуудлыг гэрээнд өөрөөр зааж зохицуулснаар Монголын хууль тогтоомжид огт захирагдахгүй болгож буйг энд зориуд анхааруулж байна.
3.9. Энэхүү гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжийн хооронд зөрүүтэй заалт гарсан тохиолдолд энэхүү гэрээний нөхцлийг даган баримтална(15.3.), Монгол Улсын Их Хурлаас хүлээн зөвшөөрч баталснаар энэхүү гэрээ нь хуулийн адил хүчинтэй байна(15.9.) гэх заалтууд энэ гэрээ Үндсэн хуулийн заалттай эн зэрэгцэхүйц, зарим талаар бүр түүнээс давсан эрх зүйн чадамжтай тохиролцоо болох гэж буйг харуулна. Иймд энэ гэрээг байгуулахдаа тулвал Үндсэн хуулийг өөрчлөхөд шаардлагатай байдаг УИХ-ын 3/4-ийн олонхийн саналаар асуудлыг шийдэх нь зүйд нийцнэ.
3.10. Гэрээний төслийн өөр олон зүйл,заалт Монгол Улсын хууль,тогтоомжийн шаардлагыг хангахгүй байгааг энд тэмдэглэж байна.
Гарц,шийдлийн талаарх санал
1.Энэхүү гэрээ нь Монгол Улсын хууль,тогтоомжид харш үйлдлүүдээр хийгдсэн төдийгүй агуулгынхаа хувьд хууль,тогтоомжийг илт зөрчсөн баримт бичиг болсон тул УИХ-аар авч хэлэлцэлгүйгээр зохиогчид нь шууд буцаавал таарна.
2.Анхнаасаа хууль бус бөгөөд улс орны эрх ашигт нийцэхгүй гэрээ болох нэг язгуур шалтгаан нь энэхүү гэрээг боловсруулах, тохиролцох, батлах эрх зүйн хийгээд төрийн бодлогын зайлшгүй шаардлагатай орчин бүрдээгүй байгаад оршино.
Иймд Оюу Толгойн төсөлд хөрөнгө оруулах тухай бодитой ярьж тохиролцох, гэрээний төсөл боловсруулахын өмнө дараах үндсэн нөхцөл,болзлыг урьдчилан хангах хэрэгтэй байна. Үүнд
а) Эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлогыг цэгцэлж тодорхойлох,
б) Ашигт малтмалын тухай хуулийг Үндсэн хуулийн үзэл санаа,заалтад нийцүүлэн боловс-
руулж шинэчлэн батлах,
в) стратегийн ач холбогдолтой аливаа ордыг ашиглахад төрийн оролцоог эцсийн дүнд
51 хувиас доошгүй, Тогтвортой байдлын гэрээ байгуулвал үйлчлэх хугацаа нь нэг удаад
дээд тал нь 15 жил байхаар хуульчлан тогтоох,
г) Оюу Толгойн ордыг ашиглах Техник-эдийн засгийн үндэслэлийг Монголын хууль тогтоомж,
хэвшсэн практикийн дагуу боловсруулж батлуулах,
д) Оюу Толгойн төсөлд хамруулах ашигт малтмалын нөөцийг зохих журмын дагуу бүртгэсэн
байх (өөрөөр хэлвэл, гэрээнд зөвхөн бүртгэлтэй нөөцийг тусгах) зэрэг болно.
3. Монгол Улсын хууль тогтоомжийг үл хүндэтгэдэг, үл зөвшөөрдөг аливаа хөрөнгө оруулагч- аас эрс шийдэмгий салж, тэдний эзэмшиж буй тусгай зөвшөөрлийг цуцлах нь аль аль талдаа өлзийтэй.
Айвенхоу Майнз компани Монгол Улсын хууль тогтоомжийг үл хүндэтгэх хандлага, үйлдлийг өмнө нь нэг биш удаа гаргаж байсан бөгөөд энэ араншингаа өөрчлөлгүйгээр гэрээ хэлэлцээний үед хууль тогтоомжийг, тухайлбал Үнийн өсөлтийн (68 хувийн) албан татварын тухай хуулийг дагаж мөрдөхөөс эрс татгалзаж Монголын талыг шахаж дарамталсан нь гэрээний төсөл, Сангийн сайдын мэдэгдэл зэргээр нотлогдоно.
Иймд энэ компанитай цаашид түншлэх эсэх асуудлыг зарчмын хувьд сөхөн тавьж шийдвэл таарна. Оюу Толгойн төслийн хайгуулын болон бусад ажилд одоог хүртэл зарцуулсан гэх хөрөнгийн хэмжээг ч хөндлөнгийн шинжээчдээр сайтар магадлуулах ёстой.
4. Монгол Улсын хууль,тогтоомжийг зөрчсөн, тэдгээрээс давсан болзол,шаардлага тавихгүй байхыг гаднын түншүүдэд зөвлөж ойлгуулахын сацуу маш сайн боловсруулсан саналыг Монголын тал тэдэнд даруй тавих ёстой.
Буруу хууль гаргасан, ашиглалтын лицензийг хууль зөрчин улс төрийн шийдвэрээр олгосон гэх мэтээр анхнаасаа мордохын хазгай болж буруу замаар орчихсон асуудлыг одоогийн гэрээний зарим нэг жижиг заалтыг засаж сайжруулах төдийхнээр шийдэж чадахаас нэгэнт өнгөрсөн. Иймд бодлогын хувьд эрс өөр гэрээ хийх шаардлагатай. Тухайлбал, төрийн оролцоог эцсийн дүнд бүр дор хаяж 51 хувиас доошгүй байлгах тодорхой шийдлийг дэлхийн болоод Монголын практикаас ургуулан санал болговол зохино.
Бидний үзэж байгаагаар хэд хэдэн хувилбартай шийдэл байж болох бөгөөд цаашид өрнөх гэрээ хэлэлцээний тактик хийгээд сонины зай талбайн үүднээс энд дурдах боломжгүй байна.
Зэс хайлуулах үйлдвэрийн асуудлыг гэрээнээс тусгаарлаж, хэнтэй хамтарч хэрхэн байгуулахыг дараа нь Монголын эрх ашигт хамгийн тохиромжтойгоор шийдэх учиртай.
Монголын талын язгуур эрх ашгийг бүрэн дүүрэн хангахуйц гэрээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж одоогийн түншүүд үзвэл тэднээс эртхэн салж цоо шинэ боломжийг сонговол таарна.
Хөрөнгө оруулагчдаас бодитойгоор гаргасан зардлыг нь зах зээлийн дундаж төвшнөөс нэлээд өндөр хүүгээр өсгөж тооцоод Монгол Улсын Валютын нөөцөд одоо хуримтлагдаад буй 1 тэрбум орчим ам.доллараас гаргаж нөхөн төлвөл зохино.
5. Гэхдээ асуудал ийм хэмжээнд хүртлээ даамжирна гэх бодит үндэс даанч алга байгааг хэлэх хэрэгтэй. Учир нь гэвэл, Оюу Толгойн ордын баялаг дэндүү гайхамшигтай тул орхиод явах хөрөнгө оруулагч хайгаад ч олдохгүй. Үүнийг өмчийн эзэд сайтар ухаарч бодлого, шийдвэртээ тусгах ёстой.
Энэ орд нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх зиндааны төдийгүй үр ашгийн төвшнөөрөө бүр хосгүй болох нь улам бүр илэрхий болсоор байна. Дэлхийн зах зээлийн үнийн одоогийн төвшинд ойролцоо ханшаар тооцоолвол, Оюу Толгойн төсөлд оруулах хөрөнгө ердөө 2,1-3 жилийн дотор эргэн төлөгдөнө хэмээн үндэсний шинжээчид тогтоожээ. Энэ тооцоо үнэн мөнөөс нэг их хол зөрөхгүй байх бүрэн үндэстэйг Сангийн Яамны тооцоо ч харуулна.
Монголчууд энэхүү гайхамшигтай хөрөнгө,баялгаа гаднынханд зүгээр шахуу өгөх гэж буйгаа бүх нийтээр ухаарахын зэрэгцээ ийм ордын 20-30 хувийн хувьцааг эзэмших гаднын ямар ч дорвитой хөрөнгө оруулагч азын тэнгэрийн ивээлд эгнэгт орсонтой адил байх болно гэдгийг ямагт мэдэж хөдөлвөл зохино.
Ирээдүйтэй хөгжил зөвлөл
/Оллоо.МН/