2000 он, Д.Оюунхорхолыгоо мартсан Элсний 13″
Одоо үхэр мал л ингэж мөөрөх үлдэх шив. Уг нь энэ нам мөхнө үү, сэхнэ үү тээр тэнд бэлчиж яваа адгуус амьтдад ямар ч хамаагүй баймаар. Гэтэл үнээгээ булаалгачихсан бух шиг бөөн юм болохыг ньяана гээч. Мэдээжийн хэрэг МАХН-ын асуудал МАХН-ын гишүүдийн л асуудал байж таарна. Ажаад байхад манай хамгийн аймаар Ардчилсан намын, хамгийн аймаар ардчилсан үзэлтэй гэгдээд байдаг гишүүд энэ намын талаар ер нь шөнө нойртой хонодог болов уу гэмээр зүйлийг ярих болсон нь хачирхал төрүүлдэг. Өглөө босоод л МАХН өөрчлөгдөх ёстой гэх. Өдөр цай уухынхаа өмнө амжаад мөн л энэ үгээ хэлээд авах.
Орой унтахынхаа өмнө бурхан тахилдаа мөргөж, салхинд гарахын оронд мөн л МАХН шинэчлэгдэх ёстойг авгай, хүүхэддээ нэг сайн ярьж аваад тав тухтайхан нойрсох болоо юу гэлтэй ажиглагдах болсон байна. Үүнийг нь харахаар МАХН-ын жинхэнэ улаан хувьсгалч гишүүн ч юм уу гэж өөрийн эрхгүй бодогдох ажээ.
Хэрвээ тийм биш байсан бол хүний нам бус харин өөрийнхөө намын хувь заяанд л ихээхэн санаа зовмоор юм. Эсвэл энэ намтай түүний эрх ашиг удаан жилийн зузаан найрамдлаар холбогдоод, эдүгээ цагийн эрхээр нөгөө бат бэх хэмээн бодож байсан суурь нь ганхаад ирэхээр ийнхүү нойр нь хүрэхээ болин зүүлэг юм шиг харанхуйд тэнэх болов уу. Мэдээжийн хэрэг МАХН ч бус бүх л нам, эвсэл, хөдөлгөөн, тэр ч бүү хэл хувь хүн хүртэл сайн тал руугаа байнга шинэчлэгдэж байх ёсгой. Үүнийг ямар нэг улстөрийн хүчин, хэн нэгэн ухаантай хүн, эсвэл байгаль цаг агаар бус амьдрал өөрөө тэгж шаарддаг.
Ингэхгүй бол нэг л мэдэхэд буурин дээрээ шовойтол суугаад хоцрох магадлал тун өндөр. Бас шинэчлэлийн явц нь таван жилийн, 10 жилийн дараа гэсэн цаг хүгацааны орон зайд баригддаггүй гачлантай. Өдөр бүр, цаг минут тутам шинээр сэтгэж, цоо шинээр ажиллахыг шаардах агаад амьдралын өөрийнх нь тавьсан энэхүү стандартадтэнцсэн нь хожиж, тэнцээгүй нь хөсөр хаягдан мартагдсаар эдүгээ хүн төрөлхтөн олон сая жилийг ардаа хийжээ. Ингэхэд 2000-2004 оныг эргэн санацгаая.
Ах нам дангаараа төр барьж, 72 гишүүн даналзаж байсан үе. Мэдээж, одоо УИХ болоод намынхаа залуур дэр сууж байгаа АН-ын ихэнх дарга нар тэр үед гадаадад дүрвээд гарчихсан учир тэр бүрийг мэдэхгүй байж болно. Гэхдээ ард түмэн гэж нэг айхтар юм тэр үеийн УИХ-ын уур амьсгалыг огтхон ч мартаагүй байгаа бөгөөд тийм ч учраас 2004 онд Эвслийн төлөө саналаа өгчээ.
Элсний 13″ гэж уг нь муухай нэр шүү дээ. Баабар энэ талаар сайхан тайлбарлаад биччихсэн байна лээ. Тэрбээр 2000 оны сонгуулийн өмнө өөрийн нь харьяалалтай намд хэрхэн Элсний 13″ бий болсон, ямар үр дүн авчирсан, эцэст нь хувь заяа тэднийг яаж шоглосныг нь нүдэнд харагдтал бичжээ. Ингэхэд үүнийг дахин давтах шаардлагагүй гэж бодож байна. Харин МАХН-ын тэр нэгэн үе буюу 2000-2004 оныг эргэн дурсах шалтгаан бий. Тухайлбал, МАХН-ын 72 гишүүн даналзаж байсан энэ их хурал дээр намынхандаа шүүмжлэлтэй ханддаг байсан цорын ганцхан хүн бий. Тэр нь Д.Оюунхорол. Бас эмэгтэй хүн шүү дээ.
Тэр үед одоо энэ ДАрвин, Д.Алтай, Т.Ганди, Д.Долгор гээд эмэгтэйчүүд байсан л даа. Д.Арвины хувьд сөрөг хүчнийхээ дөрөвтэй л үзэлцэж байвал болоо гэж ойлгосон нэгэн байсан юм. Харин одоо тэд төрөл арилжаад намынхаа шинэчлэлийн төлөө үхнэ гээд харайж явах юм. Бас энэхүү Элсний 13″-т нэр нь багтсан ихэнх гишүүд намынхаа дарга Н.Энхбаяр болоод намынхаа лидер гэгддэг хэдхэн хүний өөдөөс ганц үг сөрөөд хэлчих зүрхгүй үлбийсэн үхээнц юмнууд байсан. Тэр үеийн УИХ дахь ах намын гишүүд жорлон энэ тэрд ганц хоёроороо ийш тийш ихэд сэрэмжлэн харж байгаад, Уг нь манайхны буруу л даа. Одоо яая гэхэв хэмээх үгийг амнаасаа хэнд ч дуулдахгүйгээр шивнэн унагаадаг байснаа одоо мартлаа гэж үү дээ.
Ингэхэд Оросын Үүрэг хүлээсэн цагт хэмээх нэгэн киног манайхан санах байх. Таван бүсгүй нэг эрэгтэй ахлагчийнхаа хамт баахан немцийн эсрэг тулалддаг. Эцэстээ ахлагч ганцаараа амьд үлдээд, гурван немцийг олзлохдоо, муусайн хар малнууд аа, энд хэдхэн хүүхэн байсан юм шүү дээ, хэдхэн хүүхэн хэмээн гранат барьчихаад дахин давтан хэлдэг хэсэг өнөөдөр 2000 оны парламентыг санахаар л өөрийн эрхгүй нүдэнд харагдах шиг болдог юм. Тэгвэл тэр үеийн УИХ-д байсан хэдхэн хүүхнээс зөвхөн ганц нь немцүүд-тэй тулалдаж бусад нь түүний эсрэг хоолой нийлүүлэн бархиралдаж байсан билээ.
Үнэндээ энэ үеийн УИХ дээр Д.Оюунхорол намынхаа шинэчлэл, мугуйдлалын эсрэг ганцаараа үг хэлдэг байсан. Тэр үед одоо энэ Элсний 13″-ынханд багтчихсан байгаа нөхдүүд амаа үдүүлчихсэн мэт гөлийгөөд сууцгаааж байсныг миний ард түмэн эргэн санацгаа. Мөн Д.Оюунхоролыгоо намынхаа эсрэг дуугарч байна, Н.Багабандид хов зөөж байна гээд л эд нар хэрхэн гадуурхаж байсныг санацгаа. Гэтэл нөгөөдүүл чинь эдүгээ үүнийгээ таг мартчихсан, бөөн шинэчлэгчид болчихоод, төрөл арилжчихсан харайж явна. Юм өөрчлөгдөж болно.
Гэхдээ ийм маягаар биш байх. Ялангуяа юм л бол хүний мөс, жудаг яриад унадаг хүмүүс ингэж өөрчлөгдөх нь муухай л харагддаг байхгүй ю удаа. Ингэхэд немцүүд эцсийн бүлэгтээ яасан бэ гэхээр, Д.Оюунхорол бүсгүйг намаасаа хөөсөн. Намаа шүүмжиллээ гэж намаасаа хөөсөн юм. Хэн ч түүнийг өмөөрөөгүй. Өмөөрөх цөс, зоригтой хүн ч байгаагүй. Яагаад гэхээр, бүгдзөвхөн өөрийнхөө арьсыг бодсон үхээнц, бялдууч, хулчгарууд байсан. Тийм ч учраас одоо энэ Элсний 13″ дотор байгаа нөхдүүд түүнийг хамгийн түрүүнд алга нижигнүүлэн ташсаар намаасаа хөөж байснаа эдүгээ таг мартжээ. Юуны өмнө эрхэм хатагтай Д.Оюунхоролоос уучлалт гуйя.
Миний бие тэр үед үйл явдлын дунд байсан хийгээд одоо энэ Элсний 13″ гэгдээд байгаа нөхдүүдийн гэв гэнэтхэн хувирсан ааш араншинг хараад дуугүй сууж чадаагүй учраас үүнийг тэрлэлээ. Магадгүй наадуул чинь сурсан зангаараа Д.Оюунхорол л үүнийг бичүүлж байгаа юм хэмээн өөр рүү чинь дайрч болзошгүй учраас уучлалт гуйж байгаа хэрэг. Тэгээд ч шинэчлэх үе дээр нь дуугүй сууж суучихаад яг шинэчлэгдэхээс өөр арга замгүй боллоо гэхийн үед шинэчлэгдэж өөрчлөгдөх хэрэгтэй байна хэмээн хамгаас чанга хашгираад эхэлж буй хүмүүс хэзээ ч шинэчлэл авчирч, өөрчлөлтийг араасаа дагуулна гэж байдаггүйг дэлхийн түүх баталдаг юм. Тийм хүмүүс өөрсдийнхөө үеийг өнгөрч байгааг өөрийн эрхгүй мэдэх болж, эцсийн удаа эрх ашгийнхаа төлөө сүүлчийн тулаанд морддог. Өөрөөр хэлбэл, нам болоод намын ирээдүй хойч бус гагцхүү маргааш идэх хоолоо л боддог гэсэн үг. Түүнийгээ хэрхэн олохоо харин ч нэг мундаг мэдэрнэ шүү дээ.
Д.Гал
Монголын мэдээ 145/2177/