Монгол газар-ыг шүүхэд өгчээ
Тэдний хүнд суртал юунаас улбаатайг өчигдөр баримт дурдан илчиллээ. Архангай аймгийн Цэнхэр сумын Нарийн хамар голын аманд Монгол газар компани 2005 оноос алт олборлох үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Ингэхдээ байгаль орчныг хамгаалах хуулиудыг зөрчсөн үйл ажиллагаа явуулжээ. Дээрх компани алт угаадаг хиймэл нуураа сэтлээд Нарийн хамар гол руу нийлүүлжээ. Үүнээс үүдэж нутгийн иргэд болон мал ундны усгүйдэхэд хүрсэн аж.
Уг нь ус ашиглах гэрээг хуульчилсан байдаг. Хуулиар бол Монгол газар компани Усны хэрэг эрхлэх газраас дүгнэлт гаргуулсны үндсэн дээр Нарийн Хамрын гол ашиглах ёстой. Гэтэл тус компани Цэнхэр сумын Засаг даргатай хуйвалдаад захирамж гаргуулсан байна. Уг компанийн зөрчил үүгээр ч зогсохгүй гэнэ. 2003 онд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Цагаан чулуут, Өвөлжөөт хэмээх газруудад 61 га газарт олборлолт явуулжээ. Уг нь гурван жилийн хугацаанд дээрх га газарт үйл ажиллагаа явуулах учиртаи байж. Гэтэл нэг жилийн дотор ноогдсон газраа машиндчихаж л дээ. Алтыг нь аваад авдрыг нь хаядаг үлгэрээр нөхөн сэргээлт хийлгүй, там болгон үлдээжээ. Нутгийн ард малаа идээшүүлэх бэлчээргүй хоцорчээ. Тиймээс Хүний эрхийн хөгжил төвийнхөн ард иргэдийн бодит хохиролд үндэслэн Монгол газар компанид холбогдуулан нөхөн сэргээлт хийдэггүй, бохир усаа голын эх рүү хийдэг зэрэг баримт хавсаргаж Аймгийн болон Улсын мэргэжлийн хяналтын газар, Засаг дарга, Байгаль орчны хяналтын байцаагчдад хүргүүлж хяналт тавихыг хүссэн байна. Харин шаардах бичгийн хариуд Улсын мэр¬гэжлийн хяналтын газар, Байгал орчны яам, Онцгой байдлын ерөнхий газар , Аймгийн мэргэжлийн хянал¬тын газар, сумын байгаль орчны улсын байцаагч нарын нэгдсэн шалгалтаар Монгол Газар ХХК нь усны болон байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчөөгүй болох нь тогтоогдлоо гэжээ. Ийм хариулт ирүүлсэн нь төрийн албан тушаалтнууд авилгалд дөрлүүлж ажлаа хэрхэн хийдэг гэдгээ нотолсон. Ямартай ч бид Монгол газар компанийг шүүхэд өгсөн. Байгаль экологид хохирол учруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж буй нь манай улсын хувьд анхных юм. Энэ хэргийн шүүх хурал ирэх наймдугаар сард болно гэв. Одоогоор Хүний эрхийн хөгжил төвийнхөн Алтан хөндий ХХК -ийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Хуурай хэмээх нутагт алт олборлолт явуулаад нөхөн сэргээлт хийгээгүйг илрүүлж эзэн холбогдогчтой хариуцлага тооцох асуудлаар хөөцөлдөж буй аж.
Нийгмийн толь (176/268)
Ц.Батбаатар