Америк даваажин биш, харь хүн бүхэн бурхан биш
Баримт 1.
Бүсгүйн нэрийг X гэе. Тэрээр монголд жуулчилж явсан Швейцарийн иргэнтэй танилцан хамт амьдрахаар дэлхийн хамгийн баян,төвийг сахисан улс руу хүлгийн жолоо залсан байна. Урьд нь монгол хүнтэй сууж байгаад салсан X бүсгүйд швейцарь жуулчин сайхан амьдрал амласан нь мэдээж. Очиж байгаа орноо нэг их гоё газар гэдгээс өөр мэдээлэлгүй, тэндхийн албан ёсны гурван хэлний алиныг ч гадарладаггүй атал охиноо дагуулан явсан бүсгүй очсоныхоо дараахнаас л нөхрийнхөө алганы амтыг хүртэх болов.
Швейцарь эрийн монголд жуулчилж явсан үеийнх нь соёлтой байдал, сайхан зан хуурамч баг байжээ. Нөхөр нь ижил хүйстэнтэйгээ хавьтдаг, бэлгийн замбараагүй явдалтай, хүн тарчилгаж таашаал авдаг гаж донтон байсныг бүсгүй хамт амьдарч эхэлсэн хойноо л мэдсэн байна. Мэдэхээр барахгүй зовохын дээдээр зовжээ. Нөхөр нь түүнийг зодохдоо айл хөршийнхөндөө мэдэгдэхгүйн тулд Моцартын бадрангуй ая эгшиглүүлж байгаад тамлана. Ил харагдах шарх сорви үлдээхгүй. Бүсгүй цагдаад мэдэгдэн эрхээ Хамгаалья гэхээр хэл мэдэхгүй, хууль бүүр ч гадарлахгүй болохоор дуугүй л зодуулж, тарчилж сууна. Эцэстээ тэвчээр нь барагдаад монгол руугаа оргов.
Жирэмсэн болсноо нутагтаа ирсэн хойноо мэджээ. Өнөөх тамлагч нөхөр нь түүний хойноос монголд ирээд Одоо би чамайг хайрлана. Хүүхдээ бодоод сайхан амьдаръя гэхчилэн түмэн сайхан амлалт өгч дагуулаад буцжээ. Швейцари очингуут Чи надтай хууль ёсоор гэрлэхгүй бол наад хүүхдээ гудамжинд гаргаарай гэж дарамталсан тул X арга буюу гэрлэлтээ батлуулсан нь асар том алдаа болсон юм. Хүүхэд төрсний дараа нөхрийнх нь хүчирхийлэл бүр гаарсан байна. Нөхөр нь нярай хүүхдийнхээ хөлнөөс барьж байгаад мөстэй усанд дүрж, эх хүү хоёрыг нэгэн зэрэг тамлаж зугаацдаг болжээ. Бүсгүй хүүхэд рүүгээ ухасхийвэл цохиод унагана.
Нэг удаа хүүгээ өмөөрөх гээд цохиулан ухаан алдаж унажээ. Охин нь ч хойд эцгийхээ хүчирхийлэлд өртжээ. Бүсгүй тэсэхээ болиод хүүхдүүдээ аваад монгол руу дахин оргов. Тамлагч эр түүнийг зүгээр нэг тавиад явуулчихсангүй. Швейцарийн иргэнийг аваад оргосон хэмээн Х-г цагдаад мэдэгдсэн байх юм. Хүүхэд нь Швейцарийн иргэн тул бүсгүй хүүхэд хулгайлсан хэрэгт унав. Мөн X-г зодчихоод өөрийнхөө биеийг өнгөцхөн шархдуулаад цагдаагийн хэсэгт очиж Миний эхнэр сэтгэцийн гажигтай монгол хүүхэн намайг зодож, дарамталж байна гээд тэмдэглүүлээд байдаг байж. Швейцарийн иргэнд халддаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг монгол хүүхэн швейцарийн иргэнийг аваад оргосон хэрэг босов.
Түүгээр зогссонгүй нөхөр нь бүсгүйн хойноос Монголд ирээд монгол залуус хөлслөн орцонд нь хэд хэдэн удаа зодуулсан байна. Одоо бүсгүйг монголын хууль хяналтын байгууллагаар дамжуулан Швейцарийн шүүх эрэн сурвалжлуулж байгаа бөгөөд өмгөөлөгчөөс нь өөр туслах хүнгүй, Төрсөн нутгийн хайрга ч зөөлөн бус хатуудаад явж байна.
Сүүлийн үед Эр хүн эр хүндээ хайртай, эмэгтэй хүн гадаад хүнд хайртай гэсэн онигоо хүртэл гарсан нь монгол бүсгүйчүүд гадаад хүнтэй суувал жаргах юм шиг гэнэхнээр төсөөлдөг, монгол л биш бол хэнийг ч хамаагүй дагаад гадаадад гарахыг илүүд үздэг хандлага газар авч байгаа нь ийм эмгэнэлд хүргэж байна. Швейцар жуулчин гэхээр хэр баргийн монгол хүнд дэлхийн хамгийн баян, гоё орон гэсэн төсөөлөл бууна. Амьдралын ханиа сонгоход наад захын газар зүйн атласын мэдээлэл, баян орны талаарх гэнэхэн төсөөлөл дэндүү хангалтгүй.
Дэлхийг хамарсан Америк мөрөөдөл монголыг ид нөмрөөд байна. Америкийн виз даруулснаар аз жаргалын түлхүүрийг атгах юм шиг ойлголттой монголчууд элчин сайдын яамных нь гадаа хэдэн арваараа дугаарлаж зогсч, хамаг байдгаа визний шагчдад шавхаад өгч байгаа энэ үед америк нөхөрт гарч хохирсон ядуу орны бүсгүйчүүдээ зориулан бүхэл бүтэн хууль санаачлахад хүргээд байгааг дуулгахад илүүдэхгүй биз. АНУ-д сүүлийн үед харийн бэрүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, амь насаа алдах нь ихэсч, хууль нь өөрийнхөө иргэнийг илүү хамгаалдаг тул сенатч Кантвилл АНУ-д ирж буй гадаадын сүйт бүсгүйчүүд, эхнэрүүдийн эрхийг хамгаалах хууль санаачилсан байна.
Сүүлийн жилүүдэд гэр бүлийн зуучлах товчоо, агентлагууд, интернетийн веб сайтаар дамжуулан америк эрчүүдтэй танилцаж АНУ-д очих болсон гадаадын харьяат эмэгтэйчүүд төрөл бүрийн дарамт, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, амиа алдах нь олширчээ. Америк эртэй гэрлэхээр хилийн дээсийг нь алхаж буй эмэгтэйчүүдийн ихэнх нь манайх шиг амьдрал ядуу азийн болон дорнод европын хүүхнүүд байдаг. Гэтэл энэ улсад гадаадын харьяалалтай эмэгтэй хүн нийгмийн ямар нэгэн хамгаалал хүртэх боломж маш багатай. Цагаач эмэгтэй хүн гэдэг хаана ч хоёрдугаар зэргийн хүнд тооцогддог.
Америк мөрөөдөлд хөтлөгдсөн эмэгтэйчүүдийг зуучилдаг 500 гаруй Интернет сайтууд тэднийг урин дуудаж байна. Харин тэд хувь заяагаа даатгасан америк нөхөртөө янз бүрээр дарамтлуулсан тохиолдолд хууль нь өөрийнхөө иргэний эрх ашгийг нэгдүгээрт тавин хатуурхдаг ажээ. Хамгийн сүүлчийн мэдээллээр Нью-Йоркт Филиппиний иргэн Сюзанна Блаквэлл, Киргизийн иргэн Анастаия Кин хэмээх хоёр бүсгүй америк нөхрийнхөө гарт амиа алдсан байна.
Баримт 2.
Энэ түүх харин гэр бүлийн хүчирхийлэл, зуучлах товчоотой хамаагүй ч америк хүнтэй гэрлээд салахдаа сэтгэлийн зовлонд унасан монгол бүсгүйн тухай юм. АНУ-д мастер хамгаалж, ногоон карттай болсон монгол бүсгүй америк эртэй хууль ёсоор гэрлэж хүүхэдтэй болжээ. Тэнд ч, энд ч гэр бүл салалтын тоо буурахгүй байгаа нь үнэн юм болохоор амьдрал санаснаар нь болсонгүй, тэд шүүхэд салах өргөдлөө өгчээ. Хэдийгээр монгол бүсгүй америк нөхрөөсөө илүү цалинтай, хүүхдээ өсгөх бүрэн боломжтой гэдгээ шүүхэд нотолсон ч шүүгчид өөрийнхөө иргэн эрд хүүхдийг нь өгч эх үрсийг амьдын хагацалд унагажээ. Нөхөр нь хүүхдээ аваад европт ажиллахаар явсан тул бүсгүй гурван настай хүүхэдтэйгээ жилд ганцхан удаа уулзах эрхтэй үлдсэн байна.
Баримт 3.
25 настай монгол бүсгүй Э гэр бүл зуучлах товчоогоор дамжуулан солонгос хүнтэй суужээ. Зуучлах товчоонд итгээд нөхөртэйгээ уулзалгүй, барааг нь ч харалгүйгээр хадмын нутгийг зорьсон бүсгүй 80 гарч яваа хэвтрийн өвгөнтэй гэрлэх гэрээ хийснээ очоод Мэдсэн байна. Цэцэг шиг сайхан, хорь гаруй насны тэр бүсгүй яаж тийм муухай өвгөнтэй хамт амьдардгийг бодоход аймаар гэж Цагаач эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах солонгосын төвийн ажилтнууд ярьсан байна.
Солонгос дахь энэ төвийн ,1633 дугаартай утас таван хэлээр тусламжийн дуудлага авдгийн нэг нь монгол хэл байдаг гэхээр хангүг нөхөрт гарсан монгол бүсгүйчүүдийн хичнээн нь нүдэндээ нулимстай, бие сэтгэлийн дарамтанд, харь газар ах дүү элгэн саднаасаа хол зовж явааг төсөөлөхөд хэцүү биш байгаа биз.
Монголд ажиллаж байсан хар ажилчин хятадуудтай суугаад түмэн зовлон эдэлж, нэг нь охиноо хүртэл худалдуулчихаад ирсэн монгол бүсгүйчүүдийн тухай энэ хавар хангалттай шуугиад мартсан. Өнөөдөр амьдралын хүнд хэцүү, анхны гэрлэлтийн алдаандаа хаширсан хичнээн монгол бүсгүй харь хүнийг дагаад хаашаа ч хамаагүй явахад бэлэн байгааг хэн ч тааж мэдэхгүй.
Ихэнх монгол бүсгүйчүүдийн бас нэг төөрөгдөл нь азийн орны эрчүүд л харгис байдаг, европ, америк хүмүүс илүү соёлтой гэсэн бодол юм. Гэтэл Америкийн конгресс тус улсад гэр бүлийн хүчирхийлэл бодитойгоор оршиж байгааг хүлээн зөвшөөрсөн бөгөөд, албан ёсны мэдээллээр эрх чөлөөний орны гурван эмэгтэй бүрийн нэг нь хүчирхийллийн дарамтанд байдаг байна.
Түүнээс гадна өндөр хөгжилтэй орны эрчүүдийн хамгийн өөртөө итгэлгүй, өөрийнхөө бүсгүйчүүд гологдсон бранк эрчүүд нь буурай орноос эхнэр хайдаг нь батлагдсан үнэн. Гадаадын хүн л бол бурхан гэсэн гэнэн төсөөлөл нь олон монгол бүсгүйчүүдийг зовлонд унагаж байгаагаас цөөхөн жишээ авч энэхүү нийтлэлийг бичлээ. Хэрвээ гадаадын аль нэг орны иргэнтэй гэрлэхээр шийдсэн бол тухайн улсынхаа хуулийг сайтар судлах, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах, гэр бүпийн хуультай нь танилцаагүй нөхцөлд албан ёсоор гэрлэлтээ батлуулахгүй байх, хамтран амьдрах бол хүүхэд, өв хөрөнгө, хамтын өмчлөлийг салсан тохиолдолд өөртөө ашигтайгаар шийдүүлэх заалтуудыг тохиролцон гэрлэлтийн хатуу гэрээ хийж хожим учирч болох эрсдлүүдээс өөрийгөө хамгаалж сурах шаардлагатай байна.
Жилд хичнээн монгол иргэн гадаадыхантай гэрлэдгийг мэдэх гээд Үндэсний статистикийн газарт хандсан ч ИБМУТ-өөс асуу, манайд тийм тоо байдаггүй гэсэн арчаагүй хариу сонслоо. Хэдэн мянган жилийн турш малаа тоолсоор ирсэн, 30 гаруй оронтой тоогоор дээд тоо боддог, тэнгэрийн заадасны оддыг ч тоолдог асан цэцэн билэгт монгол үндэстэн хорин нэгдүгээр зуунд хүнээ бүрэн тоолчихож чадахгүй байгаа нь хамгийн том эмгэнэл биш үү.
Ямартай ч танихгүй газрын бурханаас таньдаг газрын чөтгөр дээр гэж хуучны монгол үг бий. Америк бол диваажин биш, харь нутгийн хүн бүхэн бурхан биш.
Зууны мэдээ 181 (2629)