Таван толгойн эзэд юу хэлэв?
Тэд Таван толгойн талаар ямар санал бодолтой явна вэ?
УИХ-ын гишүүн Батж.Батбаяр Миний гэр бүлнйн компант Энержи ресурс гэдэг хувийн компаний хувьцааг хэн ч тоохгүй байхад нь худалдаж авсан
-Таван толгойн орд газрыг ашиглаж байгаа Энержи ресурс-д таны Туул кашмер компани хувьцаа эзэмшдэг юм уу. Таны нэр холбогдоод байгаа?
– Намайг оруулаад л яриад байгаа юм. Яахав ярьж л байг. Би хулгай хийгээгүй, хуйвалдаж төрийн өмч завшиж хээл хахууль авч байгаагүй. 20 жил бизнес хийсэн. Миний гэр бүлийн компани Энержи ресурс гэдэг хувийн компаний хувьцааг аль эрт хэн ч тоохгүй байхад нь худалдаж авсан. Яг л дэлгүүрээс мөнгөө төлөөд талх худалдаж авдагтай адилхан.
– Таван толгойд Энержи ресурс 14 хувь эзэмшиж байгааг хүмүүс эсэргүүцээд байгааг та юу гэж үзэж байгаа вэ?
– Монгол шиг ядуу улс Таван толгойг ашиглах нь зөв шүү дээ. Дэлхий дээр хамгийн ядуу хүн Африк, Монгол хоёрт л байх шив дээ. Монголчууд бид юу ч хийж чадахгүй байгаа. Юм хийхээрээ хэрэлдээд бие биенээ хэмхчээд орос, хятадын идэш болоод дуусч байна. Орос, хятадууд нэгэнд нь мөнгө өгч нөгөөг нь муулуулаад л, зодолдуулаад л. Хийх гэж байгаа ажлыг нь будаа болгоод л. Орос хятадууд хамаг лицензийг нь эзэмшсэн. Тэрнийхээ тухай юу ч ярихгүй. Ганцхан Энержи ресурс-ийн лицензийг л яриад байдаг.
Хятад, оросын мянга түмэн лиценз байна шүү дээ. Тэгээд Монгол хүн лицензийг нь авахаар боож үхэх гээд. Таван толгойн лицензийг 1998 онд авсан юм. Хадгалж байгаад өдий хүрсэн. Ажиллах гэтэл 86 хувийг нь төр хураагаад авчихлаа. Одоо бүр 100 хувь хурааж авна гэнэ. Хятад, орос, канадуудыг тэгж чадахгүй шүү дээ.
-Яагаад Монгол хүн лиценз авахаар МоАХ-ынхан эсэргүүцээд байгаа юм бэ?
-Женко-гийн Баттулга л МоАХ-ны нэрээр талбай дээр баахан хашгичлаа шүү дээ. Ерөөсөө орос, хятадуудад өгөх зорилготой л зохион байгуулаад байгаа шүү дээ. Орос, хятадуудад өгөхөөр яричихаад л тэднээс мөнгө аваад энэ бүхнийг хийгээд байгаа юм. Монгол оронд Монгол хүн бизнес хийж сайхан амьдарсан нь дээр байдаг юм уу, аль нэг орос хятадад Монголоосоо булааж аваад өгсөн нь дээр байдаг юм уу гэдгийг бодмоор юм.
Энержи ресурс хятадын компанитай нийлж Таван толгойн 50 хувийг авах гэж байна гээд байгаа шүү дээ?
Энэ чинь зүгээр л гүтгэлэг. 36 хувийг хэнд өгөхийг 14 хувьтай Энержи ресурс нь шийддэг юм уу. 86 хувьтай төр шийдэх үү.
– Таван толгойг 100 хувь улсын нөөцөнд авахаар гишүүд тогтоолын төсөл санаачилсан гэл үү?
– 100 хувь улсын нөөцөнд байлгана гэж А.Мурат, Б.Батбаатар хоёр УИХ-д тогтоолын төсөл барьж байгаа юм гэсэн. Тэр хоёр чинь Х.Баттулгын баруун зүүн хоёр гар. 100 хувь улсын нөөцөнд хурааж аваад тэгээд дараа нь хуваарилах юм гэнэ лээ. Тэгэхэдээ Орос, хятадуудад ихэнхийг нь өгнө гэж амлаад мөнгийг нь аваад хашгичаад байгаа юм. Яасан ч их мөнгөтэй юм. Кино мино хийгээд байна лээ. Орос, хятадын мөнгөөр л хийгээд байгаа юм. Улсын нөөцөнд аваад дараа нь тендер нэрээр төрийн томчуудтай хуйвалдан мөнгө өгсөн орос, хятадууддаа өгөх юм гэж дуулсан.
Ер нь Таван толгойг ашиглах хамгийн оновчтой хувилбар таныхаар юу байж болох вэ?
Хамгийн зөв хувилбар бол хувийн хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн хөрөнгө оруулалт гурвыг бие биенээ хянадаг эн тэнцүү хэмжээнд байлгах. Дангаараа 100 хувь төрийн хөрөнгө оруулалт бол өмч биш. Хэдийгээр төр ард түмний төлөөлөл боловч жирийн Монгол хүнд төрөөс юу оногдох юм бэ. Хэдэн том дарга нар л бизнес хийнэ шүү дээ. Адгийн наад зах нь үүнийг сонирхож байгаа хүмүүст хувьцааг нь олж өгснийхөө төлөө асар их хахууль авна. Өнөөдөр ч тийм л юм явж байна. Энэ хашгираад байгаа улсууд чинь орос, хятадад үйлчилж байгаа юм. Түүнийгээ далдлаад улсын нөөцөнд аваад, эргүүлээд тэндээсээ хүртэх гэсэн хүмүүс байгаа юм гэдгийг хэлмээр байна.
УИХ-ын гишүүн С. Баярцогт Би ч Ардчилсан намынхаа үзэл баримтлал, байр сууринд бат зогсох болно
-Таван толгойн орд газрыг ашиглаж байгаа Энержи ресурс компанид та хувьцаа эзэмшдэг юм уу. Таны нэр холбогдоод байгаа?
– Би Энержи рерурс, MCS гэдэг компаниудтай ямар ч хамаагүй.
-MCS-ийн хувьцааны 30 хувийг эзэмшдэг гэдэг худалаа гэсэн үг үү?
– Тэр худалаа. Манай гэр бүл дөрвөн компанитай. Түүгээрээ хангалттай орлого олдог. MCS-ийн эзэд миний найз нар. Москвад ойролцоо үед, хамт суралцаж байсан залуус. Тэрнээс болоод иймэрхүү яриа гардаг байх.
-Тэгээд яагаад таны нэр энэ асуудалтай байнга холбогдоод байгаа юм бол?
– Ямар хүмүүс ямар улс төрийн зорилгоор энэ асуудлыг хөндөж тавиад байгааг би сайн ойлгохгүй байгаа. Ямар нэг албан тушаалд нэр дэвшихэд нэрийг маань муутгах гэж иймэрхүү юм ярьдаг. Янз бүрийн зорилгоор янз бүрийн юм ярьдаг шүү дээ. Тэгээд ярих юм олдохгүй болохоор ийм юм яриад байгаа юм болов уу гэж бодоод маш тайван хандаж байгаа. Тэртэй тэргүй худалаа юм чинь. Хүн намайг гурван чихтэй гэж ярисных нь зоргоор би гурван чихтэй болчих биш. Тодорхой хугацааны дараа энэ хүмүүс надаас уучлалт гуйх байх гэж бодож байна.
-Ер нь Таван толгойг ашиглахыг та дэмжиж байгаа юу?
-Ашиглах нь зөв шүү дээ. Байгалийн баялагийг хуулийн дагуу зөв зохистой ашиглах хэрэгтэй. Энэ төсөл хэрэгжээсэй гэж би бодож байна. Бүх хүмүүс тэгж бодож байгаа байх. Одоо жагсаал цуглаан хийж байгаа хүмүүс ч Таван толгойг ашиглахын төлөө л жагсаал цуглаан хийгээд байгаа шүү дээ. Харин эзэн нь хэн байх вэ, яаж ашиглах вэ гэдэг дээр л саналын зөрүү байгаа байх.
-Үндэсний баячууд үндэстнээ аварна гэдэг лоозонг та хүлээн зөвшөөрөх үү?
– Үндэсний том компаниуд төрж гарах ёстой. Бүгдээрээ жигдхэн дундаж орлоготой юм уу, бүгдээрээ баян байдаг улс дэлхий дээр хаана ч байхгүй. Ямар ч өндөр хөгжсөн оронд тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний баялагт нь эзэлдэг хувиараа толгой цохидог тэргүүн баячууд гэж байдаг. Дундаж давхрага нь голлох үүрэг гүйцэтгэдэг.
– Таван толгойг яаж ашиглах нь зөв юм бэ? Төрд 50 хувь байна гэдэг дэндүү бага байна гээд байх юм?
– Орж ирсэн бичиг баримт, хэлэлцээрийг харах юм бол 86 хувь нь улсад байна. 14 хувь нь анх эзэмшиж байсан Энержи ресурс компанид байна. Хуулиндаа төр 50 хувийн оролцоотой байна гэсэн байгаа. Тэгэхээр 50 хувь нь хувийн өмчид байх ёстой. Ер нь Ардчилсан нам лебераль консерватив үзэлтэй гэж би ойлгодог. Энэ утгаараа манай нам хувийн өмчийг хамгаалах ёстой. Дээрээс нь Ардчилсан нам байхын тулд хувь хүний эрх, эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодолоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах ёстой гэж ойлгож байгаа. Тиймээс хувийн өмчийг хатуу хамгаалах ёстой гэдэг бол манай намын болон миний үзэл баримтлал. Хувийн менежмэнт л хамгийн зөв үр ашиг авчирдаг.
– Та намынхаа үзэл баримтлалд үнэнч байх уу?
– Тийм. Бидний МАХН-аас ялгаатай нь тэр шүү дээ. Бид хувийн өмчийг хамгаалах ёстой. Хувь хүний эрх чөлөөг хамгаалах ёстой. Хэвлэн нийтлэх эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах ёстой гэсэн байр сууриараа бид МАХН-аас эрс ялгарч байгаа гэж бид ойлгож байггаа. Би ч энэ үзэл бодол,
УИХ-ын гишүүн Г. Батхүү Тэр лицензээ буцаагаад авбал авна биз
– Таван толгойн орд газрыг ашиглаж байгаа Энержи ресурс компанид та хувьцаа эзэмшдэг юм уу. Таны нэр холбогдоод байгаа?
– Наадахаа Шунхлай-н захиралаас асуу. Энэ Таван толгой гэдэг үгийг сонсохоос дургүй хүрч байна. Хэцүү юм. Таван толгойн талаар яримааргүй байна. Тэр лицензээ буцаагаад авбал авна биз. Амь биш, заяа биш. Надад зууралдаад байх сонирхол алга.
-Буцааж өгөх байсан бол түүнийг авч, ингэж цоллуулах хэрэг байсан юм уу?
– Наана чинь Шунхлай компани л байгаа шүү дээ. Би захирал нь биш. Энэ талаар яримааргүй байна.
УИХ-ын гишүүн Т. Бадамжунай Төр бол зах зээлийн хамгийн муу менежер
– Таван толгойн орд газрыг ашиглаж байгаа Энержи ресурс-т таны Меркури компани хувьцаа эзэмшдэг юм уу. Таны нэр холбогдоод байгаа?
– Мэдэхгүй. Би өөрөө ч мэдэхгүй байгаа. Тэгж яриад байхыг бодоход надад жаахан хувь байгаа юм байлгүй гэж бодоод л баярлаж сууна.
-Таван толгойг 14-хөн хүн эзэмшиж байна гээд байгаа?
– Монголынхоо ажил хийж байгаа хүмүүсийг дэмжээд, хэдэн төгрөг олсон байвал түүнийг нь өгөөжтэй ирээдүйтэй юман дээр хуримтлуулаад бодотой үр бүтээлтэй юм хийлгэх талаас нь Монголын ард түмэн дэмжмээр байгаа юм. Ер нь бид тамын тогооны үлгэрээсээ салах цаг болсон. Гайгүй яваа нэгнээ хөлнөөс нь доош татах биш дээш нь ергөөд өгдөг болвол үндэсний бахархал, Монголын өөрөө өөртөө эзэн байх эхлэл тавигдана. Тэгэхгүй эсвэл бүгдээрээ, үгүй бол хэн ч биш гэдэг замаар яваад байвал Мянгуужингийн үлгэр болно шүү дээ.
Энэ бол шинэ зүйл учраас зовлонтой байгаа байх л даа. Үнэхээр бүгдээрээ авчихвал зүгээр ч юм шиг. Авна гэхээр хэзээ аваад, хэзээ хөрөнгө хийгээд, хэн нь юу хийх нь мэдэгдэхгүй болно. Монголчууд байгаа баялагаа ашиглахдаа гадны хөрөнгө оруулалтыг ашиглахгүй бол одоохондоо ийм том хөрөнгө оруулалт хийх боломж манайд байхгүй. Тэр боломжийг бий болгоно гээд харамлажхүлээвэл аливаа юмны хурд, хугацаа биднийг хүлээхгүй учраас хэрэгцээгүй болчихыг үгүй гэх газаргүй. Өшөө нарийн технологи гараад ирж болно шүү дээ. Ийм юмаа хаана хаанаа ний нуугүй ярилцаад ойлголцоод явбал Монголын цөөхөн ард түмэн сайхан амьдрах боломж бий дээ.
– Энэ ордыг төрийн өмчинд авах талаар яригдаж байна?
-Одоо бол 86 хувь нь төрд байгаа. Харьцангуй өндөр хувийг нь төр авсан гэж бодож байгаа. Төр бол зах зээлийн хамгийн муу менежер гэдэг ойлголт дэлхий нийтэд байдаг шүү дээ. Төр их удаан байдаг. Шийдвэр нь их хүнд, олон зүйлээс хамааралтай байдаг. Тэр утгаараа зах зээлийн хамгийн муу менежер гэж цоллуулдаг. Энэ муу менежертээ ийм их хувийг өгнө гэж бид зөв шийдэж байна уу гэдэг эргэлзээтэй. Зарим нь бүр 100 хувь өгье гээд байгаа шүү дээ. Тэр буруу гэж бодож байгаа.
-Таныхаар хэд хэдэн хувиар яаж эзэмшвэл тохиромжтой вэ?
-Энэ 15 жилд өмч хувьчилсан нь хувийн хэвшлийг хөгжүүлэх, төр олонхи биш байх гэсэн бодлого байсан. Энэ хугацаанд хувийн хэвшилд шилжсэн салбарууд илүү хөгжсөн шүү дээ. Би их хувь авах гэж байгаадаа ч биш, ер нь төр дийлэнх байх буруу гэж бодож байгаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан Тэгээд л ойлгочих
– Би бүх талаар Батж.Батбаяр гишүүнтэй санал нэг байна. Тэгээд л ойлгочих.
Таван толгойг ашиглаж буй Энержи ресурс ХХК-д хувьцаа эзэмшдэг, төрөөс төрсөн тэрбумтан гэгдээд байгаа шадар сайд М.Энхсайхан / Майн инфо/, УИХ-ын дэд дарга И.Идэвхтэн / Туг сан/, Ц.Мөнх-Оргил нар энэ талаар ганц ч үг амнаасаа унагахыг хүссэнгүй. Харин Ц.Цэнгэл /Хасбуу/, Сү. Батболд /Алтай трейдинг/ нар саарал ордноос олдсонгүй.
Хүмүүс 21 (515)