Толгойнуудаа ухахаа больж, харин оронд нь…
Бид ч яахав өөрсдиинхөө толгойг ухаж амьдарна гэхээс үстэй толгойгоо барьдаг хүмүүс. Тиймээс үеийн үед зөвхөн булчин шөрмөстөө найдаж, булчин шөрмөсөө магтаж, өдгөө ч булчин шөрмөсийг шүтэн амьдарч яваа өчүүхэн нэгэн хорхойнууд билээ.
Харин сүүлийн хоёр гурван жил Оюутолгой, Тавантолгой мэтийг ухна, ухуулахгуй гэсэн хэрүүл тал нутагт цуурайтах болсоор энэ цаг үетэй золгож байна. Энэ толгойнуудын талаар манайд ёроолгүй мэдлэгтэй хүн лав хоёр сая хол давсан тоотой байдаг бололтой юм. Тиим болохоор мэддэггүй хүн огт алга.
Ингэхэд байна шүү дээ, толгоинуудаа ухаж амьдрахыг хүн төрөлхтөн ерөнхийдөө хүлээн зөвшөөрдөг бо¬лолтой юм. Гагцхүү хэзээ ухах вэ гэдгээ онож олоогүй бол гай дагуулдаг гэх аж. Манайхны хувьд өнөөдөр үнэхээр ухах цаг нь мөн үү, биш үү гэдгийг яг таг гаргаад ирсэн хүн амьтан одоохондоо алга. Тиймээс хэрэгтэй, хэрэггүйг үл мэдэх хэрнээ хэн нэгнийхээ хэлсэн үг бүрийг даган дарцаг шиг дэрвэцгээх болсон байна.
Мөн өөрөө ухах сонирхолтой хүн бусдыгаа ухуулахгүй хэмээн хамгаас чанга хашгираад байна уу гэх хардлага өөрийн эрхгүй төрөх боллоо. Бас ухах, ухахгүйн орчил дээрээс од шүүрч эх оронч болдог цоо шинэ аргыг манайхан өлгийдөж авав. Тэрчлэн ухуулна, ухуулахгуй гэсэн нанчилдаан дундаас мөнгө босгодог овсгоотон тун олноор төржээ. Ний нуугүй хэлэхэд, хэн нэгэн хариас ирээд, өөрийнхөө халаасан дахь мөнгөөр манай толгойнуудыг ухан, нөөц энэ тэрийг тогтоогоод өгч буйд баярлалаа хэмээе. Тэгээд ашиглаг л дээ, яадгийм. Ямар ухаад аваад явчих гэж байгаа биш. Бид ингэхэд жорлонгоо ч олигтойхон ухаад шороог нь эвтэйхэн тараачихаж чадцаггүй хүмүүс шүү гэдгээ санацгаая. Мөн өөрөө ухаж чаддаггүй байж, өрөөлийн ухсаныг тамтаггүй шүүмжилнэ. Одоо ч бүр цагаандаа гарч, наанаасаа зайлахгүй бол ална, хядна гэх болж. Ингэж заналхийлэх хүмүүс хэн байна вэ гэхээр, нөгөө л алт сандайлсан гуйлгачингууд харагдах ажээ.
Эдүгээ бид бүгдээрээ тарчиг амьдарч байна. Гэхдээ өсч, дэвжиж байгаа юм бий. Манайд бас баян хэмээх хэмжүүрт тооцогдох баячууд хэр олон байдгийг мэдэхгүй. Ер нь байдаг ч юм уу, бүү мэд. Миний бодоход, улс маань гадаадаас байнга гуйлга гуйдаг гуйлгачин юм чинь ямар юмных нь баячуудтай байх вэ дээ гэж бодцог. Яагаад гэхээр, баячууд олонтой улс орон нь баян байдаг тул гаднаас гуйдаггүй гээд энэ ном сударт бичээд байх юм байна шүү дээ.
Тэгэхээр бид алттай авдран дээрээ сандайлчихаад сайхан амьдралын тухай хангинатал дуулан гуйлгачин царайлж суухаар толгоинуудаа ухаж, тэндээс гарснаар нь ухуулах хэмжээний толгойтой хүмүүсийгбэлтгэцээе. Эсвэл толгоинуудаа ухахаа больж, бие биеийнхээ бөгсийг ухан амьдарцгаая. Яг одоогийнх шиг.
Д.Гал
Монголын мэдээ 146/2178/