Эмирийн үгийг сонсов уу, гишүүд ээ?
Гүйцэтгэх засаглалын тэргүүнд энэ үгийг сонсох хэцүү байсан байх. Юунд зарахыг тодорхой хэлээд өгсөн мөнгийг нь өнөө хүртэл ашиглаагүй байгаа нь эрхэм Эмирт ямар сэтгэгдэл төрүүлсэн бол. Өндөр сэтгэгдэлтэй байгаагүй нь лав.
Өнгөрсөн онд тохиосон Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор холын Кувейт манай улсад парламентын ордон бариарай гэж 12 сая ам. долларын буцалтгүй тусламж үзүүлсэн. Тэр үеэс хойш жил гаруй хугацаа өнгөрлөө. Парламентын ордны байршил өнөө хэр тодорхой болоогүй л байна. УИХ Засгийн газрын оруулсан санал дээр бараг жил гаруй хэрэлдэж хэлэлцсэн гэхэд хилсдэхгүй. Анх таван ч хувилбар орж ирж байсан санагдана. Их тэнгэр, Яармагаас бусад нь давгүй л хувилбар байсан. Харамсалтай нь эрхэм түшээд нэг ч хувилбарыг нь сонгоогүй.
Бүр парламентын ордон барих эсэх нь тодохойгүй болж орхив. Өнгөрсөн баасан гарагийн чуулганаар УИХ-ын гишүүд парламентын ордны байршлыг хальт сөхөөд өнгөрсөн.
ЗГХЭГ-ын дарга Су.Батболд Эмирийн аилчлалаас өмнө газрын асуудлыг шиидмээр байна гэсэн санал хэлээд Н.Батбаяр гишүүнд амаа алгадуулсан нь ойрхны жишээ. Н.Батбаяр Бидэнд шинэ ордон барих хэрэг байна уу. Энэ мөнгийг ордноо засахад зарцуулъя, та нар энэ урд талын цогцолборыг барихдаа хэдэн төгрөг зарцуулж байгаа билээ гэж гөжиж байв. Ч.Содномцэрэн гишүүний санаа зовсон бололтой.
Ямар хоёр газар үлдсэн юм бэ? Буцалтгүй тусламж үзүүлэх хүн нь ирж байдаг. Бид газраа сонгоогүй сууж байдаг хэмээн хэлэлцүүлгийн өнгийг зөөллөж байв. Хэдхэн хоногийн өмнө өрнөсөн хэлэлцүүлгийг эргэн санахад нэг иймэрхүү дүр зураг бууж байна. Өмнөх хэлэлцүүлгийг сөхвөл нэлээд олон цаг энэ сэдвээр маргалдсан байх шүү. Бэлгийн морины шүдийгтатаж үздэггүй гэж хэлэлцсээр ирсэн жудагтай, ёстой түмний үр сад юмсан бид. Парламентын гишүүд нь энэ мөнгө ордон барьж хүрэхгүй, хоёрын хооронд мөнгөөр хуучин ордноо л засчихъя гэж цэц булаалдаж байгааг Эрхэм Эмир сонсоогүй нь яамай даа.
Парламентын болон Засгийн газрын ордон нь тусдаа байдаг жишиг олон улсынх. Арга ч үгүй. Нэг нь хууль тогтоодог, нөгөө нь хэрэгжүүлдэг. Нэг нь төсөвлөсөн мөнгийг зарцуулдаг, нөгөө нь хянадаг. Нэг ордонд байвал энэ зааг нь арилчихна гэсэн болгоомжлол байдаг байлгүй. Өөр олон шалтаг шалтгаан ч байдаг биз. Хүний май гээд зүгээр өгсөн, тэр дундаа түүхт их ойгоор бэлэглэсэн мөнгийг нь хэлсэн зүйлд нь зарж яагаад болохгүй гэж.
Ордон барихад 12 сая ам. доллар багадах нь тодорхой. Тэгвэл мөнгөө нэмж байгаад орчин үеийн жишигт нийцсэн парламентын хотхонтой болчиход болохгүй юм байхгүй санагдана. Ямар хэдэн жилийн өмнөх шиг халаас нимгэний зовлон байгаа биш. Сүүлийн хоёр жил дараалан ашигтай гарсан төсөв, өдрөөс өдөрт ханш нь чангарч байгаа алт, зэс, гэнэтийн ашгийн татвар парламентын ордонд мөнгө илүүчлэх шалтгаан биш гэжүү.
Г.Онон
Монголын мэдээ 146/2178/