Цагдаагийн дэд хурандаа Т. Сайнжаргал Цагдаа хүн маш их ёс зүйтэй, өндөр соёлтой, хуулийг хэрэгжүүлж чаддаг, хүний мөстэй байх ёстой
Өнөөдөр Монголын цагдаагийн байгууллага ямар түвшинд ажиллаж байна вэ? Цаашид яаж ажиллах ёстой вэ?
Монголын цагдаагийн байгууллага төр, ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн. Биелүүлсээр ч байх болно. Сая цагдаагийн байгууллагын 86, дотоодын цэргийн 85 жилийн ой болж өнгөрлөө. Энэ удаад бид цагдаагийн баярыг анх удаагаа Сүхбаатарын талбайд өвөрмөцөөр тэмдэглэсэн байгаа. Амар амгалан амьдралын төлөө бид хамтдаа сэдэвтэй нээлттэй өдөрлөг зохион байгуулсан. Ард түмэн маань маш сайхан хүлээж авч байсныг би мэдэрсэн.
Цаашид манай цагдаагийн байгууллага боловсон хүчнээ сайжруулах нь зүйтэй гэж боддог. Цагдаагийн байгууллага дан ганц хүчний байгууллага биш иргэддээ туслалцаа үзүүлдэг үйлчилгээний байгууллага байх ёстой. Цагдаагийн байгууллага зөвхөн гарсан гэмт хэргийг араас нь мөрдөх биш урьдчилан сэргийлэх тал дээр их ажиллаж байна. Ингэж ажиллах чиг үүрэгтэй. Үүний тулд цагдаагийн боловсон хүчний үйл ажиллагааг сайжруулах нь зүйтэй.
Манайд цагдаа нарын тоо их санагддаг. Эд бүгд сайн боловсон хүчин байж чадаж байна уу?
Тийм ээ, цагдаад орж ажиллах хүний тоо харьцангуй нэмэгдсэн, өрсөлдөөн их болсон. Энэ нь нэг талаас цагдаад өндөр чадвартай боловсон хүчин сонгож авахад сайн талтай. Нөгөө талаас сургалтын төлбөрийг төрөөс төлдөгтэй холбоотой боловч нөгөө талаас цагдаагийн албан хаагчийн нэр төр олон түмний дунд сайн байгаагийн илрэл юм. Цагдаагийн албан хаагч нар болгон үр хүүхдээ цагдаагийн албан хаагч болгоё гэсэн сонирхолтой байдаг. Цагдаа бол нэр төрийн баталгаа байдаг. Үүнээ дагаад цагдаа хүн маш их ёс зүйтэй, өндөр соёлтой, хуулийг хэрэгжүүлж чаддаг, хүний мөстэй хүн байх ёстой.
Цагдаагийн албан хаагчдын нэр хүнд ард түмний дунд муу байдаг. Аливаа зүйлд нэг талаас хандаж, нэг талд өөрөөр хэлбэл эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг гэх зэрэг яриа бий. Энэ тухайд та юу хэлэх вэ?
Би энэ дээр нэг л дүгнэлт хэлнэ. Цагдаа төрийн хуулиар хүлээсэн үүргээ л биелүүлдэг. Цагдаагийн байгууллагын тухай хууль болон бусад хуулиар цагдаад олон үүргийг оногдуулсан байдаг. Садар самуунтай тэмцэх, архидан согтуурахтай тэмцэх хууль, бусад хууль тогтоомжоор цагдаад хүлээлгэсэн үүрэг олон.
Тиймээс цагдаа бол хэн нэгэн эрхтэн дархтанд үйлчилж байгаа асуудал биш юм. Засаг төр солигдсон ч гэсэн цагдаа өөртөө оногдсон үүргээ л гүйцэтгэж байдаг шүү дээ. 1990 онд зах зээлд шилжихэд цагдаагийн цалин хамгийн доогуур, цагдаа солих хувцасгүй л байсан ш дээ. Цагдаа төрөөс юу ч шаардаагүй. Цагдаа хуулинд хүлээсэн үүргээ биелүүлж байгаа гэдгийг би онцорж хэлье.
Үүнийг төр засаг, ард түмэн зөв ойлгож, хүлээж авах нь зүйтэй. Өнөөдөр цагдаа надад үйлчилж байгаа гэдэг утгаар нь юмуу цагдаа надад туслах ёстой гэдгээр нь буруу ойлголт төрсөн зарим хүмүүс байна л даа. Цагдаагийн эрхэнд халдаж байна. Цагдааг хэл амаар доромжлох асуудал гардаг.
Цагдаагийн ажилтнууд авилга, хээл хахуульд ихээхэн өртдөг гэдэг. Тэд үнэхээр авилгад өртөөд байна уу?
Хуулийн байгууллагуудаас цагдаа, цагдаагийн байгууллага хамгийн түрүүнд иргэдтэй тулж ажилладаг байгууллага. Наад зах нь эргүүлийн цагдаа, замын цагдаагаас авахуулаад цагдаагийн байгууллагын албан хаагчид иргэдтэй шууд харьцаж ажилладаг.
Тийм болохоор л ийм яриа гарсан юм болов уу гэж би ойлгодог. Би түрүүн хэлсэн зах зээлд шилжсэнээс хойш төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ хамгийн шударгаар биелүүлж байгаа цорын ганц байгууллага бол Цагдаагийн байгууллага. Ард түмэн нь цагдаадаа хайртай учраас, цагдаагаас их юм нэхдэг учраас, цагдаагаа сайн сайхан байлгахын үүднээс илүү ихийг шаардаж, шүүмжилдэг байх. Тийм ч байх ёстой, цагдаа энэний төлөө л ажиллах ёстой. Тийм ч учраас цагдаа ард түмнийхээ шаардлагыг хүлээн авч, алдаа дутагдлаа сайжруулах ёстой.
Аливаа жагсаал цуглаан болоход цагдаа хяналт тавьдаг. Тайван жагсаал хийж байхад цагдаа оролцох ёсгүй гэж оролцогчид болон зохион байгуулагчид эсэргүүцдэг. Тэдний хооронд үл ойлголцох байдал ч үүсдэг шүү дээ. Үүнийг ер нь яаж зохицуулах ёстой юм бэ?
Жагсаал цуглааны тухай хуулинд цагдаа, дотоодын цэрэгт өгсөн үүрэг байдаг юм. Ердийн, тайван жагсаал цуглаанд цагдаа оролцохгүй. Цагдаад аливаа жагсаал цуглааныг тараах, бутраах үүрэг хуулиндаа байхгүй. Харин хуульд зааснаасаа гадуур жагсаал цуглаан болох, зохион байгуулагч нар илэрхий өөр зүйл рүү чиглүүлэх үед л цагдаа оролцоно.
Жагсаал цуглааныг зохион байгуулах тухай хуулийг манайхан тэр болгон сахин биелүүлдэггүй учраас л цагдаа тэр болгонд оролцох шаардлагатай болдог. Жагсаал цуглаан зохион байгуулж байгаа улсууд өөрсдөө лидер болох гэдэг юмуу эсвэл баатарлаг дүр төрх гаргах гэдэг юмуу зориуд олныг турхирч, үл ойлгох байдал гаргадаг.
Тайван замаар зохион байгуулбал цагдаа тайван замаар л хандах ёстой. Нэгэнт жагсаал цуглааныг зохион байгуулагч үүргээ биелүүлэхгүй, оролцогч үүргээ биелүүлэхгүй нөхцөлд жагсаал цуглааныг тараах бусад үүрэг нь хуулиар цагдаад олгогдсон байдаг юм. Энд би нэг жишээг зориуд хэлье. Солонгос улсад ажиллах хүч гаргах 15 мянган хүнийг цэнгэлдэхэд бүртгэсэн.
Тэгэхэд цагдаа журамлалаа гэж цагдааг буруутгасан. Цагдаа үүнийг хийгээгүй ш дээ. Гэтэл дараа нь эрүүл мэндийн хуудас авахад нь цагдаа оролцохоо больсон чинь эмх замбараагүй байдал үүсч цонх, хаалга эвдчихлээ цагдаа хэрэгтэй байна гэж дуудсан. Тиймээс ард иргэд маань цагдаагаа хаана ямар үүрэгтэй гэдгийг ойлгож, хүндэтгэж бас хайрлаж байгаасай гэж хүсч байна.
Цагдаагийн албан хаагчдын ахуй хангамж ямар байдаг юм бэ?
Ер нь бол хүнд талдаа. Цагдаагийн доод талын цалин 100 мянган төгрөг. Түүнийгээ хоёр хувааж авдаг. Юмны үнэ өртөг ямар байгаа билээ. Цагдаагийн алба хаагчдын 70-80 хувь нь гэр хороолоолд амьдардаг гэсэн тооцоо гардаг. Тав тухтай орчинд амьдардаггүй ш дээ, цагдаа нар. Цагдаа их залуужсан учраас өрх гэр их тусгаарлаж гарсан. Бололцоо нөхцөл нь их муу. Айл хөрш, ах дүүгээ түшиглэсэн цагдаа их байна. Тийм учраас цагдаагийн цалинг нэмэгдүүлэх ёстой. Цагдаа төр, засаг ард түмэндээ үйлчлэхийн тулд тэдний нийгмийн асуудлыг нь сайн шийдэж өгөх хэрэгтэй.
Монголд гэмт хэргийн нөхцөл байдалд хүнд болсон гэж үздэг. Гэтэл цагдаа нар хамгаалалт, техникийн хэрэгслээр дутмаг гэх юм билээ… Техник хэрэгсэлийн хувьд үнэхээр дутмаг. Техник, багаж хэрэгсэлээ сайжруулах ёстой. Цагдаа нар ялангуяа мэргэжлийн шинжээч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг гадаадаас ирсэн сургалтын багш нар их гайхдаг.
Гар хоосон шахуу ийм нөхцөл байдалд ажилладаг хэрнээ ийм өндөр түвшин яаж ажиллаж чадаж байна аа гэдэг юм. Би ч гэсэн хоёр гурван оронд явж үзэхэд өөрийнхөө цагдаагийн байгууллагын албан хаагчдаар бахархах сэтгэл төрж байсан. Мэдлэг чадварын хувьд манай цагдаагийн алба хаагч нар юугаар ч дутахгүй.
Үнэхээр чадварлаг. Хөгжингүй орнуудын цагдаа нар өндөр хангамж, цалин мөнгө эдлээд түүндээ сэтгэл өег байдаг. Манай цагдаа нар бол өөрийнхөө сэтгэлээр ажлаа хийх итгэл өндөр байдаг. Цагдаа нарынхаа техник хэрэгсэлийг олон улсын жишигт хүргэх ёстой.
Дээдсийн хүрээлэн 21 (515)