Т. Очирхүү Хөрөнгө оруулалтын гэрээнээс эхлээд дахин нягтлах зүйл байна
Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхээр хуваарьт нь орсон байсан ч мөн л хэлэлцсэнгүй. Энэ талаар байнгын хорооны гишүүн Т.Өчирхүүгээс тодрууллаа.
-Төсвийн тодотголыг хэлэлцэхээ түр хойшлууллаа. Юунаас болов?
-Эхлээд МАХН-ын бүлэг, АН-ын зөвлөл дээр төсвийн тодотголын талаар хэлэлцдэг. Зарим нэг зүйл дээр санал зөрсөн учраас зөвшилцөж байгаа. Мөн Бороо гоулд, Цайрт минералтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулсантай холбогдуулан дахин тооцоолох зүйлүүд гарсан. Тиймээс Сангийн сайд, Ерөнхий сайд нартай ярилцаж байж хэлэлцэхээр болсон. Үүнд хоёр хоног шаардагдах байх.
-АН-ын зөвлөл Засгийн газрын ямар ч асуудалд оролцохгүй, тэр тусмаа төсвийн тодотголыг хэлэлцэхгүй гэж байсан.
-АН-ынхантай ярилцаж зөвшилцөөд хэлэлцэхээр болсон.
-Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлын 50 хувийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр төлөх хуулийн төслийг мөн л хойшлууллаа. Энэ нь үнэлгээтэй холбоотой гэж байсан?
-Уг нь төсвөөс нийт хохирлын 50 хувь болох 34 тэрбум төгрөгийг олгохоор төсөвлөсөн байсан. Гэтэл хамгийн сүүлийн үнэлгээгээр битүүмжлэгдсэн хөрөнгө мөнгөний хэмжээ буурсан. Анх 46 тэрбум гэж байсан бол сая 36 тэрбум бол буураад байна. Төр мөнгөө гаргаж өгчихөөд эргээд хөрөнгийг нь борлуулаад олох орлого ашиг байхгүй болчих гээд байна. Тиймээс дахин ярилцаж нягтлах хэрэгтэй болсон.
Өнөөдрийн Монгол 148 (569)