Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулна
Уг хуульд оруулж байгаа гол өөрчлөлт нь тэтгэврийн даатгалын шимтгэл 13,5 байсныг зургаан хувиар буулгаж 7,5 хувь болгосон явдал. Ингэснээр бидний гap дээрээ авдаг цалин нэмэгдэх хэдий ч нийгмийн даатгалын санд төвлөрөх хөрөнгө хомсдох нь тодорхой. Өнөөдөр манай улсад 760 мянга гаруй ажиллагсад, 18 мянган ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлд жилдээ 280 тэрбум төгрөг төлдөг аж.
Харин шимтгэлийг бууруулснаас нийгмийн даатгалын санд гарах алдагдлыг НХХЯ-ны нөхөд 30 тэрбум төгрөгөөр тооцсон байна. Гэхдээ нийгмийн даатгалын санг нимгэрүүлж байгаа энэ 30 тэрбум төгрөгийг даатгалд ажиллагсдын хамрагдах хүрээг тэлснээр нөхнө гэж тооцжээ. Тухайлбал урьд нь тэтгэв¬рийн даатгалд хамрагддаггүй байсан гэрээт ажилчид, төслийн ажиллагсдаас нийгмийн даатгалын шимтгэл авахаар болжээ.
Мөн 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон, хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан хүмүүсийн тэтгэвэр цалингийн 40 хувьтай тэнцэж байсныг 60 хувь болгож өсгөжээ. Харин 1995 оноос хойш тэтгэвэрт гарсан, тэтгэврийнхээ хажуугаар ажил эрхэлж байсан ахмадууд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол тэтгэврийг нь шинэчлэн тогтоохоор болсон байна.
Энэ оны зургадугаар сарын байдлаар ниймийн даатгалын сан 100 тэрбум төгрөгийн хуримтлалтай гэх боловч дансандаа нэг ч төгрөггүй, бүгдийг нь төрийн нэгдсэн сан руу оруулаад зарцуулаад дуусчихсан байсан тал бий.
Тиймээс энэ мөнгөөр төсвийн цоорхой нөхөх явдлыг дахин гаргахгүй тулд төрийн нэгдсэн сангаас салгаж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн мэдэлд тусад нь байршуулах, сангийн хөрөнгийн менежментийг боловсронгуй болгож бонд гаргах мэтчилэнгээр эргэлтэнд оруулдаг байхаар хуульчилжээ. Уг хуулийн төслийг Засгийн газар өчигдөр хэлэлцээд УИХ-д оруулж хэлэлцүүлэхээр болсон байна.
Ардын эрх 149 (681)