Ослоор амь үрэгдсэн талийгаачдаа хүндэтгэн зул өргөцгөөе, өнөөдөр
Тиймээс ч 49 хоног тасралтгүй зул өргөж, талийгаачийн сүнс амар амгаланг олоосой хэмээгч диваажин хүрэх замыг нь гэрэлтүүлдэг гэдэг. Сэлэнгэ аймгийн Мандал суманд ассан түймрийн галыг унтраахаар нисдэг тэрэгтэй явсан аврагчид осолдсон эмгэнэлт явдал гарсан зургадугаар сарын 14-нөөс хойш өнөөдөр яг 49 хонож байна. Өөрөөр хэлбэл, энэ ослыг тойрсон шуугиан, үнэн худал нь мэдэгдэхгүй яриагаар монголчууд хооллоод 49 хонож байна гэсэн үг.
Хэн буруутайг хайсан элдэв яриаг түр хойш тавин ослын тааарх баримтуудыг эргэн нэг харъя.
Зургадугаар сарын 14. Сэлэнгэ аймагт гарсан гал түймрийг унтраахаар явсан ОБЕГ-ын гал сөнөөгч, аврагчдын сууж явсан Ми-8 нисдэг тэрэг сураггүй алга боллоо. Эрэл дэрвөн өдөр үргэлжлэв.
Зургадугаар сарын 17. Сүйрсэн нисдэг тэргийг оллоо. Онгоцны осолд 14 хүн амь үрэгджээ.
Зургадугаар сарын 18. Ослоос амьд үлдсэн найман хүнийг нийслэлийн Гэмтэл согогыг сэргээн засах клиникт авчрав.
Зургадугаар сарын 19. Осолдсон МИ-8 нисдэг тэргийг жолоодож явсан Монгол Улсын гавьяат нисгэгч Т.Сугар таалал төгслөө.
Зургадугаар сарын 22. Улс орон даяар гашуудал зарлаж, ослын улмаас амь үрэгдэгсдийг Алтан-Өлгийд нутаглууллаа.
Осол гараад 49 хоночихжээ. Энэ тухай манай редакцынхан тойрч суугаад харуусан ярив. Бас зөндөө бухимдлаа. Ослын шалтгааныг тогтоох комиссынхон ямар дүгнэлт гаргасныг бодохоор бухимдахгүй гээд ч яах юм.
Онгоц сүйрсэн өдрөөс хойш талийгаачдын ар гэрт анхаарал хандуулж, оршуулгын зардал, хандив, тусламж араасаа хөврөн Монголын төрөөс энгийн иргэд рүүгээ хандсан хүнлэг гэмээр дулаан илч мэдрэгдсэн нь үнэн.
Гэвч сайхан сэтгэлийн үзүүрт тос хэмээн талархая гэтэл булавч бултайж, даравч далдайх хариуцлагын асуудал ард түмнийг бухимдуулж, ар гэрийнхнийг нь нулимсанд хутган, төрийг ганхуулах дээрээ тулсан нь бас л бодит үнэн юм. Осол боллоо. Онгоц сүйрлээ. Харин хариуцлагыг хэн үүрэх, осолд хэн буруутай вэ гэдгийг тогтоох хамгийн чухал асуудал өдрөөс өдөрт үл ойлгогдох зам руу орсоор, эцэстээ харсаар байтал харицлага тооцох аргаа холбогдох хүмүүс өөрсдийнхөөрөө зохиох гэсэн ичгүүртэй дүр зураг ажиглагдах болов.
Уржигдар гарсан Ми-8 нисдэг тэрэгний ослын дүгнэлт одоо миний өмнө байна. Онгоцны хар хайрцаг болон онгоцны гишүүдийн яриаг бичдэг магнитофон нь ажиллаагүй болохоор хэний ч яриа бичигдээгүй, юу болсныг нь мэдсэнгүй. Ямар ч байсан хүний хүчин зүйл, цаг агаараас шалтгаалж онгоц осолдсон юм байна. Нисэхийн салбарын боловсон хүчин хангалтгүй байна. Манай Улсын нисэхтэй холбоотой хуулиуд хоорондоо зөрчилтэй, ойлгомжгүй байсан юм байна.
Гэхдээ бид нисдэг тэрэг хамгийн сүүлд буусан газрыг олж тогтоогоод дараа нь тэдний ниссэн байх хамгийн өндөр магадлалтай маршрутаар буцаж нисээд онгоц сүйрсэн яг тэр газрыг олж тогтоосон. Цаашид ийм аймшигтай осол гарахгүй байхыг онцгой анхааруулж байна ч гэх шиг. Уучлаарай энэ чинь юу гэсэн үг вэ. Телевизээр өчнөөн удаа харсан тодоос тодорхой дүр зургийг, онгоцыг тэдэн онд үйлдвэрлэжээ гэсэн хэдэн тоо нэмээд манай хууль буруутай байж, нисэхийнхэн тэр аяараа урсгалаараа явж байсны хар гай гээд хэлчихсэнийг ослын шалтгаан тогтоох комиссын дүгнэлт гэж итгэж суух тэнэг хүн байх уу.
Хууль нь гажигтай байдаг юм байж. Бусад нь угаасаа л ил бай¬сан, зүгээр л бидний хоорондоо ярьж байсан дэндүү тодорхой өгүүлбэрүүд…Хэлж ирдэггүй гай гамшигт хэзээ ч осолдож болох ослын цорын ганц гэрч болох хар хайрцагны бичлэг хаачив. Онгоцонд, тэр тусмаа гал усны гашуун зовлонгийн өөдөөс алтан амиараа дэнчин тавин нисч яваа аврагчдыг яахаараа ажилладагүй дуу хураагууртай, ашиглагддаггүй хар хайрцагтай онгоцонд суулган ойд цөлөв.
Хохирогчдын ар гэр, тэдэнтэй хамт элгээ эмтлэн гашуудсан ард түмэнд одоо энэ асуултын хариу л хэрэгтэй байна. Осолд хэн буруутай юм бэ. Засгийн газрын тэргүүн нь үү, Онцгой байдлын сайд уу, онгоцны нисгэгч, эсвэл цаг уурчид уу? Арай л ойд ассан түймэр, аглаг битүү ой тайга, унтраагаад өгөх юм бол эртхэн орохоо хэлээгүй бороо ч бас буруутай гэж битгий хэлээсэй.
Чин хайртай амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө үхье гэж энх цагт эх орондоо хэлээд явсан зоригт эрсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн зул өргөцгөөе, өнөөдөр.
Ардын эрх 149 (681)