Үзээгүй юмаа үзэцгээе, үхэр тэргээр туулай гүйцэцгээе
Энэ хүн лав чөтгөр, шулам хараад ийн хэлэхгүй. Ад, зэтгэр, луу энэ тэртэй уулзсан, харсан хүн манайд зөндөө байдаг учраас сонин биш. Бас адгуус амьтдын араншинг хараад ингэж гайхахгүй. Цирк гэдэг юм амьтдаас юу ч гарч болохыг харуулаад өгчихдөг. Тэгвэл мань нөхөр тээр дээр үед чухам юу хараад ийнхүү дуу алдсан юм бол, зайлуул.
Одоо харин манай амьдрал ийн дуу алдах зүйлээр тун баян байна. Жишээ хэлэх үү. Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бэхбат сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр АН-ын дарга Ц.Элбэгдоржийн Хархорины орчим осолдсон машины талийгаач жолоочийн нэр дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа хэмээн ярьсан байв. Магадгүй цагдаагийн мэргэжлийн хэллэг нь ийм байж болохыг үгүйсгэхгүй.
Гэхдээ л талийгаачийн нэр дээр эрүү үүсгэнэ гэхээр нэг л хачин санагдаад ёстой нөгөө үзээгүйгээ үзлээ гэмээр санагдаад буй билээ.
Хөндлөн замын далан дээр мотоциклтой хоёр хүн машин өнгөрөхийг хүлээгээд зогсч байтал нөгөөх нь өнхрөөд өгснийг цагдаагийн хурандаа батлан хэлсэн байна лээ. Гэтэл Ц.Элбэгдорж нэг болохоор гэрэлгүй мотоцикль гэнэт хажуугаас нь гарч ирсэн ч юм шиг, урдаас нь гараад ирсэн ч юм шиг, элдэв юм хольж хутган ярьсан нь ийнхүү худлаа болох нь батлагдаж, бас л бидэнд үзээгүй юмыг маань үзүүлээд орхив бололтой.
Гэвч энэ бүхэн юу ч биш. Элбэгээ дарга осол болохын өмнө, Хурдаа тохируул. Болгоомжтой яв хэмээн хэлэхийг хэн нэгэн тун сайн сонсчээ. Гэхдээ яг хэн бэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч нэгэн хий үзэгдэл гэмээр юм Өвөрхангайн цагдаагийнхан дээр ирж, энэ тухай хэлснээр бидний үзээгүй юмаа үзсэний тоо ийнхүү бас дахин нэгээр нэмэгдэж байгаа юм.
Түүнээс гадна Өвөрхангайн цагдаагийнхан Ц.Элбэгээ дарга арын суудал дээр сууж явсныг тогтоосон гэжээ. Тэд суудлыг үнэрлээд тогтоов уу, эсвэл суудлынх нь ор хонхойгоод байсан тул ийн тогтоов уу гэдэг бас л сонин. Эс бөгөөс нөгөө хий үзэгдэл харсан юм болов уу.
Ер нь манайд эдүгээ үзээгүй юм гэж үгүй болж байгаагийн нэг жишээ энэ. Цаана нь зөндөө юм бий.Тухайлбал, хэдэн зуун километрийн цаана явж байгаад мөргөлдсөн хоёр вагоны гол буруутан нь хотод сууж байгаа сайд нь болж байх жишээтэй. Энд хувь хүний хариуцлага, түүний шууд удирдах дарга, даргын дарга, түүний дарга нар огтхон ч хамаагүй. Ганцхан сайдл буруутай байдаг. Онгоц уналаа гэхэд мөн л ийм дүр зураг давтагдах. Хэн нэгэн дурак бөөн шуугиан тарьж байгаад, дээр дороос нь шахаж байгаад тендерт ялаад, нөгөөх нь бүтэхгүй болохоороо зугтаад явчихсаны хариуцлагыг нөгөө л муу сайд хүлээх.
Буман нарны гэр төслийн тендерийг хар. Америкийн паспорттай солонгос авгайд өгсөнгүй гээд л цамнаад байсан хүмүүс, өнөөдөр яагаад чи тэр муу солонгост өгөв, лав тэр чиний садан төрлийн хүн байх хэмээн харайж явах юм.
Үзээгүй юмаа үзэж байгаагийн жишээ үүгээр дуусахгүй. Өнөөдөр чинь осол аваарь, өвчин зовлон, гай гамшиг хүртэл намын харьяалалтай болсон байна. Түймэр гарлаа гэхэд түүнийг тавьсан хүмүүс огтхон ч буруугүй. Тээр хол Заамарт нинжа шороонд дарагдлаа гэхэд нөгөө л лайтай сайдын буруу. Рашаан булагтаа өмд хамдаа угааж байгаад бузартуулан ширгээсний буруутан мөн л сайд. Гудамжинд архичин хулигаан хүн нүдээд хаячихлаа гэхэд бас л сайдын буруу.
Харин гал тавьсан, гол ус ширгээсэн, богооноо мөргөлдүүлсэн, онгоцоо унагаасан, луйвардсан, дээрэмдсэн хүмүүс бараг л гавьяа цол хүртэх нь халаг болж, бидэнд үзээгүй юмыг маань өдөр бүр шахам үзүүлэх ажээ.
Юм бүхэн улстөржөөд ирэхээр ийм болж байна. Одоо шөлийг сэрээдээд сууж байгаа хүнийг хараад нэг их гайхахааргүй боллоо. Нэг долларыг гудамжинд 50 центээр худалдаж байхад гайхах хүн гарахааргүй болов. Мөн үхэр тэргээр туулай гүйцэн цохиж алах хүнийг хараад хэн ч гайхахгүй. Тэртэй тэргүй хөөрхий муу туулайд явах газар, идэх хоол хомсхон болсон учир урьдын адил дэгдэж дэгдгэнэхээ больсон. Тэгэхээр цөмөөрөө улам бүр үзээгүй юмаа үзэж, үхэр тэргээрээ туулайгаа гүйцэн баяр цогтойгоор сайхан, уран гоё хэрэлдэн амьдарцгаая.
Монголын мэдээ 147 (2179)