Б.Батсайхан Төрийн өмчит сургуулиудыг бүгдийг нь хувьчилж болохгүй

Хүн болгон л болсон, болоогүй сургуульд сурч, мэргэжил эзэмшсэн болоод тухайн сургуулийг дүүргэж байна. Манай улсад магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд их байгаа. Гэтэл сүүлийн хэдэн жил улсын гэсэн хэдэн сайн сургуулиудаа хувийн хэвшилд маш их шилжүүлж байгаагаас сургалтын чанарын асуудал ч давхар яригдах болсон. Харин тухайн сургуулийг төгсч гарч ирж байгаа боловсон хүчнүүд нь ямар ч чадваргүй байна. Үүнээс гадна хувийн сургуульд сураад гарч ирж байгаа оюутнууд маань олон улсад мэргэжлээ дээшлүүлэх, магистр болон докторын сургалтад суралцах ямар ч боломжгүй байдаг. Тэгэхээр манай оюутан залуучууд гадаад орнуудад сурах боломжоо бүрэн алдаж байна гэсэн үг юм. Ингээд бодоход ганц хоёр хүний эрх ашгаас болж Монголын залуучуудын эрх ашиг зөрчигдөхөөс гадна, манай улсын залуучууд олон улсын хэмжээнд ажиллах чадвартай болж чадахгүй байгаа нь маш их харамсалтай юм.
Саяхан манай улсын гэх тодотголтой Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг хувийн хэвшилд шилжүүлсэн. Харин оюутан залуучууд нь энэ асуудал дээр сөрөг байр сууринаас хандсаны хүчинд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль нь эргээд төрийн өмчийн сургууль болсон. Харин өнөөдөр энэ сургуулийг бас л нэг шунахай сэтгэлтэй, ард түмнийхээ ирээдүй хойчийг боддоггүй, мөнгөөс болж эх орноо ч худалдахаас буцахгүй энгийн нэгэн наймаачин хувьчлах санаа өвөрлөж байгаа нь юутай харамсалтай билээ. Тухайн сургуулийн захирлын нэр төрийг гутаахаас гадна, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэр төрийг нь гутаан доромжилж, үүгээр зогсохгүй сургуулийн хөрөнгийг хувьдаа завшуулж байна. Түүнчлэн төрөөс багш, ажилчдын цалинг нэмж байхад, багш ажилчдын цалинг нэмэхгүй байна гэх мэтээр бичиж, ярьж байгаа нь зүгээр нэгэн наймаачны сэтгэлгээтэй хүн л төрийн өмч рүү шунахайрч байгаа нь тодорхой бус уу. Хэрэв боловсрол өндөртэй, ухаантай хүн адаглаж төрийн өмч рүү шунахайрахаар болбол арай өөр арга буюу хууль ёсоор нь авахыг бодох нь тодорхой бус уу, ийм байдлаараа удаан явах юм бол, тун удахгүй ямар нэгэн гадаад орны боловсролтой хар ажилчин нь болох нь дамжиггүй юм. Үнэхээр ийм асуудал байгаа эсэх талаар Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн захирал, доктор, дэд профессор Б.Батсайханаас тодрууллаа.
-Таныг Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн хөрөнгийг хувьдаа завшуулсан гэх мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацагдсан. Энэ талаар эхлээд ярилцах уу?
-Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль нь төрийн өмчийн сургууль. Санхүүгийн хяналтын боловсролын байгууллагын боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2007 оны зургадугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар 10 жилийн хугацаатай итгэмжилж, 2-27 тоот гэрчилгээ авсан. Манай сургууль санхүүгийн тайлангаа 2007 оны 12 дугаар сарын 31-нд тайлангаа өгөөд дуусчихсан байдаг. Бүтэн жилийн үйл ажиллагааны үр дүн болон мөнгөн гүйлгээг санхүүгийн тайлангийн олон улсын стандартын дагуу Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухайн хууль, холбогдох дүрэм журамд нийцүүлэн үнэн шударга илэрхийлсэн байна гэсэн дүгнэлтийг 2008 оны гуравдугаар сарын гуравны өдөр албан бичгээр ХҮДС-ийн ТУЗ-д ирүүлсэн.
-Төрөөс багш, ажилчдын цалинг нэмсэн. Гэтэл таныг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж багш нарын цалинг зөвхөн 10-15 хувь л нэмсэн гэсэн?
-Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн удирдах зөвлөлийн энэ оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн тавдугаар тоот тогтоолд цалингийн сүлжээг шинэчлэн тогтоож, дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн мөрдөхийг Худалдаа, үйлдвэрийн дээд сургуулийн захиралд зөвшөөрсөн. Хэрэв багш, ажилчдын цалинг нэмээгүй тохиолдолд өдийд ямар нэгэн байдлаар хичээл завсардсан асуудал бий болсон байна шүү дээ. Харин хувийн хэвшлийн зарим сургуулиуд багш нарынхаа цалин хөлсний асуудлыг нэмж хасах бүрэн эрхтэй байдаг. Төрийн өмчит сургуулиудад бол төрөөс цалин, мөнгөний асуудлыг шийдэж өгдөг учир багш нарын цалинг тухайн сургуулийн захирал нэмж олгохгүй байна гэсэн асуудал огт байхгүй.
-Албан газрын нэг өрөөнд маш олон ажилчдыг байлгадаг гэсэн?
-Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүнд сурталгүй үйлчилгээг иргэдэд үзүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгааг онцлон дурьдмаар байна. Мөн Засгийн газрын 128 тогтоолыг хэрэгжүүлэх, төсвийг хэмнэж, зардлыг багасгах зорилгоор төрийн бүх шатны байгууллагууд авч явуулж байгаа. Хамгийн гол нь оюутан суралцагчид нэг дороос сургалтын бүх үйлчилгээг авч байгаагаараа цаг хугацаа хэмнэж байгаа олон давуу талтай юм. Хуучин хичээлийн хоёр байрны хооронд багш, оюутнууд гүйж цаг хугацаа их алддаг байсан бол одоо энэ асуудал байхгүй болсон. Утас, интернэт зэрэг урсгал болон захиргааны зардлууд их гарч байсан. Харин одоо энэ зардал ихээхэн хэмжээгээр багассан эерэг үр дүн гарсан. Манай сургуулийн оюутны дотуур байр 1963 онд анх байгуулагдсанаас хойш сурагчдын ор нэг ч удаа шинэчлэгдээгүй байсныг шинэчлэх ажил эхлээд байгаа. Энэ асуудлыг хамгийн түрүүнд хийхгүй бол оюутнууд бөгтгөр болох, хөдөлгөөний эрхтний буруу хөгжилтэй болох сөрөг асуудал үүссэн байсан учир энэ ажлыг цаг алдалгүй зайлшгүй хийх хэрэгтэй юм. Нэг зүйлийг сайн анхаараад харвал их, дээд сургуулийн дотуур байранд байсан залуучуудын ихэнх нь бөгтгөрдүү болсон байдаг шүү дээ.
-Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн багш, ажилчин нарыг байнга дарамталж, түүнчлэн байнгын камераар хянаж байдаг гэсэн. Энэ талаар тодруулах уу?
-Дэлхийд хяналтын систем өндөр хөгжсөн орнуудад хулгай дээрмийн хэрэг харьцангуй бага гардаг. АНУ-д өмнө нь ерөнхий боловсролын сургуульд алан хядах үйл ажиллагаа болж, олон сурагчид амь насаараа хохирсон харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийг шүүх хуралдаан саяхан болж шүүхийн шийдвэр гарсан. Харин тухайн эмгэнэлтэй хэрэг болсон сургуулийн захирал байгууллагадаа хяналт хангалттай тавьж ажиллаагүй гэсэн шалтгаанаас болж гэмт хэрэгтэн болсон. Манай сургуулийн хувьд бүх анги, танхим болон нэг үйлчилгээ явуулдаг газруудад тухайлбал, оюутнуудын уншлагын заал, коридорт гэх мэт газарт камер суулгасан. Хэрэв огт камергүй байх юм бол оюутнууд хоорондоо зодолдох, түүнчлэн хичээл таслах гэсэн сөрөг асуудлууд бий болно шүү дээ.
-Маш их хэмжээний мөнгөөр эвдэрхий хуучирсан компьютер сургуульдаа авч тавьсан нь ямар учиртай юм бэ?
– Оюутнууд тэр бүр уншиж, мэдэх гэсэн номоо нэг дороос олж авах боломжгүй байдаг шүү дээ. Тийм учраас онлайн танхимыг бий болгосноор цаг алдалгүй номуудыг хурдан олж авах маш давуу талтай юм.
-Мөн иргэн Гантулгаас их хэмжээний мөнгө хууль бусаар авсан гэх асуудал сүүлийн үед хэвлэлээр их гарлаа?
-Энэ бол цэвэр гүтгэлэг юм. Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандчихсан байгаа. Сүүлийн үед хэвлэл, мэдээлийн хэрэгслээр ямар ч нотлох баримтгүйгээр хувь хүн болон албан тушаалтан нарын нэр хүндийг гүтгэн доромжилсон асуудал их гарч байна. Тухайн хүн үнэхээр буруутай үгүйг шүүх тогтоосон нөхцөлд тухайн хувь хүнийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хэвлэн нийтлэх асуудал харин байж болох шүү дээ.
-Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг хувийн хэвшилд шилжүүлэх гэж байгаа юм уу?
-Сүүлийн хэдэн жил төрийн өмчит сургуулиудыг олноор хувьчилж байгаа нь их харамсалтай байна. Үүнээс гарах сөрөг явдал маш их. Тухайлбал, хувийн сургууль төгесөн манай иргэд гадаадад мэргэжил дээшлүүлж сурах боломжоо бүрэн алдаж байна. Ингээд бодохоор, олон улсын хэмжээнд ажиллаж чадах боловсон хүчнийг манай улс бэлтгэж чадахгүй гэсэн үг шүү дээ.
МАНАЙ СУРГУУЛЬ СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ ХЭЛ, АМНЫ БАЙ БОЛЖ БАЙГАА
Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн захирлын талаар багш, ажилчид болон үйлдвэрчний эвлэлийнхэн үнэхээр гомдол санал гаргаж, түүнчлэн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгсөн талаар Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэх гишүүд болох Ү.Дулмаа болон Д.Мягмарсүрэн нараас тодрууллаа.
-Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн захирал, багш ажилчдынхаа цалин, хөлсийг нэмдэггүй гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Манай сургуулийн багш, ажилчид болон үйлдвэрчний эвлэлийнхэн удирдах албан тушаалтныхаа талаар ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөөгүй. Үнэхээр багш, ажилчдын цалин, хөлсийг нэмээгүй тохиолдолд үйлдвэрчний эвлэлийнхэн болон багш нар өдийд өөрсдөө гомдол, саналаа хэлээд явж байгаа. Манай үйлдвэрчний эвлэлийнхнийг БСШУ-ы сайд Н.Болормаад хүртэл гомдол санал гаргасан гэх мэтээр бичсэн байсан. Үнэхээр бодит байдлыг мэдэхийг хүсч байсан бол тухайн нийтлэлийг бичсэн сэтгүүлчид яагаад бид нараас тодруулаагүй юм бэ. Ямар ч баримтгүй юм бичсэн гэхээ батлах гэж байгаа юм шиг нэргүй нийтлэл гаргасан байсан. Энэ бол Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн зөвхөн удирдах албан тушаалтны нэрийг гутааж байгаа зүйл биш, бүх багш, ажилчид болон үйлдвэрчний эвлэлийнхний нэрийг гутааж байна гэж ойлгож байна. Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг хувийн хэвшилд оруулах зорилготой хүмүүсийн хийж байгаа нэг зүйл гэж бид ойлгож байна. Манай сургууль сүүлийн тав зургаан жил хэл ам, хэрүүл тэмцлийн дунд байсан. Харин одоо л нэг тогтворжоод ирж байна. Улсын гэх ганц хоёрхон сургуулиа битгий хувьд шилжүүлээч ээ, энэ олон багш, ажилчид болон оюутан залуучуудыг битгий хохироогооч ээ л гэж хэлмээр байна.
Б.Гуахалиун
Дугаар 111/2398/