Шатахууны үнийг бууруулсан ч өргөн хэрэглээний барааны үнэ буурахгүй гэнэ үү

үнэ галзууруулах шахаж байгаа юм. Үүнийг С.Баярын Засгийн газар хараад суусангүй. Чадах ядахаараа л шат дараалан арга хэмжээ авах гэж оролдож байгаа ч дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа гэх. Тиймээс Засгийн газар үнийн хөөрөгдлийг барьж дийлэхгүй нь гэдгээ олон нийтэд мэдээлсэн билээ.
Харин өнгөрсөн баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, оруулах тухай хуулийн төсөл, тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.
Асуудлын гол нь гаалиар орж ирж буй шатахууны гаалийн татварт хөнгөлөлт үзүүлэх тухай байв. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа онцгой албан татварын тухай хуулиар бол гаалийн тарифийг өөр өөр мөрдөж байгаа гэх. Тухайлбал, Цагааннуур, Булган, Бургастай, Гашуунсухайт зэрэг боомтуудаар орж ирсэн шатахууны тонн тутмаас буюу А80-аас 11, дизель түлшнээс 12 ам.долларын албан татвар авдаг байна. Харин Ханх, Замын-Үүд зэрэг боомтуудад 21, 19, 33, 48 ам.долларын албан татварыг авдаг аж. Үүнээс хамгийн өндөр татвартай нь дизель түлш гэдгийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын, газрын дарга н.Амарсайхан мэдээлж байлаа.
Харин Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү тогтоосон татварт хөнгөлөлт үзүүлэх юм бол А80 түлш 280 төгрөг, А92 түлш 249 төгрөг, дизель түлшний үнэ 274 төгрөгөөр буурах боломжтой гэдгийг танилцуулав. Гэтэл З.Энхболд гишүүн эсрэг байр суурьтай буйгаа илэрхийлж байлаа. Бусад гишүүдийн хувьд шатахууны татварыг хөнгөлснөөр жижиглэнгийн үнийг тодорхой хэмжээнд барьж, үнэ бууруулах боломж бий эсэх асуудлыг тодруулж байв. Албаны хүмүүс Шатахууны үнийг бууруулснаар бусад өргөн хэрэглээний барааны үнэ буурахгүй. Харин өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа үнийн өсөлтийн хурдцыг сааруулах боломжтой гэдэг тайлбарыг хийж байсан юм.
Тэгтэл бензин, шатахууны үнийг бууруулах, тодорхой түвшинд барьснаар өргөн хэрэглээний барааны үнэ буурахгүй бол хөнгөлөлт үзүүлэх хэрэг байна уу гэх санал гаргах гишүүн ч байв. Тэртэй тэргүй дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсч байхад манай улс ОХУ-ын зах зээлээс доогуур ханшаар авч байгаа. Бусад улс орнуудыг бодвол харьцангуй хямдхан гээд л… Үйлдвэр худалдааны сайдын мэдээлж байгаагаар ОХУ Азийн бусад орнуудад шатахуун экспортлохдоо манай улсад өгч байгаагаас 11-12 хувиар өндөр үнээр зардаг. Харин Монгол Улс ОХУ-ын дотоодын үнээс хоёр хувиар доогуур авч байгаа аж. Хэрэв татварын хөнгөлөлт үзүүлэх юм бол 17-18.5 хувийн өсөлтийг барих, зохицуулалт хийх боломжтой гэдгийг онцолж байлаа. Дээрх мэдээллийг Үйлдвэр худалдааны яам болон Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын мэргэжилтнүүд мэдээлсэн боловч гишүүдийн хувьд итгэл, үнэмшил гээч зүйл байхгүй болсон гэсэн байр сууринаас хандах нь тэр.
Өөрөөр хэлбэл, үүний урьд нь гурил, улаан буудайн албан татварыг чөлөөлөх юм бол гурилын үнэ буурна гэсэн үүднээс шийдвэр гаргасан. Гэтэл гурилын үнэ буурах нь битгий хэл улаанбуудай, гурил оруулж ирэхээр хуваарилалт авсан цөөхөн хэдэн компаниуд завшиж иргэд үнэтэй талх, гурил идэж байна. Гаргасан шийдвэр тодорхой үр дүнд хүрээгүй байтал дахин энэ алдаагаа давтаж магадгүй хэмээн болгоомжилж байгаагаа гишүүд нуусангүй.
Хуралдааны төгсгөлд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, оруулах тухай хуулийн төсөл, тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх асуудлыг зүйтэй гэж үзлээ.
дугаар 096/116