Татварын өршөөлийн хууль зургаахан сар үйлчилнэ

алдагдалгүй гарчээ. Үүний ачаар төсвийн байгууллагын ажилтнуудын цалин 3,5 , тэтгэвэр 3,1 дахин нэмэгдэв. Амьжиргааны баталгаажих доод түвшин 108 мянган төгрөгт хүрэв.
Энэ бүхнийг хэн бүтээж бий болгосон бэ. Монголын хувийн хэвшлийнхэн. Тэд Итгэлт баяны хэлдэг шиг Тамирын голын мөсийг долоох шахам байж олсон жаахан хөрөнгө, өдөр шөнөгүй ажилчин зөгий мэт зүтгэснийхээ хүчинд Монгол Улсыг өдий зэрэгтэй болгосон гэж болно. Монголын үндэсний нийт бүтээгдэхүүний 80 хувийг хувийн хэвшлийнхэн бий болгож байна гэдгийг дуртай ч дургүй ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.
Үнэндээ үндэсний хэдхэн үйлдвэр л ачааны хамаг хүндийг нуруундаа үүрч байсан цаг саяхан. Хуруу хумсаа хуйхлан байж олсон орлогынхоо бараг 40 хувийг татварт төлнө. Дээр нь гаалийн, нэмэгдсэн өртгийн албан татвар, ажилчдын эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл гээд бараг зуун хувийн татвар төлдөг байв. Үйлдвэрийнхээ техник, технологио сайжруулмаар, тоног төхөөрөмжөө шинэчилмээр, ажилтнуудынхаа цалинг нэммээр байдаг. Хяналт шалгалт нэрээр бамбай хийсэн төрийн авлигач түшмэдүүдийн давааг давах гэж үйлээ үзнэ.
Монголын урдаа барьдаг нэг компани хоёрхон жилд зөвхөн зээлийн хүүд 320 сая төгрөг төлсөн баримт ч байна. Хэрвээ Монголын төр, засаг хувийн хэвшил, үндэснийхээ бизнесменүүдээ анхнаасаа дэмжсэн бол ийм эмгэнэлт байдалд хүрэхгүй байсан гэдгийг Монгол Улс Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойших 18 жилийн үйл явц, түүх бэлхнээ харуулж байгаа юм. Одоо ч ийм байдал бахь байдгаараа тод жишээ бол Татварын өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг парламентын гишүүдийн олонхи эсэргүүцсэн явдал. Энэ бол манай төр, засгийн томчуул аман дээрээ үндэсний үйлдвэрээ дэмжье энэ тэр гэж манжилдаг ч ачир дээрээ хуруугаа ч хөдөлгөдөггүйн нотолгоо болж байна.
Монголын түүхэнд Татварын өршөөлийн тухай хуулийг анх удаа хэрэглэх гэж байгаа явдал юм. Үүний эцсийн үр дүнг эдийн засгийн талаас нь тооцоолж үзвэл чамлахааргүй. Өршөөлийн тухай хуулийг мөрдвөл 210 тэрбум төгрөгийн татварын өрийг чөлөөлөх болж байна. Ингэснээр дотоодын нийт бүтээгдэхүүнийг 40 хувиар өсгөнө гэж тооцож байгаа аж. Одоогоор татвар төлдөг 50 мянган аж ахуйн нэгж, байгууллага, 600 мянган иргэнээс 25 мянга нь татварын өртэй аж. Нийтдээ 11 төрлийн татварын өрнөөс чөлөөлөгдөх гэнэ. Хамгийн наад захын жишээ гэхэд ангийн бууныхаа, машиныхаа татварыг ганц жил төлөөгүй хүн ч энэ өршөөлд хамрагдах юм. Тэгэхээр энэ хууль олон хүнд буян болох нь дамжиггүй. Нэг чухал нь өршөөлийн гэдгээрээ ихээхэн онцлогтой.
Ерөнхий сайд С. Баяр, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар нар зарим бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэх, НӨАТ-ыг хойшлуулах, гурил мэтийнхийг бүрмөсөн чөлөөлөх, арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах зэрэг сэдвээр уулзахдаа үндэсний үйлдвэрлэгчдээс нэгийг ч оролцуулаагүй. Энэ мэтээр үндэснийхээ үйлдвэрлэгчдийн эсрэг зүтгээд байгаа төр, засгийг хатуу хахир зантай хойд эхтэй зүйрлэхээс яах вэ. Цаашид ийм маягаар хандвал үндэсний хэдэн үйлдвэр маань тун удахгүй дампуурч, хаалгаа барих эмгэнэлт хувь тавилан хүлээж байна. Хуулийг ердөө зургаахан сарын хугацаанд мөрдөх юм. Одоо энэ хуулийг баталчихлаа татварын өртэй аж ахуйн нэгж, иргэд хоёр сарын дотор амжиж асуудлаа шийдүүлж чадах хэрэгтэй. Уг нь ингэж чадвал үндэсний үйлдвэрлэлээ өргөтгөж, техник тоног төхөөрөмжөө шинэчилж, үгүй ядаж ажиллагчдынхаа цалин хөлсийг бага ч болов нэмэх бололцоотой болно. Энэ хуулийг нэг л удаа хэрэглэх боломжтой. Дахиад ийм хууль гаргахгүй учиртай.
Н.Лхагва
дугаар 096/116/