Онцгой албан татвараа 0 болгочихвол литр бензиний үнэ 40 төгрөгөөр буурна

тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн хурлаар хэлэлцэхийг дэмжив. Хямд үнэтэй шатахуун хэрэгтэй байна. Тиймээс татваруудаа зүгээр л тэглэчих. Дэлхийн зах зээл дээрх үнийг харж байгаад эргээд өөрчилж болно гэсэн саналыг УИХ-ын гишүүн Л.Гантөмөр хэлэв. Харин эрхэм гишүүн З.Энхболд Бүх хүмүүст хямд бензин хэрэглүүлэх гээд зүтгээд байх юм. Уул уурхайн үйлдвэрлэлийн ид ачаалалтай цагт татвар тэглэх нь муу арга. Харин татварын хөнгөлөлтөө нийтийн тээвэр, хотын тээвэр зэрэг газарт нэр зааж өгье гэсэн саналыг хэлж байлаа. Мөн тэрбээр зүүн гурван аймгийн шатахууны хэрэгцээг Тамсагийн түүхий тосны үйлдвэрээс яагаад хангаад байж болдоггүй юм гэсэн асуултыг ҮХ-ны сайд Х.Наранхүүд тавьж байсан. УИХ-ын гишүүн С.Ламбаа Цаг хугацааны хувьд татварыг ингэж дээш, доош нь буулгах нь татвар бууруулж байгаа арга биш. Харин зохицуулалт хийж байгаа хэрэг юм. Засгийн газар бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг гэнэтхэн, гэнэтхэн тэглээд байхад үүсэх сөрөг нөлөөлөл их бий гэсэн санааг хэлсэн.
ҮХ-ны сайд Х.Наранхүүгээс энэ асуудалтай холбогдуулан тодруулга авлаа.
-Газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ дээр хөнгөлөлт үзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж дэмжлээ. Хуулийн төслийн гол зарчмыг тайлбарлаж өгөхгүй юу?
– Газрын тосны бүтээгдэхүүний хил дээр орж ирсэн үнэ дээр нь дөрвөн төрлийн татвар орж ирдэг. Гаалийн, онцгой, тээврийн хэрэгсэл, НӨАТ гэсэн татварууд байдаг. Энэ татваруудын үнэ хэрэглэгчдийн гарт очих бүтээгдэхүүнд нэмэгдэж очно. Мэдээж улсын төсвийг бүрдүүлэх чухал эх үүсвэр. Онцгой албан татварыг тансаг хэрэглээн дээр тогтоодог. Гэтэл өнөөдөр шатахуун тансаг хэрэглээ биш, хүн бүрийн хэрэглээ болчихоод байна. Тиймээс татваруудыг багасгах шаардлага байгаа юм. Өнөөдрийн байгаа татварыг дээш, доош болгож зохицуулдаг бололцоог Засгийн газарт олгооч ээ гэсэн гол агуулгаар асуудлыг оруулж байна. Тэгэхээр ийм, тийм болно гэсэн тодорхой хувилбарыг хэлэхгүй байгаа учир нь үнийн өсөлтийг цаашид яаж хэлбэлзэхийг хэлэх боломжгүйтэй холбоотой юм. Хэрэв үнэ гайгүй тогтворжвол зохицуулалт бага хийх болно. Харин cap, сардаа арав хорин хувиар өсөөд явчихвал энэ механизмыг Засгийн газар нь нэг, хоёр удаа хэрэглээд, цаашид хэрэглэх боломжгүй болно. Цаашид үнээ өсгөхөөс өөр аргагүй. Тиймээс нэлээд уян хатан бодлого юм. Тэгэхээр өнөөдөр шатахууны үнэ хэд болох юм гэж асуух нь эцсийн эцэст гадаад зах зээл дээр газрын тосны үнэ хэд болох юм гэж асууж байгаатай адил юм. Бид өөрсдөө үйлдвэрлэгчид биш, бүрэн хараат хэрэглэгчид болохоороо үнэ тэд эд болно гэж хэлэх боломжгүй юм.
-Төслийн дагуу бол татваруудыг хэдэн хувь хөнгөлөх хувилбарууд байна вэ. Сая сонсч байхад 38-0 хувь хүртэл хөнгөлөх талаар ярилцаж байсан?
– Жишээлбэл, онцгой албан татвар дээр одоогийн байдлаар 38 ам.доллар байх ёстой гэж бичсэн байгаа. Тэгэхээр энэ хувийг тодорхой хувиудаар 0 хүртэл буулгах боломжийг Засгийн газарт өгөөч ээ гэж байгаа хэрэг юм.
-Энэ асуудлыг шийдэх гэсээр байтал чуулган завсарлах нь. Үнийн өсөлт биднийг хүлээхгүй гэж бодож байна?
– Энэ УИХ тараад дараагийнх нь байгуулагдах хүртэл хоёр сарын ажил байна. Гэтэл энэ хугацаанд үнэ хэрхэн хэлбэлзэж, хэрэглэгчдийн нуруун дээр ямар үнэ буухыг хэлж мэдэхгүй байна. Харин энэ хооронд нь Засгийн газар асуудлыг шуурхай зохицуулах эрхтэй байх хэрэгтэй байна.
-Чуулганы танхимд зарим гишүүн төслийг дэмжихгүй байгаагаа хэлсэн. Өөрөөр хэлбэл, тодруулах зүйл их байна гэж байсан?
– Нарийн яривал гишүүдэд тараасан материал дотор хангалттай тооцоо, судалгаа бий. Тиймээс гишүүдийг тараасан материалтайгаа хангалттай танилцаач ээ гэж хүсмээр байна.
-Та тодорхой тооцоо судалгаанаасаа жишээ татаж хэлэхгүй юу?
– Тооцоонуудыг харж л хэлэх хэрэгтэй байна. Тухайлбал, онцгой албан татвар 38 ам.доллар. Үнийн өсөлт өндөр байх юм бол 38-аа 0 болгочихож болно. Тэгэхээр тонн дээр 38 ам.доллараар багасна гэсэн үг. Үүнийг нэг литр дээр шилжүүлээд тооцоход ойролцоогоор 40-өөд төгрөгөөр буурна гэсэн үг.
– Компаниудтай гэрээ байгуулах шаардлагатай юу?
– Компаниудтай гэрээ байгуулах шаардлагагүй. Компани оруулж ирдэг үнээрээ л оруулж ирнэ. Харин компаниас татвар авдаг байснаа болино.
– Газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, нөхөн татаас олгоход улсын төсвөөс 295 тэрбум төгрөг шаардлагатай тухай ярьж байсан. Үүнийг тодруулж ярихгүй юу?
– Энэ мөнгө нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгө. Хоёр сарын нөөц бүрдүүлэхэд 190 тэрбум төгрөг, гурван сарын нөөц бүрдүүлэхэд 250 гаруй тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө шаардагдана. Гэхдээ энэ нь нэг удаа эргэлт буцалтгүй авч байгаа хөрөнгө биш. Эргээд төсөвт очно.
Г.Энх
Дугаар 111/2398/